“Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Хуульч Р.Мөнхзултай ярилцлаа.
-Монголчуудын хайхрамжгүй байдлаас болж хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Эндээс яриагаа эхэлье?
-Монголчуудын дунд хүүхдийг хүмүүжүүлж ирсэн уламжлалт арга бий. Эртнээс уламжлагдаж ирсэн тус арга нь хот суурин газрын хөгжилтэй уялдахгүй байна. Америк болон бусад өндөр хөгжилтэй орнуудад эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэд гар хүрэх, хатуу үг хэлэхэд тухайн хүүхэд шууд хамгаалах байгууллагууд руу утасддаг. Харин манай улсад ийм нөхцөл байдал үүсвэл томчууд “Хүүхэд өөрсдөө дур мэдэн шууд шийдвэр гаргалаа. Хүүхдийн эрх хязгааргүй нэмэгджээ. Мөн Биднийг хүүхэд байхад эцэг эх минь суран бүсээр ороолгож өсгөсөн. Одоо буруудсан зүйл алга. Тэгж ярих юм бол хөлд ороогүй хүүхдээ малынхаа дунд үлдээчихдэг байсан” гэх зэргээр ярьдаг. Тухайлбал, ээж, охин хоёр муудалцаж, ээж нь охиноо загнаснаас болж охин нь амиа хорлосон тохиолдол ч бий. Мөн гэрээсээ зугтсан тохиолдол ч байгаа юм. Хүүхдүүд гэрээсээ төөрч, алга болох нь ихэслээ гэж яриад байдаг. Нөгөө алга болсон хүүхэд нь хэд хоногийн дараа найзынхаасаа гараад ирдэг. Орчин цагийн хөгжил, уламжлал хоёрыг уялдуулж хуулиа сайжруулах талаар ярилцаж болно. Гэхдээ шууд барууны хуулийг хуулах гэхээсээ илүү бага багаар уялдуулсаар хөгжлийг дагуулан нутагшуулах шаардлагатай.
-Манай улсад мөрдөгдөж буй Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилт ямар байна вэ?
-Манай улсад Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомж олон бий. Олон улсын гэрээ конвенцид нэгдэж, гэрээ хэлцэл ч хийсэн. Энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, төрийн агентлагууд хангалттай байгаа. Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийгмийн хамгааллын яам гэх мэт. Тэдгээр нь засаг захиргааны нэгж бүрт ажилтантай. Гэвч хуулийн хэрэгжилт гэдэг зүйл хангалтгүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилтийг хангадаг байгууллагуудын харилцаа холбоо, төсөв мөнгөний хүрэлцээ, хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай орчин байна уу гэдгийг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй. Адаглаад хүүхдийн эрх зөрчигдсөн үед тусгаарлах орон байрны хангамж нь хэр байна. Тусгаарлагдсан үедээ сурч боловсрох эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг нь чухал юм. Миний мэдэхийн нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг тусгаарладаг нэг л байр бий. Тэр нь шинэ байр биш. Олон жил ашигласан байрт засвар хийсэн төдий л байна. Хүүхэд аюулгүй орчинд амьдрах тухай нөхцөлийг бүрдүүлэх хууль тогтоомж мөн адил хангалтгүй. Тухайлбал, сургууль орчмын тэмдэг тэмдэглэгээ ойлгомжтой байх ёстой. Эцэг, эх нь өөрсдөө хүүхдийг сургуульд хүргэж өгч авч байх хэрэгтэй. Жолооч нарт нийслэлд 60 километр цагаас илүү хурдлахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах зэргийг нь анхааруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл сургууль, хороолол орчмоор жолооч нар давхиад л байх юм. Давхисан жолооч нарт тухай бүрт нь арга хэмжээ авч чадахгүй байгаатай л холбоотой. Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиараа орчин тойрны аюулгүй байдлаа хангах зохицуулалттай байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер байгууллага бүр дээр ажиллах заалт гэж бий. Нийтийн эзэмшлийн зам талбайг тухайн дүүрэг хариуцдаг. Бүх зам, талбай, барилга өөрсдийн гэсэн эзэнтэй. Харин нийтийн эзэмшлийн талбай дахь ил задгай утас, нүх сүв гэх зэрэг эрсдэлүүдийг дүүргийн удирдлагууд бүрэн хариуцна.
