Categories
гадаад мэдээ

Рамштайны уулзалт: АНУ Украин сүйрэхийг зөвшөөрөхгүй DNN.mn

Украиныг дэмжих бүлгийн Рамштайны уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Европын холбоотнууддаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа одоогоор зэвсэг нийлүүлэх мөнгөгүй ч Украиныг дэмжих үүрэг хүлээсэн хэвээр байна гэж итгүүлэхийг оролдов. Тэрээр Германы Рамштайн цэргийн баазад болсон уулзалтын эхэнд “Украины цэргүүд хүнд нөхцөл байдал, ширүүн тулаан хийж байна. Украины энгийн иргэд Оросын пуужин, Ираны дроны байнгын дайралтад өртөж байна. Ийм байгаа ч Украин ч, АНУ ч ухрахгүй. Тиймээс бидний өнөөдрийн зорилго тодорхой. АНУ Украин сүйрэхийг зөвшөөрөхгүй. Энэ эвсэл Украиныг сүйрүүлэхгүй, чөлөөт ертөнц ч Украиныг сүйрүүлэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Гэхдээ Остин, АНУ-ын Конгресс эдгээр зорилгод зориулж хөрөнгө хуваарилах гэж яарахгүй байгаа нөхцөлд Вашингтон Украиныг яг яаж дэмжих бодолтой байгааг тодорхой хэлж чадалгүй өнгөрөв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Киевээс эвслийн орнуудад хандан Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем нийлүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Түүний хэлснээр, зөвхөн энэ сард Оросын цэргүүд Украины эсрэг 130 пуужин, 320 гаруй довтолгооны дрон, 900 шахам удирдлагатай бөмбөг ашигласан аж. Украины Батлан хамгаалах яамны тэргүүн Умеров уг уулзалтын үеэр Украины 2024 оны байлдааны төлөвлөгөөг танилцуулж, бэхлэлт барих талаар ярилцаж, тэдэнд хэрэгтэй байгаа зүйлсийг нэрлэжээ. Генерал Умеров “Зэвсэг бол манай дайчдад маш их хэрэгтэй байгаа зүйл. Тэд үүнийг хийнэ! Энэ бол уулзалтын гол сэдэв болсон. Түншүүд маань 155 мм, 152 мм, 105 мм-ийн их бууны сум гэх мэт тусламжийн багц бэлэн болсныг зарласан” гэж мэдэгдэв. Уг чуулганд оролцсон хэд хэдэн улс Чехийн эрх баригчдын санаачилгын хүрээнд Украинд их бууны сум худалдан авахад зориулж нэмэлт хөрөнгө гаргахаар тохиролцсон байна. Прага Украинд зориулан 800 мянган сум олж, эхний ээлжийн 300 мянган ширхэгийг санхүүжүүлж чадсан гэж мэдээлээд байгаа юм. Иймээс Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров өөрийн фэйсбүүк хуудсандаа “Дэлхийн өнцөг булан бүрээс түрэмгийлэгчдийг няцаахад зайлшгүй шаардлагатай байгаа зэвсгийг хайж, олж чадсан түншүүддээ бид талархаж байна. Украинд туслах бүлгийн хуралдаанд оролцсон барууны холбоотнууд Украины армид агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан их бууны сум, пуужин нэмж илгээхээр шийдсэн” гэж бичжээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин сэтгүүлчдэд хэлэхдээ, “Украины оршин тогтнох асуудал эрсдэлд ороод байна… Манай холбоотнууд болон түншүүд хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна, АНУ ч үүнийг хийх ёстой” гэж хэлсэн. Үнэндээ Украины Зэвсэгт хүчин хязгаарлагдмал нөөцтэй байлдаж, зэр зэвсгээ хэмнэх шаардлагатай болж, санхүүжилтийн хомсдол Украины фронт дахь нөхцөл байдалд хэдийнэ ноцтой нөлөөлж байгааг Америкийн албаныхан хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ шуудхан хэлэхэд, АНУ-ын засаг захиргаа буюу Жо Байдены мэдэлд Украинд нийлүүлсэн зэвсгийн үнийн зөрүү болох дөрвөн тэр бум ам.доллар өнөөдөр ч бэлэн байна. Гэтэл тэд 300 саяыг л Украинд зориулаад байгаа. Бас Цагаан ордны мэдэлд янз бүрийн сангууд бий. Мэдээж энэ бүхэн Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн 60 тэрбум ам.долларыг нөхөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой ч Цагаан ордон Украины дэмжлэгээс хойш сууж буйг нотолж байгаа юм. Ийм нөхцөлд Ллойд Остины амлалтыг үл харгалзан Европын орнууд цэрэг зэвсгийн хувьд хэрхэн бие даах чадвартай болох талаар ярилцахаас өөр аргагүй болоод байна. Өөрөөр хэлбэл, Вашингтон дахь Атлантын Зөвлөлийн Европын төвийн ахлах шинжээч Рэйчел Риззо “АНУ-ын удирдагчид АНУ Украинд урт хугацаанд үнэнч байна гэсэн үгээр нүүрээ тахлан Европ руу айлчлахад улам хэцүү болж байна” гэж хэлсэн нь үнэн болж таарав.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель саяхан Европын холбооны гишүүдэд хандан хэлсэн үгэндээ “Манай тив эдийн засгаа сэргээн босгох ёстой. Европ цаашид АНУ-ын сонгуулийн мөчлөгөөс хамаарах ёсгүй. Энэ бол манай аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой бодит парадигмыг өөрчлөх цаг болсон гэсэн үг. Хэдэн арван жил бид Европ тивийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийсэнгүй. Дэлхийн II дайнаас хойших хамгийн том аюул заналхийлэлтэй тулгараад байгаа энэ үед батлан хамгаалах салбараа бэхжүүлэхийн тулд Европын Холбооны эдийн засгийг дайны байдалд оруулах эрс, бодитой алхам хийх цаг болжээ” гэж онцлон дурдсан. Энэ нь өндөр цалинтай шинэ ажлын байрууд бий болгож, Европ тив дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох зорилт тавьж байна гэсэн үг. Учир нь дэлхийн эдийн засагт өнөөдөр “Economic Turbu­lence” гэгддэг эдийн засгийн тогтворгүй байдал бий болж, цаашид бие биенээсээ өдөөгдөн гарах цуврал үйл явдал өрнөн хямрал нүүрлэх магадлал өндөр болчихоод байна. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал: Дэлхийн эдийн засгийн нэг гол багана Хятад улсаас гадны үйлдвэрүүд гарч, эдийн засгийнх нь “зүрх” болсон үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ зогсонги байдалд орж, банкууд нь найдваргүй зээлийн хуримтлалд бөхийгөөд байна. Харин дэлхийн тэргүүлэгч эдийн засаг АНУ нь улс төрөөс буюу баруун, зүүний үзлээс болж хоёр хуваагдаж, нийгэм эдийн засгийн хямралд орж магадгүй болчихоод байна. Үүнийг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгсөн байдлыг харчихаад, ирэх 11 сарын 5-ны дараа Трамп, Байден хоёрын аль нь ч гарсан асуудал яах бол гэж бодоход л хариу нь шууд гараад ирж байна. Учир нь бидний ширээн дээр персонал компьютер тавигдан Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлснээр ардчилсан улсын иргэд тив дамнасан том компаниудын хувьцааг эзэмшин тэдгээрийн хамтрагч эзэд болсон. Энэ нь барууны улсуудын аль ч үйлдвэрийн ажилчид цалингаасаа илүү хувьцааны орлого олдог болж, зүүнтэн ч биш баруунтан ч биш болсон гэсэн үг. Иймээс дэлхийн ардчилсан улсуудын улс төрд төвийн үзэл ноёрхож эхэлсэн. Харин АНУ-ын улс төр “улаантан, цагаантан” хэвээр үлдэж, иргэний дайны үеийнх шигээ хоёр хуваагдахад бэлэн болчихоод байна.

 

Г.АМАРСАНАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *