Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Реклам

Арилжааны телевизүү­дийн хувьд хоолоо олж иддэг зүйл нь реклам сурталчилгаа. Тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг мэдээ мэдээллийн хөтөлбөрөө гаргадаг цаг нь хүмүүсийн буйдан дээрээ тухлан гэр бүлээрээ тойрч суухтай давхацдаг.

Энэ үед хүмүүс хоол ундаа идчихсэн, өдрийн алжаалаа тайлж хөлөө амраадаг мөч нь. Яг энэ үеэр, эсвэл киноны дундуур элдэв хоол, чихэр, ундааны рекламуудаа “чихэж” өгнө. Хоолоо идээд дуусчихсан, шүдээ угаачихсан хүмүүсийн юм идэх дурыг ингээд л хөдөлгөж эхэлнэ.

Эхний рекламыг шүлсээ залгиад өнгөрөөчихнө. Дараагийнхыг ч бас. Тэгээд гурав дахь удаагийн рекламны зайгаар хүүхдээ орц болон гудамжны дэлгүүр рүү гүйлгэнэ. Унтахын өмнөхөн гаазтай ундаа, шүдэнд наалдах чихэр, зайрмаг, шоколад идэцгээнэ.

Орой бүр ингэж амттан шимттэнээр хооллож буруу хэвшилтэй болчихсон айл зөндөө бий. Хүмүүсийн буруу гэж байхгүй. Хоолоо идээд цадчихсан байхад нь амттай юм харуулж байгалиас заяасан хариу үйлдлийг сэдрээн өдөж байгаа нь рекламны буруу. Телевизийнхэн идэх уух юмны рекламыг арай өөр цагаар гаргаж байхгүй бол рекламны өдөөлтөөр буруу хооллодог гэр бүлүүд улам л нэмэгдэх болно. Оргил цагаараа амттаны реклам явуулахгүй хоёр хоноход л хичнээн айл хүүхдээ үдэш оройгоор дэлгүүр рүү гаргахгүй, байн байн хөргөгчний хаалгаа татахгүй амар тайван унтах бол оo.

Таргалалтын нэг том шалтгаан нь орой амттан идэж, ундаа уудаг буруу хооллолт гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр телевизүүд хэдий орлогоо бодох ёстой ч үүргээ бас ухамсарлаж рекламны цагтаа жаахан л зохицуулалт хийчихэд ард түмний эрүүл мэндэд томоохон тус хүргэх нь байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *