Өчигдөр МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг барьсан. Ахмадуудын зүгээс 2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулан сонгуульд хамтарч оролцохыг уриалсан юм. Уг өргөх бичигт ахмадуудын төлөөлөл болж орсон УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар Р.Раштай уулзлаа.
-МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл хоёр намынхаа удирдлагуудад өргөх бичиг барилаа. Ер нь ингэж өргөх бичиг барьж, уриалга гаргах ажлыг хэзээнээс санаачилсан юм бэ?
-Хоёр нам эвсэл байгуулан сонгуульд оролцох хэрэгтэй гэх яриа намын 26 дугаар их хурлын үеэр болсон юм. Тэрнээс хойш сонгууль болоход хүсэж байсан үр дүндээ хүрээгүй. Ингээд намын зарим гишүүд нам эвсэл байгуулах талаар “Ер нь нэгдсэн байдлаар цаадуулд чинь хэлье. Чи нэгдээч” гэхэд нь би тэгье гэсэн. Эвсэл байгуулахыг миний бие дэмжсэн учраас өргөх бичигт гарын үсэг зурсан. МАХН-ын 26 дугаар их хурлын үеэр намын нэр солихтой холбоотой асуудлаар санал авахад нийт гишүүдийн 80-90 хүртэлх хувь нь дэмжиж байсан. Манай нам хэзээнээсээ л дотоод сахилга бат сайтай. Дээрээс хэлснийг “За” гэж хүлээж аваад хэрэгжүүлдэг нам шүү дээ. Ер нь намын нэр солих тухай асуудал нэлээн дээр үеэс яригдсан. 1990-ээд оны эхэн үеэс л ярьж байсан. Гэвч нэр солих цаг хугацааны тухайд улс төрийн алдаа хийсэн байна. Сонгууль дөхчихсөн байхад нэр усаа өөрчилсөн нь алдаа болсон. Ер нь нэр гэдэг чинь одоо цагийн хэллэгээр брэнд гэсэн үг юм байна. Хүн нэрээ, тогос өдөө ч гэдэг. Тэгэхээр нэрээ хайрлаж, хүндэтгэн тун болгоомжтой хандах ёстой юм байна.
-Ахмадуудын төлөөллийн өргөх бичгийг хоёр намын удирдлага ямар түвшинд хүлээж авч байгаа бол?
-Би хөдөө томилолтоор явж байгаад дөнгөж дөрөө мултлаад чамтай уулзаж байна. Чухам цаадуулын чинь нүүр царай хэр зэрэг хувьсаж өөрчлөгдсөнийг би сайн мэдэхгүй байна. Ямархуу янзтайгаар гардаж хүлээж авсныг мэдсэнгүй. Бодвол энэ олон хүн ингэж ярьж байгаа нь дэмий хоосон зүйл биш байх гэж хүлээж авсан байх. Ер нь тэгээд аливаа зүйл олныхоо үгийг дагах ёстой байдаг. Тэр утгаар хандсан байлгүй гэж найдаж байна.
-Өчигдөр МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарт өргөх бичиг гардууллаа. МАХН-ын удирдлагуудад хэзээ хандах вэ?
-Ямар ч байсан хоёр намын удирдлагад өгнө. Нэгд нь өгөөд, нөгөөд нь өгөхгүй гэх зүйл байхгүй.
-Уг нь энэ хоёр нам угсаа гарал нэгтэй. Нэгдэхгүй, эвсэхгүй байх эрх ашгийн зөрчил байхгүй биз дээ?
-Намуудын удирдлагын өрөөгөөр хааяа нэг шагайхад хананд нь Д.Сүхбаатар жанжны зураг өлгөөтэй байдаг. Мөн Бал даргын ойгоор хөшөөн дээр нь цэцэг өргөхөд хоёр намын удирдлага, төлөөлөл зогсож л байх жишээтэй. Амьдрал дээр ийм л байна шүү дээ. Тэгэхээр цаад язгуур үзэл санаа нэг гэдэг нь харагдаж байгаа юм. Нэг ёсондоо цаад угт ямар нэгэн асуудал байхгүй. Харин наагуур янз бүрийн бодол санаатай улс байх шиг байгаа юм. Ламбугай, ламбугай тааллаараа гэдэг шиг өөр өөрсдийнхөө үзэл бодлоор хандаж таарна. Гэхдээ цаана нь том эрх ашиг байна гэдгийг санах хэрэгтэй. Улс орны том эрх ашигт баригдах байлгүй дээ гэж бодож байна.
-Сонгуулиас өмнө эвсэл байгуулж чадах болов уу. Хэрвээ нэгдвэл ямар ирээдүй хүлээж байгаа бол?
-Хамгийн муу хувилбараар бодоход сонгуульд эвсэл үүсгэн хамтарч орж болох юм. МАХН одоо МҮАН-тай нэгдээд эвсэл болчихсон яваа. Ер нь эвсэл болж сонгуульд оролцсон түүх ардчиллын 25 жилийн дотор олон бий. Эвсэнэ гэдэг шинэ зүйл биш. Малын зөргөөр машин яваад аль хэдийнэ зам болгосонтой ижил зүйл.
-Уг нь эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Гэвч өнөөгийн улс төрийн амьдрал тогтвортой биш байна. Намууд битгий хэл нам дотроо учраа ололцохгүй болсон байна шүү дээ?
-Улс төрийн намаар дамжиж сонгуульд нэр дэвшдэг. Бие даагч гэж бий л дээ. Тиймээс улс төрийн намууд ихээхэн хүчтэй, алсын хараа бодлоготой байж намын гэхээсээ улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг байх ёстой. Өнөөдөр улс орон яггүй байдалд орсон шиг байна. Малчин түмэн малаа борлуулах зах зээлгүй болчихож. Одоо яах болж байна вэ, төр юу бодож байгаа вэ гэхчилэн ярьж байна. Гэхдээ дан ганц малчид ч биш нийгэм тэр чигтээ л яах вэ гэлцэж байгаа. Уг нь монгол хүмүүс төрөө их хүндэлдэг. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Ийм болохоор л намууд хүчтэй, алсын хараат бодлоготой, зорилготой, сайн зохион байгуулалттай, нэгдмэл байх учиртай юм. Сайн санааны үзүүрт тос гэж монгол үг байдаг. Дээрээс нь нэг зүйл хэлэхэд манай намуудын тухай хууль буруу байна. Уншигч олон намайг биеэ магтаж байна гэж бодохгүй байх гэж найдаж байна. Юу вэ гэхээр одоогийн Намын тухай хуулийг хэлэлцэж, баталж байхад талийгаач Наранцацралт бид хоёр эсрэг санал өгч байсан юм. Мань хүн манай өрөөнд орж ирээд “Энэ хууль нэг л биш болчихлоо. Мундаг санхүүгийн олигархиуд ирээдүйд улс төрийг багалзуурдах нь” гэх яриа өрнүүлж байсан юм. Тэр үедээ ч бид хоёр эсрэг санал өгч байлаа. Тэгэхэд манай намын бүлгийн удирдлага “Бүлгийн саналаас яагаад гажив” гэж асууж байсан. Харин өнөөдөр ингээд бодохоор зөв талдаа байж гэж бодмоор юм шиг болж байна. Одоо харин улс төрийн намуудаа л бэхжүүлж, дөмөгхөн байгаасай л гэж бодох боллоо. Бас эхэндээ би фракцуудыг дэмждэг байлаа. Улс амьтан санаа бодлоо илэрхийлж байх, нэг нэгнийхээ үгийг дуу дуугаа авалцан дэмжихэд хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Олон хүн сууж байгаа бүлгийн хурал дээр ганц нэг хүн юм яриад ямар ч нөлөө байхгүй. Энэ утгаараа фракцийг зөв гэж боддог байсан. Харин одоо эрх баригч намын дотор болж буй үйл явдлыг харахаар фракц байх хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж бодогдох боллоо. Гэхдээ улс төрийн нам үнэхээр хүчтэй болоод, дотоод төлөвшил сайтай болоход фракцийн асуудал байхгүй ч болж болно. Уг нь намуудын дүрэмд “Фракцтай байж болно” гэж заасан байдаг. Манай намын дүрэмд лав болно гэж заасан байдаг юм. Гэтэл өнөөдөр болно гэдгийг хэрэгтэй гэж орлуулаад байх шиг байна. Ер нь намын төлөө нам байх биш, улсын төлөө нам байх ёстой гэдгийг бодох хэрэгтэй. Улс орны язгуур эрх ашигт нийцсэн зүйл дээр намууд улс төрийн өндөр соёл гаргаж, харилцан бие биедээ буулт хийвэл сайнсан даа л гэж бодож байна.
-Та улс төрийн ахмад зүтгэлтэн байсан хүний хувьд өнөөгийн улс төрийн байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэж үг байдаг. Энэ л манайд болоод байна гэж харж байгаа. Уужуу тайван ухаанаар асуудалд хандах хэрэгтэй. Яахав ээ, улс төрийн нам бол засгийн эрхийн төлөө байдаг. Гэвч чадахгүй бол нэг их мэрийгээд байх хэрэг байна уу даа. Өөрөө өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр улс төрд тулгарч буй асуудлууд явж явж Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал болж байгаа юм.