Монголын ажил хэрэгч эзэд реклам, зар сурталчилгаагаа сонин хэвлэлд өгөх эрмэлзлэлтэй болжээ. Зар сурталчилгаа өндөр хөгжсөн орнуудад бизнес эрхлэгчид телевизээр нэг их рекламдуулаад байдаггүй. Манай улс ч ийм жишиг рүү орж байна. Энэ нь техникийн хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг судлаачид онцоллоо. Хуучин цагт цөөн телевизтэй байхад рекламдуулагчид зар сурталчилгаагаа телевизэд өгдөг байсан. Үзэгчид хүссэн ч, эс хүссэн ч түүнийг үзэх болдог байв. Харин орчин үед телевизийн салбар дахь технологийн дэвшил нь үйл ажиллагаагаа сурталчлуулагч, бараа бүтээгдэхүүнээ рекламдуулагчдын хувьд тохиромжгүй байдал үүсгэж эхэлжээ. Тухайлбал, юнивишн, скаймедиа зэрэг кабелийн сувгууд хүссэн нэвтрүүлгээ ухрааж үзэх технологийг нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд хүссэн кино, мэдээ, нэвтрүүлгээ хүссэн цагтаа үзэх боломжийг олгосон яахын аргагүй дэвшилтэт технологи мөн.
Хуучин ийм нэг онигоо байлаа. Радиогоор их сайхан дуу явж байгааг чагнаж суусан хөдөөний эмэгтэй “Мөнчиг сайхан дуу юм даа. Дараа орж ирээд сонсъё байз” гээд радиогоо унтраачихаад гүүгээ саахаар гарч байсан гэдэг.
Хэдэн жилийн өмнө энэ яриа онигоо байсан бол одоо биелэлээ олсон. Хүмүүс хүссэн цагтаа хүссэн нэвтрүүлгээ үздэг болсон. Телевизийн аль гоё нэвтрүүлэг, кинон дундуурх зар сурталчилгаа өндөр үнэтэй байдаг. Гэтэл үзэгчид реклам гараад эхлэнгүүт гүйлгэчихдэг болсонд л хамаг учир байна. Жишээлбэл, “Цагийн хүрд”-ийг цагт нь үздэг хүн байхгүй. Судлаад үзэхэд мэдээллийн энэ нэвтрүүлгийг 21-22 цагийн хооронд нөхөж үздэг болж. Усан мэдээллийг шахаж үзэж байгаа нь тэр. Хуучин “Цагийн хүрд”-ээр дэлгүүрийн нээлтийн талаарх зүсээ хувиргасан төлбөртэй мэдээлэл гарахад телевизор руугаа углаашаа шидээд зүхээд суудаг байсан. Харин одоо усан мэдээг нь шахчихаад, хүссэн мэдээллээ үзэх боломжийг техникийн дэвшил олгосон. Айл болгонд юнивишн, скаймедиа байхгүй гэхэд хөдөөгийн захын багт “Ddish”-ээр 80 гаруй суваг үзэх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 152 телевиз байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас харж болно. Ийм олон сонголт байхад хэн реклам, зар сурталчилгаа харах билээ. Реклам эхлэхэд өөр нэг сувгийг сонгоход л киногоо үргэлжлүүлээд үзэх боломжтой болсон. Байлаа гэхэд зар сурталчилгаа гарах хооронд ариун цэврийн өрөө явах, ойр зуурын аяга тавгаа угаах ажлаа амжуулчихдаг. Ийм учраас л рекламдуулагчдын мөнгө үр ашиггүй, долгион дунд ууршаад алга болчихдог болсон. Өндөр хөгжилтэй орнуудад ч ийм байсан учраас зар сурталчилгааг сонин дээр тавих нь илүү үр дүнтэйг бизнес эрхлэгчид баталчихсан хэрэг. Сонин бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн суурийг тавьсан хамгийн эртний хэрэгсэл. Өнөө хэр нь дэлхий даяараа өргөн хүрээг хамарсан мэдээллийн гол хэрэгсэл байсаар байгаа. Хэвлэлийн реклам бол эртний уламжлал бүхий “худалдааны хөдөлгөгч хүч” гэдгийг нэр хүндтэй бизнес эрхлэгчид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Зарыг түгээх хамгийн ашигтай , тохиромжтой хэлбэр бол сонин болон хэвлэмэл материалууд байдаг гэж судлаачид үздэг. Реклам, зар сурталчилгааг өдөр тутмын сонин дээр л тавьж ажил үйлчилгээгээ олон хүргэж, түүнээсээ ашиг олдог нь тухайн улсад хамгийн олон захиалагчтай сонины зар сурталчилгаа байнга өсч байдгаас харагдаж байгаа юм. Энэ нь ч аргагүй. Уншигчид сонины нүүрийг эргүүлж, алгасч харлаа ч гэсэн заавал эргэж уншигддаг. Хүссэн ч, эс хүссэн ч гарчиглахгүй өнгөрдөггүй. Өдөр тутмын сониноос өнөөдөр гарчиглалаа, маргааш харлаа, нөгөөдөр дахиад уншлаа. Ингэхээр уншигчийн нүдэнд яах аргагүй тогтож үлддэг. Дараа нь нөгөө бараагаа харахад танилтайгаа уулзаж байгаа мэт дотно, мэддэг болчихсон байдаг. Өдөр тутмын сонинд зар сурталчилгаа үр дүнд хүрдэгийн ид шид нь энэ.
Үүнээс гадна өдөр тутмын сонинг сэхээтэн, оюунлаг, хөрөнгөлөг хэсэг нь уншдаг. Ийм бүлэгт хүрсэн зар сурталчилгаа хэзээд үр дүнгээ өгдөг. Барилга, орон сууц рекламдлаа гэхэд уншиж байгаа хүмүүс нь төлбөрийн чадвартай байдаг. СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн багш Г.Нарантунгалаг менежмент, боловсон хүчний асуудлаар хийсэн судалгаа хийхэд байгууллагууд ажилтны хэрэгцээ гарахад хамгийн түрүүнд сонинд зар өгдөг гэсэн дүн гарчээ. Нэр хүндтэй, мөнгөтэй, олон улсын байгууллагуудын 66 хувь нь өдөр тутмын сонинуудад зар өгөх нь үр дүнтэй байдаг гэж үздэгээ илэрхийлсэн байна. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар ч өдөр тутмын сонинуудаар ажлын зар, барилга, барилгын материалын худалдаа, орон сууц, гэр ахуйн болон электрон бараа, тавилга, банк, санхүү, даатгал, бүх төрлийн сургалт, уралдаан тэмцээн, хүнс, хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын сонинуудаар сурталчлах нь их байна гэжээ. Мөн машин тээвэр, сэлбэг, засвар үйлчилгээ, түлш, гар утас, харилцаа холбоо, хувцас хэрэглэл, уул уурхай, олборлолт, тээвэр зуучлал, аяллын зар сурталчилгааг өдөр тутмын сонинуудад тавьж байна гэжээ. Энэ бол бүх салбарынхан өдөр тутмын сониноор рекламдуулахын ач тусыг ойлгож байгааг харуулсан хэрэг. Сурталчлагч байгууллагуудын хувьд “Оюутолгой”, “Мастер” ХХК, Номин стандарт, Голомт банк, Тэнгэр трейвел, PC малл, Худалдаа хөгжлийн банк, Дакон төв, Некст электроникс зэрэг компани, байгууллагууд өдөр тутмын сонинуудаар сурталчилгаагаа түгээгчдийг тэргүүлжээ. Эдгээр байгууллагууд бол Монголын топ бизнесийн байгууллагууд. Яагаад гэвэл өдөр тутмын сониноор рекламдуулахад бизнес нь амжилт олдог. Эдийн засаг хүнд байгаа энэ үед ч сонины реклам болон захиалгын тоо сэргээд байгаагийн нууц үүнд байгаа юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР