Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак саяхан гадны сэтгүүлчид ярилцлага өгчээ. Тэрээр “The Australian”-д “Бид зээлийн баталгааны хугацааг сунгах хүсэлтээ банкуудад тавиагүй. Засаг ямар алхам хийхээс бүх зүйл хамаарна. Бид дараагийн алхмыг харж байж хугацааг сунгах хүсэлт тавих эсэхээ шийднэ. Монголын тал энэ санхүүжилтийг авах эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Бөмбөг Монголын Засгийн газрын талд байна. Рио тинтогийн хувьд өөрсдийн зүгээс шийдэх асуудлуудаа шийдвэрлэсэн” гэсэн агуулгатай зүйл ярьсан нь олны анхаарлыг татсан хэрэг. Энэ мэдэгдлийн дараахан “Рио Оюу толгойг орхих юм биш үү” гэсэн мэссэж хүчтэй явж эхэллээ. Зэсийн группын захирлын мэдэгдэл ямар утгатай, Рио дэлхийд томд орох энэ төслийг үнэхээр орхиж явах эсэхийн тухай ярихаас өмнө багахан оршил хэлье.
Оюу толгой компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах дээр TRQ буюу Туркойз хиллс гэсэн нэрийн дор арилжаалагддаг. Туркойз хиллс гэдэг нь хуучнаар бол Айвенхоу майнз. Туркойз хилссийн гол хувьцаа эзэмшигч нь Рио тинто. Рио тинто энэ компанийн хувьцааны ихэнх хувийг эзэмшигч. Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй, дэлхийн алт, зэсийн томоохон ордыг эзэмшдэг Монголын Оюу толгой компанийн хувьд хоёр хувь эзэмшигчтэй. Нэг нь “Эрдэнэс Оюу толгой”. Энэ компанийн эзэмшигч нь Засгийн газар. Нөгөө нь Туркойз хиллс. Энэ компанийн гол хувьцаа эзэмшигч нь Рио. Монголын Засгийн газар Оюу толгой компанийн 34 хувийг эзэмшдэг. Харин Туркойз хиллс 66 хувийг нь эзэмшдэг. Туркойз хилссийн хувьцааны ихэнхийг Рио эзэмшдэг гэдэг утгаараа Оюу толгой компанитай холбоотой асуудалд Засгийн газартай нүүр тулж ажилладаг. Оюу толгой компанийн ТУЗ-д Риогийн зургаан хүн ажилладаг. Давуу эрхтэй ажилладаг гэж ойлгож болно. Хөрөнгө оруулагч тал Оюу толгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаад буй. Өнгөрсөн оны зунаас зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн. Ил уурхайн дараа өрнүүлсэн бүтээн байгуулалт бол далд уурхай. Хөрөнгө оруулагч тал далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч үргэлжлүүлэх мөнгөгүй болсон юм. Туркойз хиллс ийм шалтгаанаар төслийн санхүүжилт хийхээр олон улсын банк санхүүгийн 15 байгууллагатай хэлэлцээ эхлүүлж байв. Олон улсын банк, санхүүгийнхэн зээл өгөх сонирхлоо илэрхийлсэн ч Оюу толгойн Монголын талын хувь эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр эхлүүлсэн учраас хөрөнгө оруулагч тал санхүүжилтийн хугацааг хойшлуулсаар байгаа юм. Рио тинто компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон холбогдох бүх ажлыг хойшлуулах болсноо өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд мэдэгдсэн. Оюу толгой төсөлтэй холбоотой сүүлийн үеийн сонин гэвэл борлуулалт нь үйлдвэрлэлээсээ давсан гэх мэдээлэл.
Одоо Жан Себастиан Жакийн ярилцлага өгөх үедээ анхаарал татахаар ямар мэдэгдлүүд хийснийг дэлгэрүүлж сонирхуулъя. Тэрээр “Манай компанийн зүгээс Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зарах зээлийн баталгааны хугацааг сунгах хүсэлтээ банкуудад тавиагүй. Бид Монголын Засгийн газрын байр суурь ямар байгааг ойлгомоор байна” гэжээ. Эндээс хэн ч Засгийн газар яаж хандахаас хамаарч санхүүжилтийн хугацааг сунгах хүсэлт явуулах эсэхээ шийднэ гэсэн агуулгыг төвөггүй уншчихна.
Оюу толгой төслийн үнэ цэн буюу нийт нөөцийн 80 хувь нь газрын гүндээ бий. Өөрөөр хэлбэл далд уурхайг ажиллуулж байж энэ ордын гол өгөөжийг хүртэнэ. Төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд 4.2 тэрбум ам.доллар хэрэг болж байгаа. Энэ мөнгийг олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагаас авах яриа хөөрөөг хөрөнгө оруулагч тал буюу “Рио тинто” эхлүүлээд байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан зарим асуудал дээр нэгдсэн ойлголцолд хүрэх, төслийн санхүүжилттэй холбогдуулж зээлийн нөхцөл, шаардлага гэх мэт зүйлийг лавлаж тодруулах хэрэгтэй гэсэн шалтгаануудаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн “Эрдэнэс Оюу толгой”, Оюу толгойн гол хувьцаа эзэмшигч Рио тинто хоёр хэлэлцээр эхлүүлээд буй.
Хоёр тал эцсийн тохиролцоонд хүрээгүй учраас зээлийн баталгааны хугацааг хоёр удаа сунгасан. Баталгааны хугацаа өнгөрсөн есдүгээр сарын 30-нд дууссан юм. Риогийн хувьд гурав дахиа сунгах эсэхээ шийдээгүй байгаагаа сая дуулгачихлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд төслийн санхүүжилтийн хугацааг сунгах боломжтой гэсэн мэдэгдэл хийсэн. Бусад банкуудын хувьд зээлийн баталгааныхаа хугацааг сунгах тал дээр албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Оюу толгой ашигтай, ирээдүйтэй төсөл учраас энэ төслийг санхүүжүүлэх сонирхлоосоо банкууд буцахгүй гэж ярих хүмүүс бий. Энэ эрхмийг ярилцлага өгөхийн өмнө “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Төслийн санхүүжилтийн гол зохион байгуулагч, хөтлөн явуулагч нь Туркойз хиллс гэж бид ойлгодог. Туркойз хилсс компанийн гол хувьцаа эзэмшигч нь Рио тинто. Гэрээгээр бол аль ч хэлбэрээр төслийг санхүүжүүллээ гэхэд Туркойз хиллс үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Төслийн санхүүжилт буюу гуравдагч этгээдээс авах хэлбэр бол цэвэр банкны зээл. Хүү нь бага байх ёстой, эсхүл ядаж хувь нийлүүлэгчдийн санхүүжилтийн хүүгийн хэмжээнээс илүүгүй байх ёстой, компанид үр ашигтай байх ёстой гэж бид ойлгодог. Оюу толгойн ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж, баяжмалын овоолго шороо, төслийн гэрээнүүд, тодруулж хэлбэл хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ болон борлуулалтын гэрээнүүд барьцаалагдана. Арилжааны банкны зээл учраас эрсдэл өндөртэй гээд байгаа нь ийм учиртай. Энэ зээлийг авлаа гэхэд хөрөнгө оруулагч аль нэг тал нь ямар нэгэн байдлаар өөртөө ашигтай нөхцөл байдал бий болгох, ашиг хийх, Оюу толгой ХХК-д нэмэлт зардал гарах эсэх асуудлууд үүсэх магадлалтай” гэж мэдэгдсэн. Магадгүй энэ мэдэгдлүүд Зэсийн группын гүйцэтгэх захирлыг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байж мэднэ.
Засгийн газар, хөрөнгө оруулагч талын хийсэн гэрээ ёсоор бол Туркойз Хиллс 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Оюу толгой төслийг санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн өнцөг ч бас бий.
Дараагийн анхаарал татсан мэдэгдлийг сийрүүлье. Жан Себастиан Жак “Бид Монголын Засгийн газартай 18 сарын турш ярилцлаа. Ширээн дээр нь саналаа тавьсан. Хоёр талд харилцан ашигтай санал гэж ойлгож байгаа” гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийг Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санаагаа Монголын талд тулгаж байна гэж хардах хүмүүс ч байна. Уг нь хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд хамтран ажиллах үүрэгтэй. Шинэ санал гэхээс илүү гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд яаж хамтрах талаараа яриа хөөрөө өрнүүлэх учиртай. Хоёр талын бүх харилцаа хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдахаас өөр гарц байхгүй гэх гээд байна л даа. Магадгүй энэ өнцгөөс харахад дээрх хардлага үнэний ортой байж мэдэх юм. Риогийн зүгээс Засгийн газарт тавьсан ашигтай шинэ санал юу гэдэг нь тодорхойгүй байна.
Рио Монголыг орхиж магадгүй гэсэн хар дагуулсан мэдэгдлийг одоо онцолъё. “Уурхайн нийт үр өгөөжийн 80 хувь нь далд уурхайд бий. Риогийн далд уурхайг ашиглах эсэх нь нэг л зүйлээс хамаарна. Тодруулж хэлбэл манай хувь нийлүүлэгчдэд ашигтай байх эсэхээс хамаарах асуудал… Бид нөхцөл байдлыг бүрэн ойлгож байгаа. Одоо тэдний хувьд хүссэнээ хийх л үлдсэн. Бүх зүйл Засгийн газраас шалтгаална” гэсэн мэдэгдлийг Риогийн Зэсийн группын гүйцэтгэх захирал хийгээд байна. Хөрөнгө оруулагчид Оюу толгой төсөлд одоогоор хэдэн тэрбумаар яригдах ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй далд уурхайг ашиглахгүй бол Оюу толгой төсөлд ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний ашиг гарахгүй. Тэгэхээр Рио Оюу толгойг орхино гэдэг яаж ч бодсон үндэслэл тооцоогүй, эдийн засаг талаас нь хараагүй гаргалгаа. Харин улстөрчдийн ирэх хавраас эхэлнэ гэж мэдэгдээд буй далд уурхайн бүтээн байгуулалт түр хугацаагаар хойшлох эрсдэл гарч мэднэ. Энэ мэдэгдэлд анхаарал татахаар өөр нэг үг бий. “Манай талын хувь нийлүүлэгчдэд ашигтай бол…” гэсэн үг. Риог төлөөлсөн эрхэм ингээд хэлчихээр Рио-гийн хувь нийлүүлэгчдэд л ашигтай бол гэсэн утга хүссэн хүсээгүй гараад ирж байна. Уг нь Монголын Засгийн газар, Оюу толгойн хөрөнгө оруулагчдын байгуулсан гэрээгээр бол “Хоёр талд харилцан ашигтай” гэсэн үндсэн зарчим үйлчлэх учиртай. Зүй нь Риогийн зэсийн группын гүйцэтгэх захирал “хоёр талд ашигтай тохиолдолд” гэж тодотгох учиртай байв. Магадгүй санаандгүй унагасан үг байж болох. Гэхдээ яах аргагүй л ийм утга уншигдахаар мэдэгдэл болжээ.
Ноён Себастиан ярианыхаа төгсгөлд “Зээлийн санхүүжилтийн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын сүүл хүртэл сунгах бүрэн боломжтой. Бид наад зах нь энэ үе хүртэл сунгаж чадна. Гэхдээ Монголын засаг яаж хандахаас хамаарна” гэж хэлжээ. Хоёр талын яриа хэлэлцээ эхлэх үед ойлголцолд хүрээгүй том, жижиг 30 гаруй асуудал байсан юм. Одоо зарчмын гурав, дөрөвхөн асуудал үлдсэн гэх мэдээллийг “Эрдэнэс Оюу толгой” компани өгөөд байгаа. ТЭЗҮ болон бүлэг ордын нөөцийн тодотголыг хүлээж авах, бүртгүүлэх, төслийн санхүүжилттэй холбоотойгоор санхүүжилтийн нөхцөлүүдийг нарийвчлан судлах, зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах гэсэн асуудлууд үлдсэн гэсэн засаг талын мэдээллээс өөр мэдээ одоохондоо алга.
Ц.БААСАНСҮРЭН