Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украины нийслэл Киевт анх удаа айлчилж ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзан Украины батлан хамгаалахад зориулж 50 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээ амлав. Энэхүү тусламжинд 125 зенитийн буу, Ираны дроны довтолгооноос хамгаалах технологи, тэдгээрийн дотор радар, нисгэгчгүй онгоц эсэргүүцэх олон арван электрон байлдааны хэрэгсэл багтаж байна. “Украины Зэвсэгт хүчин Оросын цэргийг байлдааны талбарт ялж байх үед Оросууд энгийн иргэдийг нь агаараас харгис хэрцгийгээр бөмбөгдөж байна. Иймээс ирж буй “хүйтэн, ширүүн” өвөлд зориулж өнөөдөр бид агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, радар, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг шинэ агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлж байна” гэж Их Британийн ерөнхий сайд мэдэгдэв. Риши Сунак мөн Их Британи Украины цэргийн сургалтын хөтөлбөрөө өргөжүүлж туршлагатай эмч, инженерүүдийг тус бүс нутагт илгээж, тусгай дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэв.
Энэ сарын эхээр Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Украинд мянга гаруй зенитийн шинэ пуужин нийлүүлэхээ мэдэгдсэн билээ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр сүүлийн саруудад Оросын зэвсэгт хүчинд ашиглаж байгаа Украинд олзлогдсон Ираны дронуудыг үзэж танилцсан байна. Сунак мөн энэ дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөж, 1930-аад оны Холодоморын хохирогчдын дурсгалын хөшөөнд зул өргөсний дараа гал унтраах ангийн аврагчидтай уулзжээ. “Их Британи Украиныг анхнаасаа дэмжиж ирсэнд би бахархаж байна. Мөн энэ зэрлэг дайныг зогсоож, шударга энх тайвны төлөө тэмцэж буй Украиныг Их Британи болон манай холбоотнууд дэмжсээр байх болно гэдгийг хэлэхийн тулд би өнөөдөр энд ирлээ.” хэмээн Их Британийн ерөнхий сайд хэлэв.
Украины албаныхны мэдээлснээр Оросын агаарын довтолгоо тус улсын эрчим хүчний дэд бүтцийн бараг 50 хувийг сүйрүүлсэн тул Риши Сунак Киевт агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадалд тусална гэж амласан явдал нь ерөнхийлөгч Зеленскийн сонсохыг хүсч байсан зүйл аж. “Дайны эхний өдрүүдээс Украйн, Их Британи хоёр хүчирхэг холбоотон байсан. Өнөөдрийн уулзалтаар бид улс орныхоо болон дэлхийн аюулгүй байдлын аль алинд нь маш чухал асуудлуудыг хэлэлцлээ. Бид хамтдаа илүү хүчтэй. Бид хүссэн үр дүндээ хүрэх болно” гэж Зеленский өөрийн “Facebook” хуудсанд бичжээ.
Г.Амарсанаа