Categories
мэдээ цаг-үе

Ромын эзэнт гүрэн

Газар дундын тэнгисийг бүтэн гортиглож өнөө цагийн Испани, Португалийн нутгаас Азербайжан хүртэл сунан, хойд хил нь Шотландаас эхлэн Эфиопид дуусч байсан Ромын эзэнт гүрэн гээч нь дэлхийн хөгжлийг цэцэглүүлж чадсан гайхамшигт улс байлаа.

Аппеннины хойгт орших жижигхэн хот Ромоос эхлэлтэй энэ эзэнт гүрний үлгэр домог хаанаас ундаргатай юм бэ гэдэг дээр нэгдсэн ойлголт байдаггүй юм гэх. Аргагүй шүү дээ, өдгөөгөөс гурван мянган жилийн өмнөх явдлыг ярьж байгаа тул яаж ч энэ яг үнэн гэж барим тавим хэлж болох билээ. Гэхдээ олон хүн ярьдаг нэг домог бий. Эртний Трой хотын хамгаалагчид Ахил баатарт ялагдаад дэлхийгээр нэг таран зугтжээ. Эней хэмээх нэгэн эр өөрийнхөө бяцхан армитай ийнхүү дутааж явахдаа үржил шимтэй хөрс, үзэсгэлэнт байгальтай нэгэн нутгийн эрэгт хөлгийнхөө зангууг хаясан юм байх. Ядарч туйлдсан тройчууд тэндээ буудаллаж Альба-Лонга гэдэг хотын суурийг тавилаа. Энейн удмынхан хаан ширээнд заларч тухайн үеийнхээ араншингаар ах нь дүүгийнхээ, дүү нь ахынхаа хүүхдүүдийг баахан хороосон юм биз дээ. Нэг иймэрхүү “ордны хуйвалдааны” үеэр хоёр ихэр хүү усанд хаягдаж хөвж явахад нь гичий чоно таараад. Үүнээс цааш нөгөө Рим хотын Капитолий музейд байдаг хоёр хүүхдийг хөхүүлж буй чонын баримлын үлгэр яригдаж эхэлнэ. Хөвгүүдийн нэрийг Ромул ба Ром гэдэг, том болоод баатар эрс болж өөрсдийг нь хорлосон Амулий хааныг устгаад улсынхаа эзэд болцгоосон, дараа нь Ромул нь дүүгээ цааш нь харуулж чонотой таарсан газраа шинэ хот байгуулан өөрийнхөө нэрээр Рим гэж хаягласан хэмээх домог яригдана. Энэ өрнөл манай эриний өмнөх 753 онд тохиосон юм уу даа. Он жил өнгөрөх тусам Рим улам жавхаажиж хүрээгээ тэлсээр байлаа. Эртний Ромын түүхийн цадигийг цаашлаад үйл хэргээр нь хэдэн хэсэгт хувааж болох бөгөөд тоймловол:

Хаант засаглалын үе (754/753-510/509 МЭӨ)

Бүгд Найрамдах Улс (510/509-30/27 МЭӨ)

Эхэн үеийн Ромын БНУ (509-265 МЭӨ)

Сүүл үеийн Ромын БНУ (264-27 МЭӨ)

Эзэнт улс (30/27 МЭӨ-476 он) Принципат (27/30 г МЭӨ-235 он)

Ромын эзэнт гүрний сүүл үе. Доминат (284-476 он) хэмээн судлаачид хуваадаг.

Хаант засаглалын үед Рим ихэвчлэн латинуудын оршин суудаг эдлэн газруудыг хамардаг байсан бол эхэн үеийн Ромын БНУ орших хавьцаанаас эхлэн газар нутгаа тэлж Аппеннины хойгийг бүхэлд нь эрхшээлдээ оруулсан гэдэг. Дараа нь бага Ази, Илларий, Грек, Сири гээд дорно зүг рүү нутгаа тэллээ. Энэ үедээ дотоод дахь хагарал зөрчил нь идэвхжиж иргэний дайнд идэгдэж эхэлсэн ч гэлээ Октивиан Августын үед нам дарагдав. Тэр дотоод дахь зөрчлөө зогсоож засаг төрийн зохион байгуулалтыг “нам, лам” холилдсон буюу Принципат засаглалд шилжүүлсэн нь цэцэглэлтийг авчирчээ. МЭӨ 133 он гэхэд Ромын эзэнт гүрний мэдэлд Газар дундын тэнгисийн эргэн тойрны бүх улс багтсан байлаа. Квинт Серторий, Лукулл, Красс, Помпей хэмээх жанжнууд энэ л үеэс Испани, Сири, Англи, Галлиг галдан шатааж эзэнт гүрнийхээ эзэмшилд оруулж байв. Гэхдээ тэдэн дотроо байгуулсан гавьяагаараа Гай Юлий Цезарь тусдаа бичигдэнэ л дээ. МЭӨ 60 оноос эхлэн Галли, Германы нутгаар хойд Европын жижиг ард түмнийг дайлж дуусаад Британи арал, Африкийн хойд нутгаар МЭӨ 46 он хүртэл байлдахдаа ганц ч ялагдаагүй юм билээ. Даанч МЭӨ 44 онд ордны хуйвалдааны үр дүнд бүгд найрамдах засаглалыг санагалзсан сенатын гишүүдэд хорлогдож хорвоог орхисон гэдэг. Ромын эзэнт гүрэн Траян хааны үед цэцэглэлтийнхээ оргилд хүрч дэлхийн хамгийн том улс боллоо. Одоо тэдний мэдэлд дэлхийн хүн амын 25 хувь буюу 88 сая хүн хамаарагдах болж таван сая кв.км нутгаар хилээ зааглах болов. 117 онд дорно зүгийн Парфян гүрнийг буулган авснаар Траян хааны өөдөөс эгцэлж харах хүн ч үлдсэнгүй. Гэхдээ аливаа сэргэн мандалт гэдэг мөхлийн эхлэл байдаг хойно Траян хааныг нас барснаас хойш Ромын эзэнт гүрэн нурж эхэллээ. Парфянчууд алдсан нутгаа эргүүлэн авах тэмцлээ эхлүүлж тэдэнтэй зэрэгцээд хойд нутгийн варварууд Ромын Легионд үе үе хүчтэй цохилтууд өгөх болов. Тавдугаар зуун эхлэхэд Ромын эзэнт гүрний мөхөл дээд зэрэгтээ хүрч улмаар Зүүн, Баруун гэж хоёр хуваагджээ. Тэгээд Германы варваруудын удирдагч Одоакрын арми 476 оны есдүгээр сарын дөрвөнд баруун Ромын эзэнт гүрний сүүлчийн хаан Ромула-Августулаг хаан ширээнээс нь унагаснаар мянган жилийн түүхтэй их гүрнийг хорвоогоос арчжээ.