-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэж их л ярьж байна. Үүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
-Алдаа гаргасан бол заавал хариуцлага үүрэх зарчим хэрэгжиж чадвал асуудал цэгцэрнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, жолооч хурд хэтрүүлэх агшинд заавал хариуцлага ногдуулах тогтолцоог бий болгох ёстой. Машин ачилтын компаниуд ажиллаж эхэлсэн үеэс нэгдүгээр эгнээнд жолооч нар зогсохоо больсон. Учир нь нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол заавал хариуцлага ногдуулна гэдгийг жолооч нар мэднэ. Тус механизмд бизнес яригддаг болохоор хэрэгжээд байгаа юм. Нэг машин тутмаас хуулийн дагуу 50 мянган төгрөг авч байгаа шүү дээ. Тиймээс бизнесээ сайжруулахын тулд олон машин ачна. Нөгөө талаас жолоочийн түрийвчтэй шууд харьцаж байгаа хэрэг. Яг ийм зохицуулалт байвал хариуцлага нэмэгдэнэ. Тухайлбал, “Цэцэрлэгт хүрээлэнд танай байгууллагын мэдлийн утас ил задгай байна. Иймээс “Танай байгууллагыг торгоно. Маргааш гэхэд цэгцлэхгүй бол хариуцсан ажилтныг ажлаас нь халах арга хэмжээ авна” гэх зэргээр гарцаагүй байдалд оруулж, хариуцлага оногдуулах юм бол хууль хэрэгжиж байна гэсэн үг.
-Тухайн газрыг хариуцаж буй байгууллагын эзэн орчин тойрондоо иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс болж хүүхэд хохирвол ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
-Хүүхэд яаж хохирсноос шалтгаална. Эрүүл мэндээрээ хохирсон юм уу, амь насаа алдсан уу гэх зэргээс хамаарна. Хүүхэд тухайн байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас түлэгдсэн бол бүх эмчилгээний зардлыг тухайн байгууллага төлнө. Амь насаа алдсан тохиолдолд нутаглуулах зардлыг нь гаргана. Иргэний хуульд энэ талаар заалт бий. Төрийн албан хаагч хүүхэд хохироход нөлөөлсөн бол ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Саяхан нэг хүүхэд задгай утасны тогонд зохиулж амиа алдлаа. Үүний дараа Нийслэлийн засаг дарга “Ил задгай утас байвал бүгдийг нь янзлах хэрэгтэй” тухай захирамж гаргасан. Уг нь тухайн байгууллагууд өөрсдөө янзлах үүрэгтэй. Гэтэл заавал хэлүүлж байж янзалж байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын галын аюулгүй байдал хариуцсан байцаагч нар тодорхой хуваарь гарган байгууллагуудын цахилгааны монтаж, аюулгүй байдлыг байнга шалгах үүрэг хүлээдэг. Нөгөө байгууллагууд нь ч мөн тодорхой хуваарь гаргаж аюулгүй байдлаа байнга шалгаж байх ёстой.
-Хүүхдийн эрх зөрчигдвөл өндөр хөгжилтэй орнуудад уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?
-Хүний эрхийн тухай ойлголт, мэдрэмж өндөр хөгжсөн орнуудад хариуцлагын асуудал маш өндөр түвшинд хүрсэн.Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд нь хохирогчидтой их нарийн ажилладаг. Байнга уулзаж мэдээлэл авдаг. Харин манай улсын төрийн бус байгууллагууд санхүүгийн эх үүсвэргүй байдаг. Тиймээс идэвхтэй ажиллаж чаддаггүй. Америкийн Засгийн газар төрийн бус байгууллагууддаа тодорхой хэмжээний санхүүжилт олгодог. Мөн татварын зохицуулалт нь ихээхэн зөв шийдэл юм билээ. Ямар нэг бизнес эрхлэгчид иргэний нийгмийн байгууллагууддаа санхүүгийн тусламж өгвөл, санхүүжүүлэгч татвараас хөнгөлөгддөг. Бизнес эрхлэгчид нь сан байгуулж, ТББ хандив өгөх нь нэг талаар сайн үйлс юм. Нөгөө талаас өгсөн хэмжээгээрээ татварын хөнгөлөлт эдэлж байгаа юм. Тэгэхээр бизнес эрхлэгчид ч тааламжтай, иргэний нийгмийн байгууллагуудад ч ашигтай. Ингэхээр хүүхэд хамгааллын механизм нь ажиллаад байдаг юм. Манайд ийм систем ажиллахгүй байгаа болохоор төрийн бус байгууллагууд олон улсын төсөл хөтөлбөр, тендерт оролцож, төсөл бичиж тодорхой дүн бүхий санхүүжилтээр богино хугацаанд ажилладаг. Урт хугацаанд ажиллах ямар ч боломжгүй. Санхүүжилт байхгүй учир яаж ажиллах юм. Үүний хор уршиг нь хүүхэд дээр гарч ирээд байна.
Б.АМАРТҮВШИН