Гуравдугаар сарын 26-нд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Рио Тинто компаниас татварын асуудлаар маргаан шийдвэрлүүлэх талаар Засгийн газарт ирүүлсэн мэдэгдэлийн талаар болон Шведийн Стокгольмын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандан “Говь Коул энд Энержи” ХХК–ийн хувьцаа эзэмшигчээс гаргасан нэхэмжлэл, мөн зарим аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан байна.
Мөн Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Газрын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, лиценз, газар эзэмших эрхийн татвар хураамжийн асуудлаар Сангийн яамнаас, “Монгол, Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын тухай ил, тод байдлын тухай хэлэлцээр”-тэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл сонсож, холбогдох яамдуудад зөвлөмж хүргүүлэхээр тогтов.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон 3 дугаар сарын 28-нд зохион байгуулах Монголын Эдийн засгийн чуулганы үеэр “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг”-т хэлэлцүүлэх асуудал, хувийн хэвшлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.
Хуралдаанаар зөвлөлийн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Зөвлөлийн хурлыг нээж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ:
-“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан нэг жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна.
Зөвлөлд одоогийн байдлаар гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас 125 санал хүсэлт, өргөдөл, гомдол, Мэдэгдэл ирүүлснийг зөвлөлийн ажлын алба хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Үүнээс гадны хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн 52 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг ажлын алба хүлээн авч шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулагчид эрх ашгаа хамгаалуулахаар шууд Засгийн газрын түвшинд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлдэг байнгын механизмтай болсон нь үр дүнгээ өгч эхэлж байна. Асуудлаа шийдвэрлүүлсэн бизнес эрхлэгчдээс бичгээр илэрхийлдэг болоод байгааг онцоллоо.