Ромын эзэнт гүрэн оршин тогтнох хугацаандаа дан ганц дайн байлдаанаар түүхийн хуудсаа бөглөж байсан гэвэл тун өрөөсгөл ойлголт болох юм. Барилга байгууламж, архитектур, зам харгуй, эдийн засаг, төрийн зохион байгуулалт гээд өнөө цагт өрнөд Европыг бусад тивээс ялгаж байгаа соёл иргэншлийн эхлэлийг Ромын эзэнт гүрэн тавьжээ. Тэд хэдийгээр зуу зуун жил нутаг дамжин дайн түйвээн хийсэн ч гэлээ Европын ард түмнийг бие биеийнхээ соёл заншил, мэдлэг ур чадвараасаа суралцах боломжийг бүрдүүлж өгсөн гэдэг юм байна. Тэдний ачаар өчигдөр зэрлэг омгуудын нутаг байсан газар Англи, Франц, Испани, Герман мэтийн улсууд бүрэлдэн тогтлоо. Рим тоо, хуанли, латин хэл, чулуун зам, бохирын шугам гээд одоо бодох нь ээ хүн бүхний мэддэг зүйлсийг энэ л гүрний үед амьдралд хэрэгжүүлж, хуулийг нэг хүн биш нэжгээд хүмүүс хэлэлцэж маргаж байж баталдаг жишээг тогтоож байлаа. Олон нийтийн үнэ төлбөргүй номын сан, Дунай мөрнөөс Нилийн эрэг хүртэл үргэлжлэх өнчин хүүхдүүдийн асрах газрууд, амралт сувилал гээд нийгмийн асуудал шийдсэн шинэчлэлүүдийг тоочоод байвал бас л урт жагсаалт гарна. Философичдынх нь цэцэн үгс одоо ч биднийг сургасан хэвээр. Платон, Эпиктет, Цицерон зэрэг нь цэцэн үгээр эрин үеэ чимж явжээ. Мэдээж энд Рим-Грекийн уран барилгын “шкоол” гэдэг архитекторчдын урласан орчин үеийн техник технологиор ч босгож үл барам гайхамшигт барилгуудын талаар дурдахгүй байж боломгүй. Энд Колизей яригдана, энд Римийн Пантеон яригдана, энд Помпейн театр, Константины Ялалтын аркийг дурсахгүй өнгөрч боломгүй.

“Бусдад өөрсдийгөө ойлгуулах бус бусад ард түмэн биднийг ойлгохоос өөр гарцгүй болго” гэдгийг хуулийг ягштал баримталж зургаан зууны туршид өөрөөсөө хүн хүчээр илүү өрсөлдөгчдөө өвдөг сөхрүүлэн явсан Римийн эзэнт гүрний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Зургаан зууны туршид дэлхийг чичрүүлж явсан Ромын эзэнт гүрний хүчирхэг арми, легион гэдэг нь нарийн зохион байгуулалт, дэг жаягаас бүрдэж байлаа. Гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийг элсүүлдэггүй, албан тушаал, зэрэг дэв дэвших асуудлыг зөвхөн тулалдааны талбарт гаргасан гавьяа л тодорхойлдог мэргэжлийн армитай байсан. Хорин жил үнэнчээр байлдсан нэг нь тэтгэвэрт гардаг, ингэж тэтгэвэрт гарч буй хуучин цэргээ гэр бүлээ тэжээх хангалттай мөнгө, өөрийн эзэмшлийн газар зэргээр шагнадаг байжээ.

Пантеон

Андриане хааны үед буюу 126 онд тэнгэрийн бурхдад зориулж босгосон сүм. Римийн Пантеоныг заримдаа сансар огторгуйг дүрсэлж болгосон гэлцдэг юм билээ. Орой дээрээ цоорхой тул үдийн нар тусах үедээ сүмийн голд том гэрэлт багана босгосон мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Колизей

72 оноос 80 он хүртэл баригдаж боссон 50 мянган үзэгчийн багтаамжтай амфитеатр. Иудейгийн эсрэг дайнаас олзолсон зуун мянган боолын хөдөлмөрөөр боссон энэ театрт гладиаторуудын тулаан зэргийг зохиож ард түмэндээ бэлэг барьсан Веспасиан хааны үеийн гайхамшигт бүтээл юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

One reply on “Ромын эзэнт гүрэн”

In addition, true parasitic clearance can be rigorously demonstrated only if PCR is performed using multiple tissue aspirates, such as from the spleen, not just peripheral blood 10 [url=https://fastpriligy.top/]priligy en france[/url] Among the stories she has reported have been segments from Iraq and Afghanistan, coverage of the 2004 tsunami, and very personal reporting related to Hurricane Katrina and its aftermath in New Orleans, where she lived for six years

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *