Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Рави Шанкер Гоелтай ярилцлаа.
-Монгол Улс, Энэтхэг улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ ямар түвшинд байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Энэтхэг, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрт дээр үеэс улбаатай. Ялангуяа буддын шашинд тулгуурласан манай хоёр орны харилцаа олон жилийн түүх, уламжлалтай. Орчин цагт хоёр улсын дипломат харилцаа 1955 оноос эхэлсэн байдаг. Энэтхэг бол Монгол Улсыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны орны нэг. Одоогийн байдлаар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди Монгол Улсад айлчилснаар хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрч Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн.
-Манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан тэр үеийг эргэн нэг дурсахгүй юу?
-Тухайн үед Энэтхэг улс нь социалист системийн орнуудаас гадна Монгол Улсыг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны орон байсан. 1956 онд Монгол Улсын Элчин сайдын яам Энэтхэг улсад анх байгуулагдаж байсан түүхтэй. 1971 онд Элчин сайдын яамаа Монгол улсад нээсэн. Үүнээс хойш Монгол Улсад Энэтхэгийн Элчин сайдын яам тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Энэ хугацаанд хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс хоорондын харилцаа илүү гүн гүнзгий, бараг 1000 жилийн түүхтэй гэж хэлж болохыг дурдах байна. Монгол Улсаас буддын шашинд суралцахаар Энэтхэг улс руу олон хүн, ялангуяа лам нар олноороо зорчиж байсан бол эрт дээр үеэс Энэтхэг улсаас Түвдээр дамжин энх тайван, энэрэл хайр, эв нэгдлийг тунхагладаг буддын шашин дэлгэрүүлэхээр лам нар Монголд ирж байсан түүхтэй.
-Бүгд Найрамдах Энэтхэг Улс манай улсын “гуравдагч хөрш”. Хоёр улс 2008 онд Иж бүрэн түншлэлтэй байсан бол 2015 онд Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч бүхий л салбарт хамтран ажиллахаар болсон. Ямар салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж буй талаарх мэдээллийг хүргэнэ үү?
-Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад хийсэн айлчлал түүхэн ач холбогдолтой айлчлал болсон. айлчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тухайлбал, хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Агаарын харилцааны тухай санамж бичиг зурж олон салбарт хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Тухайлбал, Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах боломжтой болов. Малын сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах Энэтхэгийн технологи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна Энэтхэг бол дэлхийд сүү үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг орон юм. Энэтхэг улсын туршлагаас суралцах зүйл их бий. Дараагийн нэг чухал санамж бичиг бол соёлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг дурдах байна. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн фестивалийг зохион байгуулж байсан. 2017 онд Монгол Энэтхэгээс соёл урлагийн баг айлчлан ирж, тоглолт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай санамж бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа маань амжилттай явагдаж байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр шийдвэрлэсний дагуу Хавдар судлалын Үндэсний төвд оношилгооны аппарат бэлэглэж, олон хүний эмчилгээнд тусалж буйг дурдахад таатай байна. Батлан хамгаалахын салбарын хүрээнд нягт холбоотой хамтран ажилладаг бөгөөд тун удахгүй Энэтхэг улсын цэргийн бие бүрэлдэхүүн Монголд зохион байгуулагдах цэргийн хээрийн сургуулилтад ирж оролцох гэж байгаа билээ. Энэ мэтчилэн Стратегийн түншлэлийн хүрээнд төрөл бүрийн салбарт хамтран ажиллаж байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн тусламжаар Улаанбаатар хотноо сургууль байгуулах тухай асуудлыг ихэд сайшаан хүлээн авч байгаа. Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдээс онцлон ярихгүй юу?
-Энэтхэг Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан байгаа. Одоогийн байдлаар Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт дунд сургууль барих газрыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг явуулаад байна.
