Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, “Readaholic” дэвтрийн санаачлагч Д.Тунгалагтамиртай ярилцлаа.
-Юуны түрүүнд баяр хүргэе сэтгэгдлээ хуваалцана уу
-Маш их баярлалаа. Бидний анхны бүтээл учир сэтгэгдэл маш өндөр байгаа. Анх дэвтрийнхээ төслөө найзтайгаа хамт биччихээд загварын ерөнхий санаагаа гаргуулаад харахад санаа маань амилаад бодит болоход нэг алхам ойртож байгаа нь мэдрэгдээд ирэхтээ зэрэгцэн урам зориг орж билээ. Тэмдэглэлийн дэвтрээ Шанхайд хэвлүүлээд Монголд иртэл урт замыг туулж удаан хүлээсэн. Номтой холбоотой ямар нэгэн зүйл хийхийг үргэлж бодож явсан найзын чин хүсэл минийхтэй зам нийлж мундаг криатив найзын гэр бүлийн уран сэтгэмжээр ийнхүү бодит болж билээ. Дэвтрийг санаачлагч найз маань Шанхайд докторт суралцаж байгаа мундаг мэс засалч Б.Оюунгэрэл гэдэг охин байгаа. Харин криатив дизайныг Н.Хөдөлмөр & Б.Анхбаяр найзууд маань гаргасан. Гар сэтгэл нийлсэн сайхан баг бүрэлдэхүүн Readaholic номын тэмдэглэл хөтлөх дэвтэр дээр ажилласнаа дуулгахад таатай байна.
-Санаагаа хэрхэн олсон бэ?
-Bookloversinmongolia гэдэг инстаграм хуудас хөтөлдөг найз маань анх хамтдаа номтой холбоотой дэвтэр гаргах тухай санаа гаргаж байсан юм. Завгүй гэсэн нэрийдлээр удаа дараа хойшлуулаад байсан. Цаг гаргаад заавал хийе гэж зориглоод төлөвлөгөөндөө энэ оны эхэнд орсон. Манай найз ном унших дуртай хүмүүсийг сэдэлжүүлж, хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгдөг пэйжийг ажлуулаад нэлээд удаж байгаа. Харин би байгууллагынхаа Номын клубыг 2018 оноос хойш удирдаад идэвхтэй уншигч болоод байсан юм. Тэр үеэс л гоё ном зохиол бичих юмсан, ном орчуулах юмсан гэдэг хүсэл мөрөөдөлд автсан ч огт тууштай бичихгүй байсаар л байсан. Тэгээд бодсон л доо бага багаар бичээд байвал жилийн дотор тэмдэглэлүүдээ нэгтгэвэл өөрийн гэсэн миний номтой болох юм шиг санагдсан. Нэг хэсэг google doc дээр найзтайгаа дундаа хэн хэн нь ороод бичих боломжтой фолдер үүсгээд бичиж үзсэн гэхдээ тууштай бичээгүй би дундаас нь орхисон. Гоё гоё дэвтрүүд гадуур зөндөө зарагддаг ч яг номын тэмдэглэл хөтлөхөд зориулсан тусдаа дэвтэр Монголд төдийгүй гадаадад төдийлөн байгаагүй тул номын хорхойтой хүмүүст зориулсан дэвтэр байж болох юм гэдэг санаа зэрэг төрсөн байсан. Ингээд л нийтлэг зүйл маань бид хоёрыг өнөөдөр Readaholic дэвтрээрээ та бүхэнтэй уулзахад хүргэж байна.
-Ач холбогдол юу вэ?
-Хамгийн чухал ач холбогдол гэвэл зүгээр нэг ном уншаад өнгөрөх биш номоос өөрт хэрэгтэй бүхнийг авч үлдэхэд туслах юм. Номын мөр бүрт магад бидний аж амьдрал, оюун ухаан, оршин буйд маань хэрэгтэй зүйлс агуулагдаж цаашлаад бидний үзэл бодол хийгээд амьдралыг ч сайхнаар өөрчлөхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор хүн бүр уншсан бүхнээсээ хэрэгтэйг нь шингээн авдаг байгаасай гэж хүссэн. Үүнээс гадна бичгийн чадвараа, ялангуяа одоо үед хамгийн их хэрэгтэй байгаа ур чадварууд (soft skills) болох криатив болоод критикал сэтгэлгээгээ тэмдэглэл хөтлөн улам төгөлдөржүүлэхэд Readaholic дэвтэр маань туслах юм. Уншсан зүйлээ цэгцтэй, системтэйгээр буулгахад тодорхой хэмжээний дадал хэрэгтэй байдаг тул энэ дэвтрээрээ дамжуулан хэрэгтэй ур чадварт мөн суулгах ач холбогдолтой. Магад над шиг ном бичих нууцхан хүсэлтэй залуус байгаа байх, тэдэнд зорилгодоо хүрэхэд нь нэг алхам ойртуулах ч ач холбогдолтой гэж хэлж болох байх. Нэрлээд холбовол ач холбогдол ихтэй, хуудас бүрт нь сэтгэл шингэсэн, чанар ханхалсан сайхан дэвтэр болсон гээд бүтээлээ багахан магтъя.
-Дэвтэрт юу юу багтсан бэ?
-Дэвтрийг нээмэгц ерөнхий агуулга хийгээд хэрхэн үр дүнтэй хөтлөх тухай товч мэдээлэл бий. Тухайн жилд уншихаар төлөвлөсөн, төлөвлөж буй эсхүл уншсан номыг хоёр нүүрэнд шууд харах, тэмдэглэх боломжтой нүүр эхэн хэсэгт байгаа. Өөрийн сэтгэгдэл, дүгнэлт бичихэд зориулж хангалттай олон хуудсуудыг гаргаж өгсөн. Үе үе гарч ирэх сонирхолтой даалгаврууд, унших техникээ сайжруулах зөвлөгөө, мэдээлэл ч мөн орсон тул таныг уйдаахгүй юм.
-Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Анх Bookloversinмongolia инста хуудсаас судалгаа хийхэд зорилтот бүлэг маань 20-40 насны залуус гарч ирж байсан. Яг дэвтэрээ борлуулаад эхэлтэл бүх насны хүмүүст тохиромжтой болж таарсан шүү. Зуны уншлагын даалгавраа бичих ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс эхлээд ном сонирхогч бүх насны хүмүүст хэрэгтэй чухал дэвтэр болсон юм.
-Цаашдын төлөвлөгөө?
-Цаашид дэвтрийг олон зориулалттайгаар илүү олон төрлийг өнгөний сонголттойгоор гаргахаар төлөвлөөд байгаа. Мөн Азийн зах зээлд, ханзаар бичдэг хүмүүс зориулсан хувилбарыг ч мөн төсөөлж байна. Дэвтрийн хэрэглээ улам л бидний уран сэтгэмжийг сориод байгаатай нийцсэн сайхан бүтээлүүд гарганаа.
Биднийг @Bookloversinmongolia гэж хайгаад инстаграм болон фэйсбүүк дээр дагаарай.