“Өдрийн сонин”-ы 2016.08.10-ны № 182 (5447) дугаараас авч нийтлэв
“Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавъяат тамирчин Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Охин тань “Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Монголын эмэгтэй жүдочдын анхны медалийг авлаа. Баяр хүргэе. Медаль авна гэж итгэж байв уу?
-Баярлалаа. Маш их баяртай байна. Охин маань 2012 оны Лондонгийн олимпод орсоноосоо хойш жилээс жилд барилдаан нь сайжраад өөрийгөө сайн хөгжүүлсэн. Ер нь медаль авчих байх гэсэн итгэлтэй л сууж байлаа. Жүдогийн спорт сонирхдог хүн бүхэн манай охинд найдвар тавьж байсан байх. Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна.
-Явахдаа юу гэж байсан бэ. Амлалт өгсөн үү. Бас аав, ээжийн захиас байсан байх?
-Миний охин явахдаа медаль авна гэж том ам гараагүй ч бид дотроо медаль авчих байх л гэж бодож байсан. Охиноо явахад тайван байж өөрийнхөө бодсон бүх барилдааныг үзүүлээрэй, хичээгээрэй гэж захисан даа. Охин маань надад “Ааваа та тайван байгаарай. Сэтгүүлчид яриа авъя гэвэл тайван даруухан бай. Охин нь сайхан барилдчихаад ирнэ” гэж хэлсэн. Тамирчиддаа амжилт хүсээд охиноо үнсээд л явуулсан даа.
-Цагийн зөрүүтэй байгаа шүү дээ. Барилдааныг нь үзсэн үү?
-Үзсэн. Бид охиноо гаргаж өгчихөөд Увс аймгийн Баруунтуруунд нутагтаа ирчихсэн байгаа юм. Төрсөн нутгийнх нь уул усанд залбирч захыг нь мушгиж хамаатан саднаараа дэмжлээ. Баруунтурууныхан шөнө манайд ирээд барилдааныг нь хамт үзсэн. Шөнөжин нутгийн ард түмэн нь баярлаад бужигнаж байгаад 05.00 цагт жаахан амарсан.
-Нэг ёсондоо Увс аймгийн Баруунтуруун сумынхны баяр болж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Баяраа тэмдэглээд эхэлчихсэн л байна. Сэтгэл догдолсон нутгийн ард иргэд маань одоо болтол манайд ирж баяр хүргэсээр байна. Хашаагаар дүүрэн хүн байна. Өглөөнөөс хойш 60-70 дуудлага ирчихсэн байна. Утсаар ярих ч завгүй л байна даа. Нутгийн ард олон, найз нөхөд бүгд л цуглачихсан байна.
-Алтын төлөөх барилдааныг үзсэн үү. Дүрэм зөрчсөн гэх яриа гараад байна?
-Хотоос ярьсан бүх хүн шүүлт нь буруу болчихлоо гэж ярьж байна лээ. Манай нутагт шөнөжингөө бороо ороод яг алтын төлөөх шийдвэрлэх барилдааныг үзэж чадаагүй. Нэгэнт л шүүгчийн шийдвэр бол шийдвэр шүү дээ. Түүнтэй маргалдаад яахав л гэж бодож сууна.
-Д.Сумъяа өөрийгөө бүрэн дайчилж барилдсан гэж бодож байна уу?
-Охин маань өөрийгөө бүрэн дайчилсан. Зурагтаар харж байхад дэвжээн дээр гарахдаа сэтгэл санаа нь их тайван байсан. Их л сайхан барилдаан үзүүлсэн гэж бодож байгаа шүү. Багш нар, жүдогийн холбоо, нутгийн ах дүүс, охиныг маань дэмжсэн Монголын ард түмэндээ бүгдэд нь баярлаад сууж байна.
-Учраа таарсан тамирчдаас хэнийг нь хүндхэн өрсөлдөгч гэж харж байв?
-Олимпод оролцож байгаа тамирчид дунд муу тамирчин гэж байхгүй. Бүгдээрээ л сайн тамирчин. Би Португалийн бөх Телма Монтеро, Японы Каоро Мацүмото хоёрыг л хүнд өрсөлдөгч гэж дотроо бодож байлаа. Хамгийн хүнд барилдаан нь Монтеротой хийсэн барилдаан гэж бодож байна. Каоро Мацүмототой өмнө нь таарч байсан учраас барилдааныг нь мэднэ. Хүссэн мэхээ сайхан хийсэн байх. Бразилын тамирчин Рафаэль Силватай аваргын төлөө барилдаад ялах байх гэж бодож байсан ч санаснаар болсонгүй.
-Медаль авснаас нь хойш охинтойгоо холбогдсон уу?
-Холбогдсон. Хоолой зангираад уйлаад ярьж чадсангүй. Аавыгаа ингэж нэг уйлууллаа даа. Баярлаад нулимс гараад байдаг юм байна. Гайгүй тайвширч байгаад багштай нь ярьсан. Х.Эрдэнэт-Од багш нь эхнэр бид хоёрт баяр хүргэж байна лээ. Аав, ээж нь охиндоо хайртай шүү. Чи бидний болоод Монголын ард түмний бахархал болж чадлаа.
-Нутагтаа хэзээ ирэх вэ?
-Энэ сарын 19-нд ирнэ гэсэн. Тэрнээс өмнө хамаатан садан аав, ээжийгээ аваад Улаанбаатар хот руу явж охиноо тосч авна даа.
-Танайх Улаанбаатар хотод хаана амьдарч байгаа вэ?
-Дэнжийн мянгын IX хороонд амьдарч байгаа.
-Та залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэсэн. Тэр нь охинд тань нөлөөлсөн юм болов уу. Хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Манай гэр бүлийнхэн спортод сонирхолтой л доо. Би бас чөлөөт бөхөөр барилдаж байлаа. Охин маань бөхөөр хичээллэх их сонирхолтой байсан. Өөрөө хүссэн болохоор зургадугаар ангиас нь дэмжиж уралдаан тэмцээнд оруулж эхэлсэн. Эхнэр бид хоёр охиныгоо их дэмждэг. Өөрөө дур сонирхолтой болохоор том амжилт үзүүллээ гэж боддог юм.
-Анхны багш нь хэн бэ. Х.Эрдэнэт-Од багштайгаа хэзээнээс хичээллэж эхэлж байв?
-“Монгол охид” клубын н.Бадамсүрэн манай охины анхны багш. Багштайгаа нэг жил хичээллэчихээд тэрнээс хойш арав гаруй жил Х.Эрдэнэт-Од багшийн гар дээр хичээллэж өдий зэрэгтэй амжилтанд хүрч байгаа хүн дээ.
-“Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хүнд 60 сая төгрөг өгөөд сар бүр гурван сая төгрөг өгнө гэсэн?
-Мэдээгүй л байна.
-Д.Сумъяа найз залуутайгаа хамт Рио де Жанейро хотыг зорьсон гэсэн байх аа?
-Бразилд одоо хамт байгаа. Жүдо бөхийн холбооноос найдвар тавьж байгаа тамирчдынхаа ар гэрийнхнээс нэг хүн авч явж сэтгэл санааг нь дэмжүүлнэ гэсэн юм. Бид ярилцаж байгаад найз залууг нь явуулсан. Найз залуу нь Цогтгэрэл гээд улсын шигшээ багийн тамирчин учраас сэтгэл санааг нь дэмжиж, сайн зөвлөгөө өгөх байх гэж бодсон. Охины маань сэтгэл санааг сайхан дэмжсэн байх.
-Охинд тань сүй тавьж, худууд хадаг тавьсан гэж сонслоо. Удахгүй хуримын тов зарлах байх даа?
-Олимпоос медаль авбал бодсон юм байгаа ааваа гэж хэлж байсан. Ирж байгаад нэг юм бодох байх. Охин маань 25 нас хүрчихсэн шүү дээ. Үеийнх нь найзууд бүгд гэрлээд хүүхэдтэй болчихсон. Спортоор хичээллэдэг хүний амьдрал жаахан оройтдог л доо. Одоо ирж байгаад гэр бүлийн асуудлаа ярилцах байх. Хурим найраа хийгээгүй ч хадаг сүүгээ авчихсан үерхээд, хамт бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг.
Манайх зургаан хүүхэдтэй айл. Сумъяа маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй, нэг охин дүүтэй. Эгчийгээ барилдаж улс, дүүргийн аваргын барилдаанд ороход омогшоод би барилдъя гээд хоёр дүү нь дагаж хичээллэж байсан юм. Одоогоор барилдаж байгаа хүн байхгүй. Хүндийн өргөлт, сагс, волейбол гээд өөрсдийнхөө сонирхлоор явчихсан. Манайхан их спортлог гэр бүл л дээ.
-Ээж нь хэр их догдолсон бэ?
-Эхнэрийг маань Ц.Дэлгэрмаа гэдэг. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг юм. Охиныгоо барилдахыг хараад мэдээж их догдолсон. Одоо гэрт хүн ирээд цай, хоол хийгээд завгүй л байна. Энэ олон хүний чин сэтгэлийн талархлын үгийг сонсгож байгаа охиндоо дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.