Categories
мэдээ цаг-үе

Ричард Жөүлийн тухай дэлгэцэнд болон амьдралд үлдсэн үнэн

1996 оны АНУ-ын Жорж мужийн Атланта хот дахь зуны олимп. Олимпийн наадам дуусах дөхөж байсан үе буюу долдугаар сарын 27-ны орой Олимпийн тосгоны ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд хүчтэй дэлбэрэлт болж зуу гаруй хүн шархдан хоёр хүн амиа алдсан террорист халдлага болсон юм. “Мюнхен-72” зуны олимпийн наадмаас хойш амар амгалан зохиогдож явсан их спортын арга хэмжээг дахин чичрүүлсэн тэр алан хядах ажиллагаанаас хойш бурхны авралаар дэлхий дахиад айдас хүйдэст автаагүй. Паркийн хамгаалагч Ричард Жөүлийн сонор сэрэмж зохих түвшинд ажиллаагүй бол 22 кг тэсрэх бодистой гурван бортогонд баахан хадаас, төмрийн хэлтэрхийнүүд суулган бэлдсэн уг бөмбөг мөн ч олон хүний амийг авч явах байжээ. Тэгэхээр Ричард Жөүл гэж хэн бэ, яагаад түүнийг өчнөөн олон жил өнгөрсний дараа ийнхүү онцлох болов оо гэдэг эрүүл асуулт гарна аа даа. Учир нь түүний амаргүй амьдралын талаар 1997 онд бичсэн Мари Бриннэрийн “Ричард Жөүлийн дууль” зохиолыг энэ оны эхээр алдарт Клинт Иствуд кино болгон найруулж дэлгэцэнд гарган нийтийн хүртээл болгосонд байгаа юм.

Коронавирусийн өмнөхөн кино театруудад нээлтээ хийж шуугиулж байсан ч хөл хорионд ороод хүссэн хэмжээнд нэр хүнд, ашиг хонжоо олж чадаагүй ч гэлээ гайхалтай уран бүтээл болсныг шүүмжлэгчид хүлээн зөвшөөрдөг. Боломж олдвол интернэтээс “ухаад” олоод үзэхийг хичээгээрэй, эрхэм ээ. Хоёр цагийг тун сонирхолтой өнгөрөөнө шүү. Гол нь Клинт Иствуд бодит амьдралаас нь, болж өнгөрсөн үйл явдлаас нь нэг их холдолгүй, өрнөсөн үйл явцыг нь элдэв чимэглэлгүйгээр пил хийтэл найруулсан юм билээ. Кинонд Сэм Рокуэлл, Кэти Бейтс, Жон Хэмм гээд мундаг жүжигчид тоглосон ч гэлээ гол дүрийг нь олны танил бус Пол Уолтэр Хаузэр хэмээх залуу амилуулсан бөлгөө. Яагаад гэвээс тэр бодит Ричард Жөүлтэй усны дусал мэт адилхан. Уг киног та олоод үзчихсэн, эсвээс үзчихнэ гэж найдаад “жинхэнэ” Ричард Жөүлтэй ямар адал явдал учирсныг нь өгүүлье.

Тэр яг кинонд гардаг шигээ ээжтэй амьдардаг, цагдаа болохыг “нойрондоо зүүдлэн мөрөөддөг” 33 настай махлаг бүдүүн, бүсгүйчүүд бол нэг их анзаараад байхааргүй америк эр байлаа. Төрсөн эцэг нь ч тэр, хойд эцэг нь тэр ээжтэй нь тийм ч удаан амьдралгүй хаяад явчихсан тул Барбара ээж, хүүгээсээ бусад эрчүүдийг “новшнууд” гэж үздэг, тийм хавчигдмал амьдралтай ядуухан хоёр, Жорж мужийн Атланта хотод гэмгүйхэн амьдарч байжээ. Жөүл дэлгүүрийн зохион байгуулагч, хуулийн пүүсийн ажилчин, шоронгийн хуяг, орон нутгийн цагдаагийн газарт шерифийн туслах, коллежийн хамгаалагч зэрэг зөндөө ажил хийж байсан ч нэгэнд нь ч ул суурьтай удаан ажиллаж байгаагүй. Зарим нь сонирхлыг нь татаагүй, хүссэн газраа очихоороо хэтэрхий хууль дүрэм баримтлаад хүмүүсийн уур хүргээд халагдчихна. Жишээ нь, коллежийн хамгаалагч хийж байхдаа дотуур байранд хөгжилдсөн залуусыг тогтмол “чангалдаг” байсан тул хөөгдчихсөн. Кинон дээр тэр явдлыг нь тэр чигээр нь л харуулж байна лээ. Тэгээд эцэстээ Атланта хотын “Зуун жил” цэцэрлэгт хүрээлэнд хамгаалагчаар ажилд орсон байгаа юм. Тэр парк Олимпийн тосгоны ойролцоо асар том орон зайд оршдог, “Атланта-96”-ын үеэр урлагийн олон ч тоглолт оройн цагаар ээлжлэн зохиогдож байжээ. Тийм л нэг орой Жөүл AT&T-ын явуулын станцын хажууд жижүүрлэж байхдаа сэжиг бүхий үүргэвч сандлын хажууд байхыг анзаарчээ. Аан тийм, Жөүл Шерифийн туслах болохын тулд Цагдаагийн сургуульд суралцаж тун сайн дүнтэй төгссөн нэгэн байсан тул эгзэгтэй үед хэрхэн ажиллаж сэргийлэх тухай горимыг сайн мэддэг нэгэн байжээ. Бод доо, мянган хүн цугларсан паркад хэн нэгэн хайхрамжгүй этгээд цүнхээ мартаад явах тохиолдол байх шүү дээ. Харин Жөүл тэгж бодсонгүй, шууд л тэсрэх бодис илрүүлэгч мэргэжилтнүүдийг дуудан горимын дагуу хориот бүс тогтоон аюулгүй талбай гаргасан байгаа юм. Хамтрагч нар нь шоолж тохуурхахыг тоолгүйгээр шүү дээ. Харин мэргэжилтэн ирээд “Тэсрэх бөмбөг байна. Хүмүүсийг холдуул” гэх үед Ричард Жөүлийн болгоомжлол хичнээн хүний амийг аварч буйг ойлгосон хамгаалалтынхан түүний даалгаврыг ягштал биелүүлж ард иргэдийг боломжийн хол зай руу шахаж чадсан юм. Түүнийг үүргэвчтэй бөмбөгийг олсноос хойш есөн минутын дараа үл таних этгээд 911 руу утасдан “Паркад тэсрэх бөмбөг тавьсан шүү” гэж хэлээд 13 минутын дараа дэлбэлжээ. Хагас цаг хүрэхгүй хугацаанд тэр олон хүмүүсийг аюулгүй талбар луу шахаж чадахгүй шүү дээ. Хоёр хүн амь үрэгдсний нэг нь Туркийн нэгэн телевизийн зураглаач байсан бөгөөд тэр тэсрэх бөмбөгнөөс болж нас бараагүй, үзсэн харсан зүйлээсээ болоод цус харваж өнгөрсөн гэдэг.

Ер нь маш олон хүний амийг торгон мэдрэмж гарган аварсан жирийн нэг муу хамгаалагч гурван өдрийн туршид Америк орон даяар нэрээ мандуулсан баатар болон хувирч дээ. Тэр үед л The Atlanta Journal-Consti­tution сонины сурвалжлагч Кэти Скраггсын материал хэвлэгдэн гарч хөөрхий муу Жөүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлчихсэн.

Скраггс бичихдээ “Мөрдөх товчоо Жөүлийг сэжигтэн гэж үзэж байгаа, тэр бол алдар цуу олж цагдаагийн байгууллагад орох олон жилийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрөө тэсрэх бөмбөг байрлуулж өөрөө түүнийгээ олж илрүүлсэн хүн болж жүжиглэсэн байж болзошгүй” гээд итгэл үнэмшилтэй нийтэлж эхлэнгүүт бусад хэвлэлүүд шүүрч аваад хувилаад эхэлсэн түүхтэй. Дараа нь Мөрдөх товчоо түүнд ямар ч шүүхийн шийдвэр гардуулаагүй мөртлөө удаа дараа нэгжлэг хийж 24 цагаар чагнан ойр тойрных нь хүмүүсийг байцаан ер нь л амьдралыг нь там болгосон. Хэвлэлийнхэн зуу зуугаараа гэрийнх нь үүднээс салдаггүй, эсрэг талынх нь байранд ганц өрөөны өдрийн түрээс мянган долларт хүрч зураглаачид ээж, хүү хоёрын алхам бүрийг дүрсжүүлээд тамлахгүй юу даа. Харин тун сайн өмгөөлөгчтэй байсныхаа ачаар Жөүл мөрдлөгийн 88 хоногийг тэсэн өнгөрөөж өөрийгөө ямар ч буруугүй, жинхэнэ баатар байсан юм гэдгээ батлан тойргийн прокуророос “Мөрдлөг өнөөдрөөс зогслоо, та буруугүй” гэх албан ёсны бичиг авсан юм билээ. Энэ бүх үйл явдал бараг тэр чигтээ, элдэв өөрчлөлт байхгүйгээр кинонд гарна. Харин кинонд тусгагдаагүй үйл явдал нь цагаадсаныхаа дараа яасан бэ гэдэг асуудал.

Ричард Жөүл өөрийг нь олон хоног, сараар мөшгиж гүжирдсэн CNN, New York Post, NBC News зэрэг хэвлэл мэдээллийн “мангасуудаас” шүүхдэн байж олон сая доллар салгасан юм гэнэ лээ. NBC News л лав дангаараа хагас сая ам доллар нөхөн төлбөрт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнээс гадна хэвлэлээр түүний талаар худал буруу мэдээлэл өгсөн Пьемонтийн Коллежийн удирдлага хүртэл нөхөн төлбөрт унаж байжээ. Жөүл 2007 онд зүрхний өвчнөөс болж нас барсан бөгөөд түүнээсээ дөрвөн жилийн өмнө жинхэнэ алуурчны нэрийг сонсож гэм буруугүй гэдгээ бүрэн баталж чадсан юм. Эрик Рудольф хэмээх үр хөндөлтийг эсэргүүцэгч галзуу нэгэн тэр бөмбөгийг дэлбэлж Америкийн засаг төрд анхааруулага өгөх санаархалтай байсан гэдгээ хуулийн өмнө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ричард Жөүл эхнэр авч Меривезерийн цагдаагийн газарт ажиллан яг л кинонд гардаг шигээ намуухан амьдарч байгаад хорвоогоос явсан юм билээ. Бас түүнийг нас барахаас жилийн өмнө Жорж мужийн амбан захирагч лүндэн буулгаж Ричард Жөүлийг олон хүний амийг аварсан баатарлаг үйлстэн гэдгийг албан ёсоор зарлан хүндэтгэлийн жуух илгээсэн юм.

БЭЛТГЭСЭН Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *