Оросын төв банк арванхоёрдугаар сар гарсаар 4.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн байгаа тухай ВВС мэдээлсэн. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дахин интервенц явуулахдаа 1.9 тэрбум ам.доллар гаргажээ. Рублийн ханш уналтыг зогсоохоор тус улсын эрх баригчид нэлээд хэдэн удаа янз бүрийн арга хэмжээ авсан боловч үр дүн алга.
Рублийн ханш уналтад хүргээд буй гол шалтгааныг хоёр зүйлээр тайлбарлаж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унаж, Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсан явдал. Газрын тосны үнэ болон рублийн ханш уналт хоёрыг хувиар авч үзвэл үндсэндээ тэнцчихээд байгаа. Энэ хугацаанд Орост өргөн хэрэглээний барааны үнэ нэлээд өссөөр байна. Хамгийн энгийн жишээг дурдахад хайрцаг янжуур есөн рублиэр нэмэгджээ.
В.Путин Холбооны хуралд хандан үг хэлэхдээ Төв банк болон Засгийн газар хоёрт хандан рублийн ханшаар тоглож буй нөхдийн эсрэг хамтран хатуу арга хэмжээ авахыг шаардсан. Тэрээр уржигдар болсон Засгийн газрын хуралдаанд биечлэн оролцохдоо энэ сарын 1-ний өдрөөс хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 35 хувиар буурсан байхад Орост шатахууны үнэ 10 хувиар нэмэгдсэнийг дурдаад ихэд бухимдсан гэнэ. Энэ бүхнээс харахад Оросын эрх баригчид эдийн засгийн байдлаа тогтворжуулж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. 1998 оноос хойш рублийн ханш ингэж унаж байгаагүй аж.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн банкнаас судалгаа хийсэн. Тус банкны шилдэг эдийн засагчдын нэг Брижит Ханзль 2014 онд тус улсын ДНБ-д өсөлт гараагүйг гэдгийг онцолсон юм. Ер нь Оросын геополитик болон эдийн засгийн байдал тодорхой бус байгаа энэ үед тийм ч таатай ирээдүй харагдахгүй байгааг хэлсэн. Ирэх ондгадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, энэ нь барааныэрэлт хэрэгцээ багасгахад хүргэх гэнэ. Тус улсын төсвийг бүрдүүлдэг ашигт малтмал олборлодог компаниудад гаднаас хийдэг хөрөнгө оруулалт багасна. Дэлхийн банк ойрын хоёр жилд Оросын эдийн засаг ямар байх талаар урьдчилсан төлөвийг ч бас гаргаад байна. Ирэх жил дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дунджаар 78 ам.доллар байх гэнэ. Харин 2016 онд нэг баррель нь 80 ам.долларт хүрэх юм байна. Үүнээс үзэхэд, ОХУ-д2015 онд ДНБ 0.7 хувиар багасч, 2016 онд ДНБ 0.3 хувиар буурна. Тиймээс эдийн засаг нь сайжирна гэсэн найдлага төрүүлэхгүй байгаа аж.
Газрын тосны үнэ 85 ам.долларт хүрсэн тохиолдолд Оросын санхүүгийн ертөнцөд нааштай өөрчлөлтүүд гарна хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байгаа. Гал дээр тос гэгчээр “OPEC”-ийн гишүүн орнууд саяхан Вена хотноо хуралдахдаа олборлолтоо багасгахгүй гэсэн шийдвэр гаргасан.
Оросын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнөХолбооны хуралд хандан үг хэлэхдээ рублийн ханшаар тоглож буй луйварчдыг олохыг шаардсан. Энэ бүхний цаана ямар хүмүүс байгааг эрх баригчид мэднэ гэдгийг ч В.Путин онцлон хэлсэн. Гэвч уг алхам нь нөхцөл байдлыг өөрчилнө гэдэг юу л бол.
Ямартаа ч рублийн болон газрын тосны ханш унаснаас 2015 ондОХУ-ын төсөв 331 тэрбум ам.долларын алдагдалд орох аюул нүүрлээд байгааг тус улсын нэлээд хариуцлагатай ажилтан мэдэгджээ.
Ю.ДЭЛГЭРМАА