Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүд болж өнгөрлөө. Энэ үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн олон үйл ажиллагаа болсон юм.
Тодруулбал, долдугаар сарын 11-ний өдөр Монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ. Уг тоглолтыг нээлтийн үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Манай Улаанбаатар жил ирэх тусам хөгжиж байна. Монгол наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж саатжээ. Энэ өдөр бол монголчууд бид түүх, өвөг дээдсээрээ бахархаж, үндэсний соёл хувцсаараа гоёж дэлхий дахинаа эх орноо сурталчлах өдөр юм” гэлээ. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарын үдэш арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэ жил Эх орноо магтан дуулъя сэдвийн дор зохион байгуулагдаж байна” гэсэн юм. Шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилсэн уг арга хэмжээ зохион байгуулалт сайтай, харуул хамгаалалт өндөртэй, эмх цэгцтэй болж өндөрлөсөн. 00:00 цагт төрийн дууллаа эгшиглүүлж ёслолын буудлага буудуулахад наадамчдын сэтгэл маш ихээр хөдөлж байгаа нь харагдаж байв. Тэнд цугласан хүмүүс “Тайз засалт, дэлгэц, тоног төхөөрөмж, зохион байгуулалт зэрэг нь урьд нь болж байсан шоунуудаас илүү гоё болж байна, ёслолын буудлагын үзүүлбэр гайхалтай сайхан байна, дээрээс нь хайртай хамтлаг дуучдынхаа дууг сонсож нэг үдшийг сэтгэл хөөрлөөр дүүрэн сайхан өнгөрөөж байна” гэцгээж байлаа. Мөн оролцсон уран бүтээлчид дуугаа амьдаар дуулж байгаад наадамчид их дуртай байсан ба НИТХ-ын дарга Д.Баттулга энэ явдлыг сайшаан онцолж байлаа. Нэг сар ч хүрээгүй хүүхдээс авахуулаад ная гарсан буурлууд ч “Улаанбаатарын үдэш” арга хэмжээг үзэж сонирхож байсан юм.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 12-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д “Silence White” дижи урлагийн шоу болсон бол Чингисийн талбайд Талын бүжиг нэртэй монгол туургатны бүжгийн их наадам боллоо. Тус фестивальд Өвөрмонгол, Халимаг, Улаан-Үд, Тувагийн бүжгийн чуулгын 100 бүжигчин монгол бүжгийн гайхамшгийг харуулсан юм. Мөн өнөөдөр Морин хуурын наадам болно. Өвөрмонголын Хөх хотоос “Тахь” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж манай морин хуурын чуулга, ардын урлагийн шилдэг хамтлагуудтай хамтарч морин хуурын аялгуугаар наадамчин олныг баясгах гэнэ. Тэгвэл маргааш “Swing night” жааз хамтлагийн тоглолт болох аж.