Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 2701.2-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.