Categories
мэдээ цаг-үе

Р.Очирбал: Үндсэн хуулийн Цэц маргааныг шийдвэрлэхдээ Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь буруу байлаа

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмент” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоол гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголын төр өөрийн мэдэлдээ авах талаар тусгасан уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл ирүүлсэн “Отгонтэнгэр Их Сургууль”-ийн багш, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.


-”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын төр өөрийн мэдэлдээ авах талаар тусгасан 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар та Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг бид “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувьтай холбон тайлбарлаж байгаа. Түүнээс гадна гуравдагч улс буюу Английн Вэльсийн хуулийг хэрэглэн байгуулсан олон улсын гэрээний дагуу үүссэн өмчийн эрхийг УИХ-аас тогтоол гарган үгүйсгэж, дуусгавар болгож болох эсэх, аливаа этгээд хууль тогтоомж зөрчсөн эсэх, түүний гэм буруугийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллага шийдвэрлэх үү, эсхүл УИХ шийдвэрлэх үү, иргэн болон хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан өмчийн эрхийг УИХ-ын тогтоолоор хязгаарлаж болох уу гэх зэрэг үндэсний эрх зүйн тогтолцоонд шийдвэрлэвэл зохих эрх зүйн маргаантай асуудал байсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл гаргасан. Ийнхүү мэдээлэл гаргахдаа УИХ-ын хяналтын чиг үүргийг үгүйсгээгүй, 49 хувийн хувьцааны эрхийг олж авсан компанийн эрхийг хамгаалаагүй.

Харин 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах Монгол Улсын давуу эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолыг хүчингүй болгож, төр хувьцааны эрхийг өөртөө хуулиас гадуур, гэрээний бус аргаар шилжүүлэн авч байгаа нь анхаарал татсан асуудал байсан.

Хэрэв Монгол Улс Засгийн газрын хууль бус шийдвэрийн улмаас дээрх хувьцааны эрхийг худалдан давуу эрхээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн үзэж байгаа бол уг зөрчигдсөн эрхээ ямар журмаар хамгаалах эсэхийг ул суурьтай бодох хэрэгтэй. Ямартай ч хувьцааг худалдан авах, Монгол Улсын давуу эрх хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан хэмээн үзэж хувьцааны эрхийг шууд төрийн өмчид шилжүүлэн авч байгаа нь хууль бус арга. 2016 оны Засгийн газрын 330 дугаар тогтоол хууль зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Хувьцааг худалдан авсан өмчлөгчийн эрх хууль бус, шударга бус байж болно. Гэтэл уг асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр УИХ ардчилсан улсад байж боломгүй аргаар өмчийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, хууль зөрчиж болохгүй биз дээ. Хууль ёсны арга замаар уг асуудлыг шийдвэрлэсэн бол хожим бий болох маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хэрэг болох байсан болов уу. Хувьцааг хэн өмчлөх нь өөр асуудал, харин өмчийн эрхийг хэрхэн олж авах нь чухал асуудал шүү дээ. Тийм учраас УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, тавдугаар зүйлийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, 16 дугаар зүйлийн хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, 70 дугаар зүйлийн Үндсэн хуульд төрийн байгууллагын шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж цэцэд хандсан. Төрийн өмч хууль ёсны аргаар хувьцааны эрхийг шилжүүлэн авах ухаалаг хувилбарыг сонгох боломжийг цэцийн шийдвэр олгоно байх хэмээн найдсан. Гэтэл цэцээс дээрх тогтоол нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ. Ер нь Цэцийн зарим гишүүдийн мэдлэг, чадвар, хараат бус байдал нь цаашид Үндсэн хуулийг хамгаалах чадамжтай эсэхэд ихээхэн эргэлзэх байдлыг бий болголоо. Улс төрийн ашиг сонирхлын талбарт хууль ёс үнэгүйдэж, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал алдагдаж байна.

– Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар тусгасан УИХ-ын тогтоолыг “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж дүгнэлээ…

– Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэхэд олон асуудал хөндөгдөж байсан. Зарим нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх эрх хэмжээнээс гадуур асуудал байсныг онцлон хэлж ч байсан. Тухайлбал, Английн хуулийг хэрэглэж байгуулсан гэрээг Монгол Улс үгүйсгэж, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад уг гэрээний дагуу үүссэн өмчлөх эрхийг шударга, шударга бус хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн. Энэ нь олон улсын хувийн эрх зүйн томоохон зөрчил болсон. Мэдээлэл гаргагч иргэдийн хувьд УИХ-ын 23 дугаар тогтоолоор төр өөртөө хувьцааны эрхийг шилжүүлэн авсан нь хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар хандсан болохоос биш, үндэсний компани уг хувьцааны өмчлөх эрхийг шударга аргаар олж авсан эсэхийг тогтоолгох гэж хандаагүй. Ийм асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх эрх зүйн боломж, чадамж ч байхгүй. Тэгэхээр цэц маргааны зүйлийг буруу тодорхойлж, өмчлөгчийн асуудалд дүгнэлт өгсөн. Харин гол зүйл болох өмчийн эрхийг төр хууль ёсны арга замаар олж авсан эсэхэд дүгнэлт өгсөнгүй. Эрх зүйн маргаантай асуудлын гүн рүү орж, ухаалаг байдлаар асуудлыг шийдвэрлэхийн оронд улс төржлөө. Хожим бий болох эрсдлийг ч үл хайхран Үндсэн хуулийн зөрчлийг зөвтгөлөө. 49 хувийн хувьцааны эрх гэж явцуурахгүйгээр маргааныг нь чухалчлах хэрэгтэй байсан болов уу.

-УИХ онцгой бүрэн эрх болох хуулийг хянан шалгах эрхийн хүрээнд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Энэ тухайд?

-Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох УИХ-ын онцгой бүрэн эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Засгийн газрын 330 дугаар тогтоолыг УИХ хүчингүй болгож болно. Гэхдээ хэрэв Засгийн газрыг 49 хувийн хувьцааг худалдан авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан гэж үзэж байгаа бол уг асуудлыг УИХ онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал уу, эсхүл уг асуудлын талаар Засгийн газар УИХ-тай зөвшилцөх ёстой байсан уу гэх зэрэг олон асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Хамгийн гол нь Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгосон нь гэрээний дагуу хувийн компанид шилжсэн хувьцааны эрхийг төрд шууд шилжүүлэх үндэслэл болох эсэх явдал юм. Хуульд заагаагүй аргаар, гэрээ ч байгуулахгүйгээр өмчийн эрхийг өөртөө олж аваад байгааг л ойлгохгүй байна. Ямар ч шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, ойлгомжтой, тодорхой байх ёстой. Цэцийн шийдвэрийг уншиж сонсгоход дээрх асуудлыг талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Бичгээр гарах дүгнэлтэд тодорхой байдлаар оруулах байх гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг “Жаст групп” барьцаалан зээл авах үед Төрийн өмчийн хорооны даргын хувиар гарын үсэг зурсан гэгддэг. Гэхдээ тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр авсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх хуралдаанд Цэцийн гишүүний хувьд оролцож байна. Энэ нь ёс зүйн хувьд байж болох зүйл үү?

-Уг асуудалд шууд болон шууд бусаар холбоотой гэж үзэж байгаа нөхцөлд иргэдийн цэцэд гаргасан мэдээллийг Д.Сугар гишүүнд хуваарилж, итгэгч гишүүнээр ажиллуулж байгаа нь ёс зүйн талаасаа зохимжгүй гэж үзэж байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байна. Асуудал Д.Сугар гишүүндээ гэхээс илүү цэцийн дарга яагаад уг гишүүнд хуваарилсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн гишүүнийг татгалзан гаргах гуравхан үндэслэлийг хуульчилсан. Ердийн шүүхэд үйлчилдэг маргаантай асуудлыг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгчийг татгалзан гаргах талаарх зохицуулалт Үндсэн хуулийн цэцэд хамааралгүй. Тэгэхээр цаашид Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг татгалзан гаргах талаарх хуулийн заалтыг эргэн харах шаардлагатай болох нь энэ маргаантай асуудлаар тодорхой болж байна. Эцэст нь дахин хэлэхэд уг маргааныг шийдвэрлэхэд Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь ашиг сонирхлын хамаарал, ёс зүйн талаас зөв зүйл болсон гэж бодохгүй байна.

-49, 51 хувийн асуудал хууль зөрчсөн гэж байгаагаас гадна улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох үл ойлголцол, тэмцэл яваад байна гэх хүн олон байна. Хуульч хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Эрдэнэт Үйлдвэрийн асуудал улс төрийн бүлэглэлүүд, тэдгээрийн явцуу ашиг сонирхолтой холбоотой байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа болов уу. Цаашид уг компанийн асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд хамааруулах талаар санал, санаачилга ч яригдаж байна. Удирдлагын ямар ч аргаар асуудлыг шийдвэрлэсэн бай хариуцлага, хяналтын механизмыг оновчтой болгож олон нийтийн бодитой хяналтыг бий болгож ил тод байдлыг бий болгох шаардалагатай байгаа нь уг компанийн 49, 51 хувьцаатай холбоотой маргаанууд харуулж байна. Ер нь ард түмний өмч гэх тодотголоор улс төрчид төрийн өмчийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж, элдэв шударга бус ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхэд ашиглаж байгааг таслан зогсоохын тулд төрийн болон олон нийтийн өмчийн харилцаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Түүнчлэн компанийн засаглалыг хөгжүүлж харилцан хяналт бүхий төр, хувийн хэвшлийн түншлэлийг болгох хэрэгтэй. Ард түмний нэр барьж дур зоргоор өмчийн эрхийг хэрэгжүүлж байгааг хувийн хэвшлийн оролцоо шийдвэрлэх боломжтой болохыг үгүйсгэх аргагүй ч хэт улс төржсөн бизнесийн орчинд асуудлыг үр нөлөөтэй шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй.

-23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар та иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэхдээ таны ард ямар нэгэн нөлөөлөл байгаа юм биш биз?

-Тавьж буй асуудлыг нь бус хүнийг нь, агуулгыг бус хэлбэрийг нь чухалчилж болохгүй байх аа. Дээр хэлсэнчлэн компанийн энгийн хувьцааны 49 хувийг ямар арга журмаар төр өөртөө шилжүүлж авсан, олон улсын гэрээг байгуулах талаарх УИХ, Засгийн газрын Үндсэн хуульд заасан бүрэн эрх, олон улсын гэрээг цуцлах, гэрээний чөлөөт байдлыг хангах, өмчийн халдашгүй байдлыг хамгаалах гэх зэрэг эрх зүйн хувьд шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа учир цэцэд хандсан. Нөгөөтэйгүүр гуравдагч улсын хуулийг хэрэглэн байгуулсан олон улсын гэрээгээр хамгаалагдсан өмчийн эрхийг төр өөртөө ийнхүү илт хууль бус арга замаар шилжүүлэн авч байгаа юм бол жирийн иргэний өмчийн эрх ямар түвшинд хамгаалагдах эсэх нь эргэлзээтэй санагдсан. Энэ бол хуульч хүний хувьд хөндөх ёстой асуудал гэж үзэж байгаа. Түүнээс хэн нэгэн миний юу ярих, юу хэлэхийг зааж, зааварласан зүйл байхгүй. Хувь хүнийхээ хувьд Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэний үндсэн дээр цэцэд хандсан. Дашрамд дурдахад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хэн өмчлөх нь надад чухал биш. Харин хувьцааны эрхийг төр өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч байгаа арга нь хууль ёсны байсан эсэх нь анхаарал татсан асуудал байсан.

-Одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь хаана явна вэ?

-Төрийн өмчид байгаа гэж итгэж байна. Гэхдээ гуравдагч этгээдийн зээлийн гэрээнд барьцаанд тавигдсан, хэрэв төлбөр төлөгч нь уг төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол 51 хувийн хувьцааны эрх хэн гээч, ямар улсын компанид шилжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 49 хувийн хувьцаанаас хамаагүй ноцтой үр дагаварт хүрсэн байна лээ. Харин асуудлыг удаан хугацаанд халхавчилж ийм ноцтой үр дагаварт нь хүргэсэнд Монголын төр иргэдийнхээ өмнө уучлал хүсэж, холбогдох буруутай албан тушаалтнуудад хуулийн хариуцлагыг бодитоор ногдуулж, хувьцааны эрхийг хэрхэн хадгалан авч үлдэх асуудлыг хүчээр бус ухаалаг арга замаар шийдвэрлэх хэрэгтэй. Монголын төрийн түшээдэд дээрх асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж байгаа гэж найдахаас өөр сонголт алга даа.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийн 60 хувь нь Хятадын банкны мэдэлд очсон гэх юм. Тэгэхээр энэ “Эрдэнэт үйлдвэр” чинь Хятадын мэдэлд оччихсон юм биш үү. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

– 51 хувийн энгийн хувьцааг манай улс гуравдагч этгээдийн зээлийн үүрэгт барьцаанд тавьсан, уг барьцаалагч банкны хувьцааны эрх нь БНХАУ-ын компанийн мэдэлд байлаа гээд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 51 хувийн энгийн хувьцааны эрх хятадын мэдэлд шууд очно гэж дүгнэж байгаатай санал нийлэхгүй байна. Харин барьцаагаар хангагдсан үүргийг үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэхгүй байгаа бол бодит аюул учирна. Тэр үед 51 хувийн хувьцааны эрх хэнд ч шилжиж болно. Уг асуудлыг Монгол Улсын хуулиар зохицуулахгүй, зохицуулж ч чадахгүй.

-Нэг талаасаа харахад 49, 51 хувь чинь нэг ч юм шиг харагдах юм. Учир нь 49 хувийнхан чинь 51 хувийнхаа барьцаан дахь өрийг авчихсан байсан ч гэж зарим судлаачид ярих юм. Энэ ер нь байж болох зүйл үү?

-Хувьцаа эзэмшигчээр нь 49, 51 гэж яриад байгаагаас энэ чинь нэг компанийн л асуудал. 51 хувийн хувьцааны эрхтэй холбоотойгоор 49 хувь ч эрсдэлд орно. 100 хувь төрийн мэдэлд шилжсэн тохиолдолд дээрх эрсдэл улам л нэмэгдэнэ. Тиймээс л асуудлыг хүчээр бус ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлээд байгаа хэрэг. Учрыг үл мэдэх иргэд 49 хувиа бид авч чадлаа гэж хэлбэрийг чухалчлан хөөрцөглөж байгаа хэдий ч үнэндээ монголын ард түмний нуруун дээр 100 хувийн эрсдэл шилжиж байна. Өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтворгүй нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа төрд шилжиж байгаад хуульчид гэхээсээ илүүтэй эдийн засагч нар бодит судалгаанд үндэслэн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй байна.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас “Монголын зэс” корпораци худалдаж авсан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ маргааныг тус компани юу гэж харж байгаа бол. Эргээд ОХУ-ын мэдэлд очих магадлал бий юү?

-Монголын Зэс корпорци ОХУ-ын Ростех улсын корпорацитай байгуулсан гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан. Тиймээс ОХУ-ын мэдэлд очих эрсдэл байхгүй болов уу. Харин тэдний хооронд байгуулсан гэрээ хууль зүйн хувьд хүчинтэй эсэх талаар маргах нь дээрх магадлалыг нэмэгдүүлнэ. ОХУ ямар шалтгаанаар өөрт ногдох 49 хувийн хувьцааг худалдсан, энэ нь эдийн засаг, хөрөнгө мөнгөний ямар үр ашигтай байсныг судалсан хүмүүс илүү бодитой хариулт өгөх байх. Ямартай ч Ростехтай байгуулсан гэрээ, түүний хүчинтэй эсэх асуудлаар УИХ цэцийн хуралдаанд маргаангүй. Маргах нь манай улсад ашиггүй гэж үзсэн байж болох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *