Categories
мэдээ цаг-үе

Рэгжийбуугийн Нямдорж: Монгол бөхийн оройн шүтээн Б.Бат-Эрдэнэ аваргад тамгаа гардуулж буйдаа сэтгэл амгалан байна

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 28 жил ажилласан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Рэгжийбуугийн Нямдоржтой уулзаж хөөрөлдлөө.


-Явуу найрагч “Өнгө нэхий дээлийнхээ дал мөрийг хүүлж үе тэнгийн залуусыг давж явсан удаатай” гэж шүлэглэсэн нь бий. Та багадаа мэдээж барилдаж ноцолдож байсан байх. Чухам яагаад монгол үндэсний бөхтэй холбогдож, томоохон зүтгэлтэн нь болтлоо энэ салбарын төлөө зүтгэх болов?

-Би арван хүүхэдтэй, дараалан таван хүү төрсөн айлын хүүхэд шүү дээ хө. Миний дараагийн дүү надаас жил зургаан сараар дүү, улсын заан Р.Давааням юм. Айлын хүүхдүүд ойрхон төрснөөрөө найзалдаг. Тэгэхээр би чинь хувь заяагаар дүүтэйгээ их ойрхон байж таарна аа даа. Манай дараагийн хоёр дүү бас хоорондоо их ходий. Давааням бид хоёр чинь өвөртөө унтаж, аргалд цуг явна, тоосго хамт цохьдог, зодолддог, барилддаг, бүх юманд л холбоотой хоёр байхгүй юу. Манай суманд тийм онцгой том бөх ч байгаагүй. Дүү маань их бяртай. “Энэ муу эрэгэн духалчихаад их бяртай юм аа” л гэж өхөөрдсөн маягтай ярихаас бөх болно гэж хэзээ ч ярьж байгаагүй. Яагаад гэвэл манай сум олигтой бөхгүй болохоор улсын цолтой том бөх Говь-Алтайн Чандманиас төрөх юм гэж яаж мэдэх вэ дээ. Тийм хүнтэй хоорондоо ноцолдоод өсчихсөн болохоор бөхөөс хол байсан гэж хэлбэл алдас болох байлгүй. Хүүхэд байхад парадуктараар бөх чагнана. Парадуктараа нэг нь чихэндээ бариад тойрч суусан бусдадаа “Тэгж байна аа” гээд л дамжуулна даа. Хувь заяагаар би ингэж л улсын заан хүнтэй нэг эхийн хэвлийгээс мэндэлж, нэг дор өссөн байна.

-Анх улсын цолтой хэн гэдэг бөхийг харж байв?

-Багаасаа ноцолдоод өссөн болохоор бөхөд хачин сонирхолтой болчихгүй юу. Таван эрэгтэй хүүхдийн найз гэхээр сумын хорь гучаад жаал байна биз дээ. Манай аав биднийг цуглуулж байгаад хавийн зүлэг ногоог халцайтал барилдуулна. Нутагтаа байхад би улсын цолтой бөх үзээгүй. Есдүгээр ангид байхад манай суманд нэг том баяр болж аймгийн арслан Чонохүү, Чандманийн харьяат Жаргалсайхан арслан, аймгийн заан Пүрэвээ нарын том цолтой бөхчүүд ирж барилдсан. Миний хамгийн анх үзсэн том цолтой бөхчүүд эд. Аравдугаар ангидаа аймгийн зааланд барилдаан болоход Завхан аймгийн арслан Арилдий, Баянхонгор аймгийн арслан улаан Лодой, Увс аймгийн арслан Түмэннасан ч билүү эдний барилдааныг л үзсэн. Хотод их сургуульд оюутан болоод нэг хөгшин хүнтэй цуг ирсэн. Тэдний хүү нь Улаанбаатарт сурдаг байсан юм. Тэр залуу ээж бид хоёрыгоо алсыг харагч дээр суулгалаа. Нөгөө эмгэн чинь зайлуул ямар юмных нь алсыг харахав, нүдээ аньчихаад эрихээ эргүүлж, маани уншсаар бууж ирсэн. Уулан дээр хөлөөрөө гардаг хүн чинь агаарт хий гарахаар толгой нь эргэлгүй яахав. Би ч гэсэн төмрөөс нь зуурсаар нэг юм бууж ирсэн. Тэндээсээ дагуулаад Морин тойруулга дээр аваачлаа. Тэнд цэргүүд ирлээ. Морь булгиуллаа. Хөдөөнөөс ирсэн болохоор тэр нь их гоё юм аа. Тэгээд барилдлаа. Тэгсэн тэр салааны цэрэг Дашдоржийн Цэрэнтогтох гэж нэг сайхан залуу байна. “Энэ Цэрэнтогтох бол энэ жилийн наадамд Бээжин аваргаар зургаа давж улсын начин болсон хүн” гэцгээнэ. Үзүүр түрүүнд Бээжин аваргатайгаа үлдсэн Цэрэнтогтох нь бас хаячихлаа. Анх удаа ингэж улсын цолтой бөх харлаа.

-Давааням заан хэдийнээс амжилт гаргаж эхлэв?

-Далан гурван оноос улсын идэрчүүдийн аварга болоод барилдаад эхэлсэн. Дүүгийнхээ барилдааныг харах гэж Спортын төв ордонд ороод урд талынхаа хүнээс өндөр болох гэж 406-гийн пальтогоо тайлж шалан дээр эвхэж тавиад л үзэж гарна даа. Тэр үеэс бөхчүүд намайг таних болсон.

-Та ухамсарт амьдралынхаа бүхэл бүтэн 28 жилийг зориулсан Монголын үндэсний бөхийн тэргүүн гэдэг нэр хүндтэй албанаасаа бууж, тамгаа дараагийн багийнхандаа гардуулах боллоо гэсэн. Амьдралынхаа утга учир болсон ажил албаа хүлээлгэж өгнө гэхээр сэтгэл жаахан гунигтай л байгаа байх даа?

-Би физикч, хуульч хүн болохоор жаахан ном уншсаных аливаад сэтгэл зүйгээ бэлдээд явдаг дадал заншил байна аа, надад. Физикийн анги төгсөөд байхад хуулийн салбарт криминилистик гэдэг хичээл заалгана гэж авсан юм. Хуулийн ангид шүүх-сэтгэл судлал гэдэг хичээл ордог юм байна. Физикийн ангид сурч байхад ерөнхий сэтгэл судлал үздэг. Хуулийн ангид тэр хичээлийг заадаггүй учраас би заах болсон. Хичээлтэйгээ холбогдуулан хүний сэтгэл зүйн үзэгдэл процессын талаар жаахан уншаад, өөртөө тодорхой зүйлсийг шингээж авсан минь амьдралд их хэрэг болдог. Би Дейл Карнегийн номыг их ярьдаг. Энийг уншаад миний сэтгэлд цоо шинэ ертөнц нээгдсэн юм. Бухимдалгүй амьдрах зарчим бичсэн хүн шүү дээ. Тэр зарчмаар бол болох гэж буй үйл явдлын хамгийн муу үр дагавартай эвлэрэх ёстой. Би үүнийг яагаад хэлж байна гэхээр МҮБХ-г би 28 жил удирдаад өгнө гэдэгтээ сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан учраас тийм их гуниг харуусал надад байхгүй. Хүнд хайрлах юм байна аа. Хорин найман жилийн хөдөлмөр бол том хөдөлмөр. Бид энд шургуу, шударга, шуналгүй ажилласан улс. Тэр зарчим маань үргэлжлээсэй гэсэн хүсэл маань ч биелсэн.

-Бат-Эрдэнэ аваргад хөлгийнхөө жолоог атгуулсандаа та их баяртай байгаа юм аа даа?

-Бурханы шашнаар Богд Зонхов ч юмуу, Наймдугаар Богд Жавзундамба хутагт шиг Монгол бөхийн оройн дээд хүн гэвэл улсын наадамд арван хоёр түрүүлчихсэн, УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо Байнгын хорооны даргын алба хашсан, Засгийн газарт сайд хийгээд салбар удирдчихсан, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Монголын хүн амын бараг тавин хувийн санал авсан Монгол Улсын даяар дуурсагдах дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ шүү дээ. Ийм оройн дээд хүнд Монголын үндэсний бөхийн холбоог гардуулаад өгч байгаа болохоор маш уужуу тайвуу, амгалантай байна даа. Бат-Эрдэнэ аварга бидний хүмүүжил ойролцоо, хөдөөний хүмүүс. Аварга чинь бизнес хийж байхдаа “алт ухахгүй, амьтны амь таслахгүй, архи зарахгүй ээ” гэж андгайлсан хүн юм билээ. Энийг нь бодоход л гайхамшигтай ёс суртахуун. Бөхийн өргөөнд ямар нэгэн дэл сул юм байлаа гэхэд “Бат-Эрдэнэ аварга авчих болов уу” гэж ой ухаанд багтах нь байтугай бодож ч чадахааргүй тийм итгэл үнэмшлийг төрүүлсэн хүн.

-Та бүхний санаачилгаар Бөхийн өргөө боссоноор зарим хүмүүсийн шуналын дэв шүглэж, монгол бөхчүүд талцаж хэрэлдээд эхэлсэн юм шиг санагддаг…

-МҮБХ гэдэг байгууллагыг 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд байгуулаад өнөөдрийг хүртэл монгол бөхөд жаран шинэ зүйлийг хийлээ. Эдийн засгийн хэлээр бол макро түвшний ажлууд ч байна, микро түвшний ажлууд ч байна. Монголын үндэсний бөхийн холбоог байгуулж, Монгол бөхийн өргөөг бүтээн босгон, Монгол бөх судлалыг үүсгэн хөгжүүллээ. Өнөөгийн залуус 1921 оны ардын хувьсгалыг маш амархан зүйл гэж бодоод байдаг даа. Тэрэн шиг Бөхийн өргөөг маш амархан бүтчихсэн зүйл гэж ойлгоод байдаг юм. МҮБХ байгуулагдаж, бөх барилдуулах эрх манай холбоонд шилжсэн чинь Спортын төв ордоны удирдлага тэнд барилдуулахгүй гэж хорьсон. Дагвасүрэн арслангийнхаа буянаар Анагаахын дээд сургуулийн зааланд нэг хэсэг барилдуулдаг байлаа. Үзэгчид багтахгүй болохоор лоож нь шажигнаж тэр чигээрээ нурах гээд айлгадаг байлаа шүү дээ. Тэндээс өөрийн гэсэн орд өргөөгүй л бол бөх хөгжихгүй юм байна гэдгийг дэд тэргүүн Д.Данзан бид хоёр яс махандаа шингэтэл ойлгосон. Тэгэхэд Данзан хоёулаа Их сургуулийн 401 тоот өрөөнд сууж байгаад найман сектортой, гэр хэлбэрийн дугуй өргөө байна гэж анхны хар зургийг нь гарган зурж байлаа. Тэр хар зургаа тэргүүлэгчид болох Худалдаа, аж үйлдвэрийн яамны дэд сайд Мандалсүрэн, Барилгын цэргийн удирдах газрын дарга Жаргал, Даваасамбуу гуай нартаа танилцуулаад эхэлсэн юм. Хэрвээ тэгж л зураагүй байсан бол ордон болон сүндэрлэх ч үгүй байсан байж магадгүй. 1993 онд барилгын ажил эхлээд 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон доо. Хүнд шунал гэдэг муухай нисванис байна шүү дээ. Тиймээс Бөхийн өргөө босуутаа л тэдний шуналыг хөдөлгөсөн нь тодорхой. Хэрүүл маргаан 2002 оны Их Эеэс эхэлсэн дээ.

-Жаран ажлын эхлэл ч мундаг тавигдаж байжээ?

-Монгол бөхийн барилдааныг цаг хугацаатай болгон, Монгол бөх ойлголтыг тодорхойлж, монгол бөхийн аксиомыг томьёоллоо. Мөн шинээр харцага, гарьд цолыг бий болгож, бөхийг компьютерийн программтай болгон, “Монгол бөхийн нэвтэрхий толь”-ийг туурвисан. Микро түвшинд бол барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж, барилдааны тасалбарыг цахимаар зарах, барилдааны шүүлт хийхдээ камерын бичлэг ашигладаг болох тухай асуудлыг шийдлээ. Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх, Дөрвөн уулын хишиг, цолны хүндэтгэлийн, бизнес, нийтийн монгол бөхийн, сумын цолтой бөхчүүдийн, цэцэрлэгийн хүүхдүүдийн зэрэг барилдааны олон төрлийг бий болголоо.

-Бөхчүүдийг алдаршуулсан ямар ажлууд зохиов?

-Бөхчүүдэд зориулсан эзэнтэй дуу бий боллоо, алдартай бөхчүүдийн хөшөө дурсгалыг босголоо. Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдийн хүндэтгэлийн малгай бий болсноор ард түмэн бөхчүүдээ хичнээн хүндэтгэж байна вэ. Улсын аваргуудын хөргийг бүтээлгэж, Бөхчүүдийн алдрыг тэмдэглэдэг болсон. Ахмад дархан аваргуудыг түрүү бөхийн байгаар байлж байна. Үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь бөхчүүдийг төр засгийн дээд шагналаар шагнуулсан гээд тоочоод байвал олон ажил бий. Бөхчүүдийн нийгмийн асуудлын тухайд 45-аас дээш насны бөхчүүдийг цолны хишигтэй болгож, бөхийн бай мөрийг нэмэгдүүлэн, бөхчүүдэд олгодог тусламж, тэтгэмж, шагнал урамшлын тогтолцоог бий болгосон доо.

-Эдийн засгийн талаасаа ч бөхчүүдийн ахуй хангамж сайжирсан гэх юм билээ. Ёс жудаг талаас хийсэн зүйл их байгаа байлгүй?

-Ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Өндөр ойн жилээр цол өсгөж олгодог байсныг зогсоолоо. Улсын баяр наадмаас өөр аль ч шатны, ямар ч хэлбэрийн барилдаанд улс, аймаг, сумын цол олгохгүй болгосон зэргээр монгол бөхөд шударга ёс тогтоох ажлууд хийсэн.

-Зохиолч, бичгийн хүний хувьд та бөхийн талын хэвлэл мэдээллийг нэлээд хөгжүүлсэн биз?

-Монгол бөхийн мэдээллийн хангамж сайжирсан. “Монгол бөх”, “Манлайн баясгалан”, “Үндэсний бөх” сэтгүүлүүдийг анх гарган монгол бөхийн тогтмол хэвлэлийн эхийг тавилаа. “Бөх” сониныг бий болгон, тогтмолжуулсан. “Үндэсний бөх.мн” сайт ажиллуулж байна. “Цэнгэлийн манлай” бие даасан нэвтрүүлгийг бий болголоо. Хамгийн гол нь Монгол бөхийн номын санг бүрдүүллээ дээ. Монгол бөхөд одоо шинжлэх ухааны түвшинд хандах болсон гэдгийг шинээр ажиллах нөхдөдөө би хэлж байгаа.

-Монгол бөхөд сэргээн хэвшүүлсэн зүйл юу байдаг бол?

-За, бөхийн шавааг сэргээсээн. Мартагдсан нэр томьёог сэргээлээ. Улсын цолгүй бөхчүүдийн барилдааныг явуулах болсон. Бөхийн менежментийн хувьд гэхэд Их Эе, Цэцдийн зөвлөлийн хурлыг бий болголоо. Жил бүр уриа дэвшүүлэн, түүнд бодлогоо чиглүүлэн ажилладаг арга барилыг нэвтрүүлсэн. Наадмаас наадмын хооронд болох барилдааны хуваарийг гарган бөхчүүд, үзэгчдийг мэдээллээр хангаж байна. Наадмын товхимол гарган түүхэн баримт бүрдүүлэн, барилдаан бүрийн тэмдэглэл хөтөлж, судалгааны хэрэглэгдэхүүн бэлддэг болов. Монгол бөхийг дэлхийд таниулсан ажлууд гэхэд Гиннест болон ЮНЕСКО-д бүртгүүлж,сумод монгол хүүхдүүдийг анх явуулсан маань ямархан үр дүнтэй ажил болсныг монголчууд маань сайн санаж байгаа нь лавтай. Бөхийн цол дуудаачдын улсын уралдааныг бий болгон, Үндэсний бөх, урлагийн үзүүлбэр хосолсон шинэ шоу цэнгүүнийг “Миний нутаг сайхан” тоглолтоор үүсгэн, түгээн дэлгэрүүллээ. “Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу” авьяаслаг бөхчүүдийн концертыг бий болгосон чинь хүмүүст жигтэйхэн их хүрсэн шүү. “Хөдөөгийн хүчтэн”, “Нутгаа дуурсгана” шигшмэл барилдаануудыг тусгайд нь явуулдаг болов.

-Тоочоод байвал ч өөр олон л ажил байгаа болов уу?

-Аймгийн начин цолтны барилдаан байна. Монгол бөхийн өмсгөлийн жишиг тогтоосныг дурдахаас аргагүй. Бөхчүүдийг соён гэгээрүүлэх ажил олныг зохион байгуулсан даа. Дүрс бичлэгээр маргаантай барилдааныг шүүх ажлыг туршаад эхэлчихлээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын алдар цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг батлан гаргаж хэрэгжүүлж байна. Бөхчүүдээс барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ авдаг болсон. Жудгийн журмыг батлан хэрэгжүүлдэг боллоо. Барилдах бөхчүүдийг урьдчилан цахимаар бүртгэдэг болов. Барилдааны тасалбарыг онлайнаар худалдаалж эхлэв. Аварга, арслан, гарьд цолтнуудад зодоглох бүрт нь нэмэгдэл урамшил олгодог боллоо гээд тоочоод байвал жараас ч олон ажил байгаа даа.

-Амьдралынхаа зорилго болгож явсан Бөхийн холбооныхоо ажлаас хөндийрчихдөг юм байж. Цаашид та юу хийж бүтээх зорилготой байгаа чинь сонирхолтой байна л даа?

-Залуу хүн ирээдүйгээ төлөвлөнө, жар хүрсэн хүн үлдсэн амьдралаа төлөвлөнө гэж би сүүлийн үед яриад байгаа юм. Энэ их үнэн томьёолол шүү. Хорин настай хүнд бол ирээдүй нь цэлийгээд хаа хүрэх гэж байгаа нь мэдэгдэхгүй, хаашаа ч үсчээд байж болно. Жар хүрсэн хүн үсрээд ная хүрье гэж бодоход үлдсэн амьдрал үндсэндээ тодорхой юм л даа. Тэгээд би үлдэх амьдралаа гурван зүйлд зориулъя гэж байгаа. Монгол бөхийг ард түмэн баяр цэнгэл болгон ашиглаж ирсэн. Гэтэл Монгол бөх маань Монгол эр хүн бэлтгэх дэг сургууль юм байна. Энэ асуудлыг шинжлэх ухааны түвшинд судалж, амьдралд хэрэгжүүлэх ажлыг хийе гэж Данзан бид хоёр сэтгэл шулуудсан. Монгол бөх дэг сургууль юм бол хүүхдийг хэдэн наснаас нь ноцолдуулах юм, цэргийнхэн болон оюутан залуусыг хэрхэн хамруулах вэ, суманд байгаа залуусыг яах юм, ямар сургалт явуулах юм гэх мэтийг шийдэх шаардлагатай. Сумын наадамд байгалиасаа авьяастай хэдэн нөхөд барилдаж ноцолдоод явж байгаа чинь баяр цэнгэлийн байдалтай зүйл. Харин суманд байгаа тав зургаан зуун залуусыг монгол бөхөөр бэлдэж амьдралаа алдчихдаггүй, архинд живчихдэггүй, амьдралын аар саар бэрхшээлд шантардаггүй, адуу малыг дэлдээд сүүлдээд зогсоож чаддаг ийм эр хүн яаж болгох вэ гэхээр сургалтаар бэлдэнэ. Залуусыг Монгол бөхийн дунд ингэж хутгалдуулахын тулд ямар боломж байгаа, ямар орчин нөхцөлийг бүрдүүлэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ бүгдийг шийдэх шаардлагатай. Энэ ажлыг “Монгол бөхийн хөгжил сан”-гаар хийнэ.

-Та өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Бидний хийх хоёрдахь ажил бол нийгмийн гэгээрлийн ажил. Хүнд зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл төрүүлэх ажлыг нийгмийн гэгээрлийн ажил гэж томьёолъё л доо. Өмнө нь би “Яаж жаргах вэ”, “Амьдрал таньсан хүний үг” гэсэн хоёр номыг “Нийгмийн гэгээрэл сан”-гаас гаргасан. Мөн “Дуулах өдөр” нэртэй эрүүл мэнд гэгээрлийн ажлыг Бөхийн өргөөнд зургаадахь жилдээ явуулж байна. “Яаж жаргах вэ” ном арван таван мянган хувь, “Амьдрал таньсан хүний үг” ном таван мянган хувь борлогдсон. “Яаж жаргах вэ” номоос хүмүүс “Өөрийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх”, “Хүн бүрийн жаргал зовлонгийн ногдвор тэнцүү учир бүгд бусдад атаархах явдалгүй”, “Хүний амьдралын утга учир нь бусдад тус болох явдал” гэх зэргийг ухаарч амьдралдаа хэрэгжүүлж яваа нь надад ирүүлсэн олон арван захидлаас мэдэгддэг. “Амьдрал таньсан хүний үг” номд Монголын нийгэмд танигдсан 12 алдартай хүнээс авсан ярилцлага орсон юм. Тэр хүмүүсээс урьд нь асууж байгаагүй “Хүний амьдралын утга учир юу вэ”, “Таны бодлоор яаж амьдарсныг зөв амьдарсан гэх вэ”, “Хүний амьдралын зовлон, жаргалын шалтгаан юу байдаг бол. Та юу гэж боддог вэ”, “Хүн бэрхшээлийг яаж даван туулах вэ” гэх мэт нэлээд олон содон асуултууд асуусан. Энэ номыг уншсан хүмүүс тэр амьдрал таньсан хүмүүсийн хариултаас их зүйлийг ухаарч, үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэдний хэлснийг өөрсдийнхөө амьдралд мөрдөж яваа тухайгаа олон захидлууд ирүүлж, дараагийн цувралыг гаргахыг хүсэж шаардсан байдаг. Ингэхээр нэг хүний ухаарч ойлгосон зүйл нөгөө хүнд зөв бодол, зөв үзэл, зөв тэмүүлэл төрүүлж амьдралд нь ач тусаа өгч байдаг байна. Ийм болохоор хүн бүр амьдралаас юу ойлгосноо бусдад түгээж байх нь нийгмийн үүрэг гэж үзэхээр зүйл юм. Тэр хүн заавал өндөр боловсролтой, гадаад дотоодод сургууль төгссөн байх албагүй. Биологийн ухааны эрдэмтэн Т.Содной гуай Говь гурван сайханд нутагтай Равжир гэдэг бүсгүйтэй уулзсан тухайгаа “1992 онд юм байна. Дэлхийн нүүдлийн мал аж ахуйг насаараа судалж яваа нэгэн хүн АНУ-аас манай оронд ирж, би тэр хүнтэй хамт Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий нутгаар сар шахам явахдаа Өмнөговь аймгийн Булган сумын малчин, улсын аварга адуучин Аюурзана гэдэг айлд буулаа. Америк зочин маань уламжлалт зангаараа элдвийг асууж сонирхсоор бидний яриа манай шинэ Үндсэн хуулийн “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт руу орлоо. Аюурзанын гэргий Равжир “Тэр заалт чинь буруу. Түүний оронд мал аж ахуйн материаллаг бааз төрийн хамгаалалтад байна гэж заах байсан юм. Хамаг хашаа хороо, худаг усаа устгачихаад энэ төр юугаараа мал хамгаалах юм” гэж билээ. Монголоо мэддэг, малаа мэддэг Равжир шиг задгай ухаантай хүн эдүгээ цагийн манай төрд тун хэрэгтэй байна” гэж дурсан бичсэн байдаг. Ингэхээр ажилчин, малчин, дарга удирдагч, багш, эмч хэн ч бай бусдад санаа өгч зөв явахад нь чиг болох ойлголт бодомжуудтай байх тул түүнийгээ түгээж байх учиртай юм байна. Энэ бол нийгмийн гэгээрлийн ажил. Энэ чиглэлээр бид ажиллана. Бидний хийх гуравдахь ажил бол сум хөгжлийн ажил юм. Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн. Сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Бид сумын 90 жилийн ойгоор 2014 онд 21 залууд бөмбөгөр цагаан гэр авч өглөө. Ард иргэдэд шашин номын үйлээ явуулах хөөрхөн дуган барьж өгөв.

Сургууль маань 2016 онд 90 нас хүрэхэд нутгийн зөвлөл зохион байгуулж, ард иргэдээс дээд тал нь нэг сая, доод тал нь 30 мянган төгрөг цуглуулж, зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Энэ үйл ажилд манай сургуулийн захирал ихэд баярлаж “Манай сургууль шиг ийм анги кабинеттэй сургууль Монголын 335 сумд байхгүй” гэж хөөрөлхөж байсан. Эрэгтэй эмэгтэй, технологийн кабинет, дуу хөгжмийн кабинет, физик, химийн лаборатори, багш нарын контор гээд үнэхээр сайхан тоноглогдсон. Багш нар урам зориг дүүрэн ажиллаж байгаа. Одоо манай сумын нутгийн зөвлөл 2024 онд тохиох сумынхаа 100 жилийн ойг угтаж “Чандмань-100” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Сумдаа ой болох хүртэл 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод суугаа ард иргэдээс хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цэцэрлэг, сургууль, соёлын төвөө шинэ шатанд гаргана, сумын төвөө ногоон болгож, цэвэр цэмцгэр сууринг бүтээнэ, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлнэ, оюун санааны хүрээнд өөрчлөлт хийнэ, намчирхах үзлийг арилгаж, эв эеийг бэхжүүлнэ гэх мэт ажил төлөвлөж байна. Сумдаа хийж буй энэ ажил санаачилгаа бусад суманд нэвтрүүлэх зорилгоор “Монголын сум хөгжлийн холбоо”-г байгуулан ажиллуулна. Танай сонин ч бас “Эх орон сумаас эхэлнэ” гэсэн тогтмол сайхан булан эрхэлдгийн хувьд хамтран ажиллах байх гэж найдаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *