Их Британийн Санхүүгийн Хяналт шалгалтын Байгууллага (FCA)-аас “Рио Тинто” болон түүний Өмнөговьд хэрэгжүүлж буй 6,75 тэрбум америк долларын өртөг бүхий зэс олборлох төслийн ажилд санхүүгийн хяналт шалгалт хийж эхэлсэн талаар “Financial Times” мэдээллийн агентлаг мягмар гараг /2021.07.27/-т мэдээллээ.
Их Британийн Санхүүгийн Хяналт шалгалтын байгууллага бол хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг хянадаг төрийн бус бие даасан зохицуулах байгууллага юм.
Тус байгууллага нь хяналт тавьдаг пүүсүүдийн санхүүжилтээр хязгаарлагддаг тул Их Британийн Засгийн газраас бүрэн хараат бус байгууллага. Үйл ажиллагааны чиглэл нь Их Британийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийн түвшинг дээд түвшинд хадгалж, олон нийтэд мэдээлэл түгээх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, түүнийг хамгаалах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан, “мөнгө угаах” зэрэг санхүүгийн зах зээл дээрх гэмт хэргийг бууруулах, залилангийн хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Тус байгууллагаас Англи-Австралийн хамтарсан уул уурхайн “Рио Тинто” компани нь “Оюу Толгой” төслийн 2018 болон 2019 оны санхүүгийн тайланг худал мэдүүлж, үнэт цаасны жагсаалтын заалтуудыг зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.
“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗАРДАЛ БОЛОН ТӨСЛИЙН ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАН НЬ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ-
“Рио Тинто” компанийн зэс олборлох хамгийн том төсөл нь “Оюу Толгой”-н төсөл бөгөөд зэсийн ордыг өргөтгөх зардал тооцоо нь 6,75 тэрбум америк долларт хүрсэн нь “Рио Тинто” компанийн 2016 онд төлөвлөж байсан зардлаас даруй 1,4 тэрбум америк доллароор өссөн нь илтэд анхаарал татаж байгаа юм. Төсөвлөсөн зардлын хэмжээ ингэж огцом нэмэгдэхийн сацуу зэсийн ордыг өргөжүүлэх төслийн хугацааг хүртэл 30 сараар буюу хоёр жил 5 сараар хойшлуулсан нь анхаарал татаж эхэлсэн. Төслийн хугацааг хойшлуулсан шалтаг нь ердөө байгалийн бүтэц, өөрөөр хэлбэл олборлолтод хөрсний байдал нөлөөлж байгаа хэмээн мэдэгдэж байсан.
“Рио Тинто” компани нь “Оюу Толгой”-г шууд өмчлөх эрхгүй байдаг. “Оюу Толгой” бол Дэлхийн хамгийн том алт-зэсийн ордуудын нэг бөгөөд төслийн гуравны хоёр (66 хувь)-ыг Канадын “Туркойз Хилл Ресурсэс” (Turquoise Hill Resources) компани, харин үлдсэн (34 хувь)-ийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. “Туркойз Хилл Ресурсэс” компанийн хяналтын хувьцаа эзэмшигч нь Дэлхийн уул уурхайн гурван том компанийн нэг “Рио Тинто”. “Туркойз Хилл Ресурсэс” компанийн хувьцаа нь Торонтогийн болон “NYSE” биржид бүртгэлтэй байдаг.
Төсөл нь олон улсын санхүүгийн байгууллагууд, түүний дотор Олон Улсын Санхүүгийн Корпораци, Голландын Хөгжлийн Санхүүгийн Компани, Европын Сэргээн Босголт-Хөгжлийн Банкуудаас 4,4 тэрбум Еврогийн санхүүжилтийг босгосон түүхэн дэх хамгийн том синдикат буюу хамтарсан зээлээр боссон юм.
Синдикат гэдэг бол төслийн зээлийн эх үүсвэрийг бий болгохын тулд томоохон пүүс компаниуд хамтарч санхүүжилт хийн хөрөнгө оруулдаг түгээмэл хэрэглэгддэг зээлийг хэлдэг.
“Рио Тинто” компанийн удирдлагууд дээр дурьдсан хөрөнгө оруулагчдад зэсийн уурхайг өргөтгөх бүтээн байгуулалттай холбоотой хүндрэл үүссэн гэх мэдээллийг цаг тухайд нь өгөлгүй олон сараар нуун дарагдуулсан тухай яригдаж байгаа юм.
-ЖАН СЕБАСТЬЯН ЖАК БАРУУН АВСТРАЛИЙН ПИЛБАРА НУТГИЙН ҮНЭЛЖ БАРШГҮЙ АГУЙГ БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР УСТГАЖ БАЙЖЭЭ-
Тухайн үед “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар 1971 онд Францад мэндэлсэн Жан-Себастьян Жак хэмээх үл бүтэх этгээд ажиллаж байсан. Үл бүтэх этгээд хэмээн нэрлэх болсон нь тэрбээр Баруун Австралийн Пилбара бүс нутгийн уугуул иргэдийн хувьд үнэлж баршгүй эртний хоёр агуйг бизнесийн зорилгоор устгаж үгүй хийснийхээ дараа нэлээдгүй хэл аманд өртөж, шүүмжлэл дагуулж байсан нэгэн. Хөрөнгө оруулагчид олон нийтийн шуугианаас үүдэн Жан-Себастьян Жакийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Тэрбээр Монголын газар доорхи баялагт аль эртнээс улайран шунасаар ирсэн байдаг.
“Монгол бол ашигт малтмалын асар их нөөцтэй улс. Тээврийн дэд бүтэц хөгжөөгүй тул зэс, нүүрс, алтны экспорт асар өндөр үнэтэй, тээвэрлэлтийн аюулгүй байдал бага тул төсөл хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Тиймээс тэндэхийн баялаг өнөөг хүртэл хөндөгдөөгүй хэвээр байна” хэмээн Жан-Себастьян Жак Монголын газрын баялагт шунаж байсан.
Монгол улсад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон бусад хөрөнгө оруулагчдыг төмөр замын төслүүд хэрэгжүүлэх ажилд татан оролцуулахаар төлөвлөж байгаа. Энэ нь уул уурхайн салбарыг дэмжиж, бүс нутгийн худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхэц болно” хэмээн ярьж байсан. Энэ яриа нь Монгол улсыг хөгжүүлэх гээд байгаа мэт санагдах авч үүний цаана тэрбум тэрбум доллароор яригдах асар их мөнгөний урсгал нуугдаж байгаа юм.
Байгаль орчин, уул уурхайн мэргэжилтэн Пол Робинсоны бэлтгэсэн илтгэлд “Оюу Толгой” төслийн далд уурхайн нөлөөллийг дурьдсан байдаг. Ордыг ашиглах барилга угсралтын ажилд төлөвлөснөөр хөрсийг гүнзгий ухах нь осолтой гээд эвдэрч сүйтгэгдсэн газрыг дахин нөхөн сэргээх ямар ч боломжгүй бөгөөд тийм техник технологи ч байхгүй байгааг онцолсон байдаг.
Олон нийтэд аль хэдийн ил болсон баримт бичгүүдэд уурхайн үйл ажиллагааг 40 жилийн хугацаанд ашиглахад шаардагдах усны нөөц хангалтгүй байгаа нь тэндэхийн оршин суугчид, малчдын ундны усны нөөцийг шавхахад хүргэнэ гэсэн байдаг. Байгаль орчинд хор хөнөөл учруулах нөлөөллийн үнэлгээ ч маш доогуур байгаа юм. Нэг үгээр хэлэхэд, ордын бүтээн байгуулалтын байгаль дахин нөхөн сэргээгдэх боломжгүй гэсэн үг.
Нутгийн оршин суугчид аль 2013 оноос хойш төсөл хэрэгжүүлэгч компанитай яриа хэлэлцээ хийсэр ирсэн. Одоо ашиглаж буй “Оюу Толгой” ил уурхайтай холбоотой маргаан одоо хэр нь тасрахгүй байгаа юм.
ТӨСЛИЙН ТАЙЛАНГ ХУДАЛ МЭДҮҮЛСЭН НЬ ТОГТООГДВОЛ “РИО ТИНТО” АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ
Ер нь “Рио Тинто” компани оролцсон газар бүрт ямар нэгэн байдлаар асуудал, маргаан үүсдэг. Хаа явсан газраа балаг тарьж явдаг. Үүний нэг жишээ нь, Мозамбик улс. “Рио Тинто” компани тус улсад мөн л уул уурхайн салбартай нь холбогдож, нүүрсний нөөцийнх нь үнэлгээг зохиомлоор хөөрөгдөж, санхүүгийн залилан үйлдсэн хэргээр шалгагдаж америкийн Санхүүгийн Зохицуулах Байгууллагаас “Рио Тинто” компанид 27 сая фунт стирлингийн торгууль ногдуулсан байдаг. Энэ удаад ч хяналт шалгалтаар “Оюу Толгой” төсөлтэй холбоотой ямар нэгэн санхүүгийн “но” илэрч, санхүүгийн тайлан мэдээллээ ил зарлах тухай журмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдвол мөн л асар их хэмжээний торгууль төлж ч магадгүй болчихоод байгаа аж.
Санхүүгийн хяналт шалгалтыг хөндлөнгийн шинжээчид гүйцэтгэх юм. Тэд “Оюу Толгой”-н төсөл чухам юуны учир хойшилсон, төлөвлөсөн зардал мөнгө нь яагаад нэмэгдсэн асуудлыг нэгбүрчлэн судалж, тайланг олон нийтэд танилцуулах юм.
Хөндлөнгийн шинжээчдийн багаар судлуулах саналыг төслийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар гаргасан байна. Хөрөнгө оруулагчдад “Оюу Толгой” төслийн хэрэгжих хугацаа хойшилж, зардал нь нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар мэдэгдсэний дараагаар компанийн нэгж хувьцааны ханш 50-иас дээш хувиар унаад байгаа юм.
Хөндлөнгийн шалгалтын эцсийн тайлан ирэх наймдугаар сарын эхээр гарах төлөвтэй байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.