Олон улсын сургууль гэдэг үүднээс монгол хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Сургууль барих ажил урагштай байна гэж хэлж болно. Энэтхэгийн тусламжаар барих уг дунд сургуулийн газрыг шийдвэрлэж өгвөл Энэтхэгийн Засгийн газраас сургууль барихад бэлэн байгаа. Мөн Боловсролын салбарт хийгдэж буй зарим ажлын тухай хэлэхэд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Энэтхэг улсаас гурван сая ам.долларын тусламж үзүүлсэн. Тус сургуульд робот техник буюу роботикс судалдаг анги шинээр нээсэн нь ийм мэргэжлийн анги хичээллэж байгаа Монгол дахь цор ганц сургууль гэж хэлэх боломж олгож байна. Түүнчлэн 20 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэдээлэл технологийн төвийг Монголд барихаар яригдаж байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын хүрээнд тус төвийн шавыг тавьсан. Одоогийн байдлаар зөвлөх компани нь сонгогдсон байна. Хүлээгдэж буй зүйл бол БСШУ-ны яамнаас тендер зарлаж тус төвийг барих барилгын компанийг шийдвэрлэх ёстой юм. Энэ шийдвэр гарчихвал Мэдээлэл харилцаа холбооны “Атал Бихари Ваджпаи” нэртэй төв маань баригдах бололцоотой болно. Мэдээлэл технологийн энэ төв нь жилдээ 1000 гаруй оюутан сурагчдыг сургах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Монголын залуусыг тус төвд сургахаас гадна ажлын байраар хангах бүрэн боломжтой. Мөн дэргэд нь бизнес хөгжүүлэлтийн төв ажиллана.
-Энэтхэг рүү тэтгэлгээр суралцахаар залуус их явдаг. Тэтгэлгийн талаарх мэдээллийг энэ дашрамд хүргэхгүй юу?
-Энэтхэгийн Засгийн газраас Техник, эдийн засгийн хамтын ажиллагаа /ITEC/ хөтөлбөрийн хүрээнд жилдээ 150 гаруй богино хугацаат тэтгэлэгт хөтөлбөрт монголчууд хамрагдах боломжтой байдаг. Их, дээд сургуулийн тэтгэлгийн хувьд Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс /ICCR/бүх шатны дээд боловсролын зэргийн тэтгэлэг буюу бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах 100 хувийн тэтгэлэг олгодог. Түүнчлэн Дашчойлон хийд дээр хинди буюу Энэтхэг хэлний үнэ төлбөргүй сургалт тогтмол явуулдаг. Тус хинди хэлний сургалтад сайн суралцсан 3-4 оюутныг жил бүр сонгон Энэтхэг улсад тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт хамруулдаг.
-Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдэж байсан. Зээлийг хэрэгжүүлэх үйл явц аль шатандаа яваа бол?
-Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсад айлчлахдаа зээлийн шугам ашиглах гэрээг эцэслэн тохирсон. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас тус зээлийн шугамыг дэд бүтэц, ялангуяа төмөр замыг хөгжүүлэхэд ашиглая гэж яригдаж байсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар солигдож тухайн зээлийн санхүүжилтийг дэд бүтцээс гадна аж үйлдвэрийн салбарт ашиглая гэсэн хүсэлт гаргасныг Энэтхэгийн Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас тухайн зээлийн шугамыг ямар төсөл дээр ашиглах вэ гэдгээ шийдвэрлэх үе шат дээр явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол эрчим хүчний салбарт ашиглах талаараа санал илэрхийлсэн байгаа.
-Хоёр улсын худалдааны эргэлт бусад улсыг бодвол хангалттай түвшинд байдаггүй. Мэдээж газар орны алслагдмал байдал зэрэг нь нөлөөлдөг байх. Хоёр улс гадаад худалдааны эргэлтээ сайжруулах ямар боломж байна вэ?
-Таны хэлсэнтэй санал нийлэх байна. Бусад улс оронтой харьцуулахад хоёр орны худалдааны эргэлт бага байгаа. Орчин үед алслагдмал байдал, газар зүйн саад бэрхшээлийг шинэ технологиор шийдэж болох цаг үе бидэнд ирсэн. Энэтхэг бол том эдийн засагтай улс орнуудаас хурдацтай хөгжиж буй орны нэг. Нэг хүнд ногдох худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт жагсдаг. Монгол Улсын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр, алт, ноолуур, хивс зэрэг бүх бүтээгдэхүүнийг Энэтхэг улс гаднаас импортолж авдаг. Энэтхэгийн энэ том зах зээлийг Монголын бизнесмэнүүд өөрсдөө нээн илрүүлэх хэрэгтэй байгаа. Энэтхэг улс 1.3 тэрбум хүн амтай, том зах зээлтэй. Энэтхэгийн дундаж давхаргын худалдан авах чадвар мөн өндөр байдаг. Тиймээс Энэтхэгийн зах зээлийг илрүүлэн нээх нь чухал. Харамсалтай нь одоогоор Монгол Улсаас гол экспортын бүтээгдэхүүнүүдийнхээ алийг нь ч Энэтхэг улс руу экспортлоогүй байна. Харин Энэтхэг улсын хувьд Монгол руу нэлээд хэмжээний бүтээгдэхүүн импортолдог.
-Уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ Энэтхэгийн талаас илэрхийлж байсан. Энэ салбарт бодитой харилцаа үүссэн болов уу?
-Энэтхэгийн аж ахуйн нэгж, компанийн хувьд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол өндөр байгаа. Хэрвээ сайн төсөл санал болговол Энэтхэгийн компаниуд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Сүүлийн үед Энэтхэгийн компаниуд уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Жишээ нь Австралийн нүүрсний уурхайд Энэтхэг компани хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байгааг дурдах байна. Зөвхөн нүүрсний хувьд гэхэд жилдээ 160 сая тонн буюу 40 сая ам.долларын хэмжээтэй нүүрс гаднаас импортолдог. Жилд 27 тэрбумаас 40 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээтэй алт импортолдог. Гурван тэрбум ам.долларын өртөг бүхий зэс болон зэсийн баяжмал жилд гаднаас импортолдог гэсэн мэдээлэл байна. Монгол болон Энэтхэг улс хоорондоо худалдааны харилцан үндэсний нэн тааламжтай нөхцөлтэй улсууд. Эдгээр хоёр орон худалдаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь Монголын бизнесмэнүүд тус том, асар их боломжтой зах зээлийг нээн илрүүлж, энэ талаар санаачилга гарган ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэтхэгийн компаниуд ч мөн гадаад худалдаагаа нэмэгдүүлж хамтран ажиллахдаа тааламжтай байх болно. Монголын уул уурхайн салбарт Энэтхэгийн компаниуд хамтран ажиллахдаа илүү сонирхолтой байгаа болов уу гэж харж байна. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлд хамтран ажиллах боломжтой. Мөн аялал жуулчлал, банкны үйлчилгээ, мэдээлэл технологийн салбар гэх мэтээр маш олон боломжтой салбар байна. Одоо тулгарч буй гол асуудал бол хоёр орны аль аль талд бизнесийн шинэ боломж нээхэд мэдээлэл дутмаг байгаа явдал гэж үзэж байна. Энэ цаг үед биш юмаа гэхэд тодорхой хугацааны дараа Энэтхэг, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа.
-Бизнесийн замыг нээхэд хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагаа чухал. Энэ тал дээр санаачилгууд хийгдэж байгаа гэв үү?
-Энэтхэг, Монголын гадаад худалдаа хамтын ажиллагааг дэмжих үүднээс Энэтхэгийн Элчин сайдын яамнаас зарим нэг санал, санаачилгыг гарган ажиллаж байгаа. Тэдгээрийн нэг нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг санаачилсан явдал юм. Мөн Улаанбаатар хотын худалдааны танхим –Шинэ Дели дэх PHD Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллахаар болсон билээ. Хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажилласнаар бизнесийн боломжууд улам нээгдэж, мэдээлэл харилцан дамжуулах бололцоотой гэж үзэж байна. Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэг улсад болох бизнес уулзалт, үзэсгэлэн яармагийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорин ажилладаг. Үүний үр дүнд 2016 оны хувьд Монголын бизнесийн төлөөлөгчид Энэтхэгт болсон худалдааны гол гол уулзалтад оролцжээ. Заримаас нь дурдвал, “ИНДИАСОФТ”, Үйлчилгээний Олон улсын үзэсгэлэн худалдаа, Мумбай дахь “ОПХЕКС” үзэсгэлэн худалдаа, Дэвшилтэт эрүүл мэндийн салбар Олон улсын хурал, Дээд боловсролын Олон улсын дээд хэмжээний уулзалт, Олон улсын кино наадам зэрэг арга хэмжээнд Монгол улсын төлөөлөл оролцсон байна. Ирэх аравдугаар сард Энэтхэгээс бизнесийн төлөөлөл Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгааг энд дуулгая. Манай Элчин сайдын яамнаас зүгээс хоёр орны бизнесийн боломж нээн өргөжүүлэхийн тулд Монголын бизнесмэнүүдэд Энэтхэгийн визийг төлбөр хураамжгүйгээр олгох замаар дэмжин ажилладаг.
-Манай улс Энэтхэгтэй шашны гүн гүнзгий хамтын ажиллагаатай явж ирсэн. Буддын шашны хамтын ажиллагаанаас хуваалцана уу?
-Энэтхэг улс дэлхийд хэд хэдэн шашин төрүүлэн, хүн төрөлхтөнд бэлэглэсэн гэж хэлж болно. Үүнд Хиндуизм, Буддизм,Жайнизм, Сикизм гэх мэт шашныг нэрлэх байна. Мөн Энэтхэг улс нь одоо дэлхий дээр байгаа бүх шашны өлгий нутаг болохоос гадна эдгээр шашны бүх урсгал бүгд Энэтхэгт байдаг. Буддын шашнаар дамжуулан Энэтхэг улс нь Монгол улстай өнө эртний уламжлалт харилцаатай байж ирсэн билээ. Үүний нэг тод жишээ бол 19 дэх Бакула Ринбүчи Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байсан явдал юм. Тэрбээр ажиллах хугацаандаа Монгол Улсад “Бэтүб” хийдийг байгуулж байв. Мөн 1992-2001 оны хооронд Элчин сайдаар ажиллахдаа буддын шашинг Монгол Улсад дахин сэргээхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан болов уу гэж үздэг. Буддын шашнаар холбогдсон бидний харилцаа хамтын ажиллагаа орчин үед ч улам дэлгэрэн хөгжиж байна. 2015 онд манай улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад албан ёсны айлчлалаар ирэхдээ Гандантэгчинлэн хийдэд Бодь модны суулгац бэлэглэсэн нь эртний түүхэн уламжлалыг дээдлэн, Монголын ард түмнийг хүндэтгэсэн дотно сэтгэлийн илэрхийлэл болсон. Мөн Гандантэгчинлэн хийдэд хадгалж байгаа хуучин ном судрыг цахим хэлбэрт шилжүүлэн дижитал болгоход Энэтхэгийн Засгийн газраас тусламж үзүүлсэн. Одоо Гандантэгчинлэн хийдэд баригдаж байгаа сүмд байрлах Бурхан багшийн сэрэг дүрийг Энэтхэг улсаас мөн явуулах юм. Үүнээс гадна 20 дахь Бакула Ринбүчиг энэ оны долдугаар сард суудалд нь залах ёслол болж өнгөрлөө.
-Энэ наймдугаар сарын 15-ны өдөр Энэтхэг улсын Тусгаар тогтнолын өдрийн ой тохиож байна. Энэ өдөр ямар арга хэмжээ болох вэ?
-Наймдугаар сарын 15-ны өдрийн арга хэмжээг өглөө Энэтхэг улсын төрийн далбааг мандуулах ёслолоор эхлүүлнэ. Монголд байгаа бүх Энэтхэг иргэд, Монгол найзуудаа урьж оролцуулна. Энэ жилийн хувьд тусгаар тогтносны 70 жилийн ой тохиож буй гэдгээрээ онцлог арга хэмжээ олон бий. Туг өргөх ёслолд сонирхсон хүмүүс ирж оролцож болно гэдгийг хэлэх байна.
Б.ДОЛЗОДМАА