Categories
мэдээ цаг-үе

Рэп бүжгийн хамтлагтай 10 “А” ангийнхан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын II арван жилийн дунд сургууль буюу хуучны нэрээр Орос сургуулийн үүдээр орсон хэн боловч сургууль уу, амьд байгалийн музей юу хэмээн эргэлзэн тээнэгэлздэг гэнэ. Монгол орны үзэсгэлэнт газруудын уран зураг, төрөл бүрийн амьтдын чихмэл, өнгө алаглах цэцэгс гээд л Монголд байтугай дэлхийд ч ховорт тооцогдохоор гайхалтай орчинг энэхүү сургууль цогцлоосон байна. Цэцэрлэгт хүрээлэн, уран зургийн галерей, амьд байгалийн музейд орсон мэт сэтгэгдэл төрүүлэм энэ гоёхон сургуулийг 2000 онд төгссөн 10 “А” анги энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочилж байна. Тэдэнд “А” үсэг заасан ачтан бол Төмөрмөнх багш гэнэ. Харин ахлах ангид хими, биологийн Оюунсүрэн багш дааж авчээ. 10 “А” анги 24 сурагчтай. Тэд өнгөрсөн зун төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор халуун ам бүлээрээ уулзаж хамгийн гэгээлэг, сэтгэлд хоногшсон он жилүүдээ дурсацгаасан байна.

10 “А” анги урлаг спорт, сурлага, хөдөлмөрөөрөө сургуулийнхаа манлайлагч ангийн нэг нь байжээ. Ангиасаа Амгаланбаатар, Тулгаа, Батболд нар хичээлдээ тун сайн. Хичээл номдоо сайнаас гадна уянгалаг сайхан дуулдаг нь Солонго байсан гэнэ. Мөн Болоржаргал, Батцолмон, Отгонтуяа, Сарантуяа, Батцэцэг гээд ангийн адтай хэдэн охин реп бүжгийн хамтлаг байгуулсан байна. Тэд “Хар сарнай” хамтлагийн дуунууд дээр бүжиглэдэг. Тэр дундаа “Бүтээнэ, сөнөөнө” дуун дээр бүжиглэх илүү дуртай байжээ. Охидын рэп бүжгийн хамтлаг урлаг соёлын арга хэмжээнд чамгүй амжилттай оролцдог байсан аж. Харин Х.Батцэцэг, Энхболд нар хамгийн спортлог нь байжээ. Сургуулийн хүүхдүүд тавдугаар ангиа төгсөөд Баруунхараагийн хөдөлмөр, амралтын зусланд жилд хоёр удаа явдаг байжээ. Сургуулиа төгсөөд зуны ажилд явна. Сургууль орж эхлэнгүүт намрын ажилд явна. Зуны ажлаар гол төлөв төмс, нарийн ногооны зэрлэг зулгаана, хөвгүүд нарийн ногооны услалтын системийг зөөвөрлөн усалгаа хийдэг байж. Хоёр цагт нэг удаа усалгаа хийнэ. Тиймээс хөвгүүд усалгаан дээр томилогдох тун дуртай. Мөн ангиараа эгнэж зогсож байгаад багшийн дохиогоор ногоон талбайн зэрлэгийг зулгааж эхэлнэ. Заримдаа гарын хуруу хагарч, саарьтах нь энүүхэнд ч, энэ бол тэр үеийн хүүхдүүдийн хувьд тийм ч том асуудал биш байжээ.

Зунжин арчилсан ногоогоо намрын ажлаар явж хураана, зооринд хийж хадгална. Ажлын зав чөлөөгөөр тэмцээн уралдаан, бүжиг наадам ч хийхээ мартахгүй. Мөн гэдсээ дүүртэл лууван иддэг байж. Тэр олон луувангаас аль нь амттай байдаг гэдгийг ч бүр нүдэлчихдэг байна.

Болоржаргал “Бид намрын ажилд явж байхдаа нэг удаа цайндаа хурдан орох гээд цагаа ухраачихаад “Багш аа, цайны цаг болчихжээ. Хэдүүлээ цайндаа орох уу” гэж билээ. Тэр үед багш ч анзаарсангүй. Цайны цаг ямар хурдан болчихов оо” гээд л өнгөрсөн дөө. Бид ч намрын ажил дээр хэд, хэд хөглөсөн дөө. Тухайн үед намрын ажлаас зугтаасан хүн их л нэрд гараад хүмүүс шуугиад байсан юм. Тэгэхээр нь хүүхдүүд юм хойно, зугтаачих юм бол хүн болгон ярих юм байна гэж бодоод ангиараа зугтаачихаж билээ.

Багш минь “Хүүе, хаая. Та нарыг дээ” болоод л үлдсэн. Бид хэд ч бүгд вагонд суучихсан. Гэтэл бүгд билет байхгүй болохоор хөөгдөж буусан даа. Эргээд Загдалын сангийн аж ахуйн хөдөлмөр, амралтын зусландаа ирээд багшдаа ёстой бут авахуулсан шүү. Бид бүгдийн сэтгэлд тодоос тод үлджээ.

Ангийнхан ажил дээр байх үедээ нэг нэгэндээ туслан ажлаа амжуулдаг байжээ. Энэ бүхний үр дүнд 10 “А” ангийнхан хамтач, нөхөрсөг, хөдөлмөрч хүмүүс болж төлөвшсөн байна. Эдний ангийнхан Баруунхараагийн нутгаар явж өнгөрөх бүрт сурагч насны хөдөлмөр амралтын зуслан санаанд орж, дурсамж сэдэрдэг шүү” хэмээн ярьсан юм. 90 жилийн түүхтэй энэхүү эрдмийн өргөөнд химийн Оюунсүрэн, физикийн Лхагвасүрэн, монгол хэлний Цэрэнханд, газарзүйн Отгонсүрэн, уран зохиолын Долгор, зурагзүйн Баяраа, биологийн Тэгшжаргал гээд олон чадварлаг багш нар ажиллаж байжээ. Химийн гэх тодотголоор нь Оюунсүрэн багшийг Мандал сумынхан андахгүй мэддэг гэнэ. Тэрээр маш зарчимч хүн учир гэрийн даалгавар хийж ирээгүй үед жавтий хүртээх нь энүүхэнд аж. Багшдаа аашлуулахгүйн тулд даалгавраа хийх гэж мэрийдэг байсан шүү гэж тэд хуучилсан юм. Ангийн хөвгүүн Д.Батболд “Манай сургуулийн үе үеийн төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт, сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөн сайн сайхан яваа нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон эрдэмтэн олон багш нарын минь ач буян билээ. Би аялал жуулчлалын мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ их сургуульд багшилдаг юм. Сургуулийн минь тэр л гоё орчин намайг эх орноо таньж мэдэх, энэ мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгоход маш ихээр нөлөөлсөн. Тухайн цаг үед манай сургуулийг төгссөн олон олон хүүхэд залууст эх орноо хайрлах, байгаль, экологийн талаарх ойлголтыг суулгаж өгсөн эрдмийн өргөө гэж боддог” гэсэн юм.

Тэднийг бага ангид байх үед нь “Халтар царайт” кино гарч эхэлжээ. Кино эхлэнгүүт хашаа хороо, гудамжаар ямар ч хүн үзэгдэхгүй. Харин энэ үе тэдний жимс түүж идэх нууц ажиллагаа явуулдаг оргил цаг нь байсан гэнэ. Хөвгүүдээрээ нийлж айл бүрийн хашаанд ургадаг мойл, чацаргана гээд жимс түүж иддэг байж гэнэ. Мандал сумын II арван жилийн сургууль сумын сургууль гэж хэлэхээргүй орчин үелэг байжээ. Тухайлбал, завсарлагаа бүрээр “Aqua”, “Spice girls”, “Backstreet boys”, “Cher” гэх мэт тухайн цаг үеийн хамгийн алдартай хамтлаг, дуучдын хит дуунууд эгшиглэн нам гүм байсан байгалийн музей агшин зуур л урлагийн гайхалтай ертөнцөөр амьсгалан, дуу хөгжмөөр хөглөгддөг байж. Завсарлагаанаар жижүүр ангийн хүүхдүүд өгсөх уруудах шат, сургуулийн хоёр давхрын төв талбай, үүд зэрэг газруудад эгнэн зогсож, дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьдаг байсан гэнэ. Ийм гайхалтай орчин, дэг журмыг тогтоосон нь тус сургуулийн олон арван тэргүүн туршлагын нэг нь байжээ.

Түүнчлэн 10 “А” ангийн хөвгүүд сургуульдаа хамгийн стиллэгт ордог байсан гэнэ. Ахлах ангид орох үед нь үсээ тослон гялалзуулж шараар будуулах зэрэг хэв маягт орж эхэлжээ. Үсний тос төдийлөн олдохгүй тул ургамлын тос түрхчихдэг байсан гэнэ. Харин үсээ шараар будуулаагүй хүн энэ ангид тун ховор гэсэн. Охидын хувьд зузаан ултай гутал, цайралттай жийнс хамгийн гоё хувцас байжээ.

Эдний ангиас хайрын захиаг голдуу Азжаргал, Батцолмон гэх хөөрхөн охид авна. Харин Энхболд хүү нэг ижил захиаг ангийнхаа бүх охинд өгч байгаад баригдсан хөгтэй явдал ч болж байжээ. Тэднийг төгсөх үед “Салхи” хамтлагийн “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуу ид хит болж, олон ч анхны хайрын дурсамжийг хадгалж үлджээ.

10 “А” ангийнханд Оюунсүрэн багшдаа одоог хүртэл хэлээгүй нэг нууц байдаг гэнэ. Тэд зусланд байх үедээ цайндаа орохоор явж байж л дээ. Гэтэл багшийнх нь дээл ногооны талбайн хажууханд байж гэнэ. Тухайн үедээ дүрсгүй хэдэн нөхөд нь багшийнхаа дээлийг нуучихжээ. Багш нь ч дээл алга болчихлоо гэж сүртэй юм болсонгүй. Бүгд мартацгаачихсан байна. Гэтэл дараа жил нь зуслан дээр иртэл багшийнх нь дээл яг орхисон газар нь байжээ. Багшдаа хэлэх гэхээр зүрх нь хүрэхгүй, буруу зүйл хийсэндээ гэмшээд одоог хүртэл хэлээгүй гэсэн. Дэггүйтэж багшийнхаа дээлийг гээгдүүлсэн болохоор удахгүй багшдаа маш гоё дээл авч өгөхөөр ярьж байгаа гэсэн.

Энэ ангийнхан аялал жуулчлал, зураач, эмч, багш гээд олон төрлийн мэргэжил эзэмшиж гол төлөв Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт суурьшжээ. Гэсэн хэдий ч жилдээ нэгээс хоёр удаа заавал уулздаг байна.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *