Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Нийслэл хотын хувьд аль болох иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, гадагшаа дотогшоо гарч салхилах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх, ажил амьдралыг нь цаашид хэвийн үргэлжлүүлэх, аль болох хориг саад тавихгүй гэх байр суурь баримтлан ажиллаж байна.
Шинэ төрлийн коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд давхардсан байдлаар нийт 6790 алба хаагч 24 цагийн турш болон бусад хэлбэрээр ээлж цагаа зохицуулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн орох гарах 9 товчоогоор 118 албан хаагч хяналт тавьж, бүртгэл хийж, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Өчигдөр өглөөний 8 цагаас өнөөдөр хүртэл 85418 иргэн Улаанбаатар хотоос орсон, гарсан. Нийт 24966 автомашин зорчсон тоон мэдээлэл байна.
Урин дулаан цаг ирж байна. Иргэд агаар салхинд гарахдаа нэг дор цугларч, эрсдэл гаргах нөхцөл байдал үүсгэж байна. Иргэд дотоодод халдвар тархаагүй болохоор бүх зүйлийг чөлөөтэй байлгах саналыг ирүүлж байгаа. Ажил амьдрал хэцүүдлээ гэх санал гомдлууд ихээхэн ирсэн. Тухай бүрт нь зохих ёсоор хариу өгч, иргэдийнхээ хүндрэл бэрхшээл байгаа орчин нөхцөл, ажил төрлөө урагшлуулъя гэсэн хүсэл зорилгыг маш сайн ойлгож байгаа. Өнгөрсөн хоёр сар хагасын хугацаанд маш сайн зохион байгуулалттай, тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсний үр дүнд өнөөдөр бусад орнуудтай харьцуулахад дотооддоо халдвар тархаагүй байна. Энэ нь тархахгүй, гарахгүй гэсэн баталгаа биш. Тархах, гарах асар өндөр эрсдэлүүд байна. Одоо нян, бактери ид үрждэг цаг үе. Дотоодод халдвар гараагүй байсан ч биднээс үл шалтгаалах зүйлүүдээр дамжиж энэ оны 4, 5-р саруудад халдвар гарах магадлал өндөр байна. Тиймээс ирэх хоёр сард илүү их анхааралтай, сэрэмжтэй, иргэн бүр өөрийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай байна” гэв.