“Дээлтэй Монгол” наадмын ерөнхий найруулагч нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхантай ярилцлаа.
-Энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадам юугаараа өвөрмөц байх бол?
-“Дээлтэй Монгол” наадам арван жил дараалан болж байна. Анх энэ наадам болж байхад хүмүүс дээлээ нэг их өмсдөггүй, барууны хувцас руу хошуурсан үе байсан. Одоо бол монголчууд дээлээ өмсдөг, дээлний дизайнеруудтай. Монгол эхнэр хувцас Америкийн кинонд гарчихсан гэх мэтээр дээл өөр түвшинд гарчээ. “Дээлтэй Монгол” наадмын том, гоё тайз зассан байгаа. Ерөнхийдөө ажил цэгцрээд байна. Сайхан наадам болох байх. Хүн бүр шахуу дипломын, хуримын, наадмын гэх мэтээр дээлтэй шүү дээ. Бүгдээрээ дээлээ өмсөөд нааддаг болчихвол сайхан байна. “Дээлтэй Монгол” наадмаар наадам эхэлнэ гэж болно. Наадам дөхөхөөр монголчууд дээлээ л бэлтгэдэг шүү дээ. Энэ жил орчин үеийн загварлаг дээл хувцаснууд манай наадамд оролцоно. Хуримын хувцас дараа нь багтахаа байчихдаг шүү дээ. Наадам хүртэл өөрийгөө сойж байгаад дээлэндээ багтаач. Ромбо авахдаа л өмссөн дипломны дээлэндээ салхи оруулж наадаарай гэж урьж байна.
-Загварын шоу болно гэсэн үү?
-Загварын шоу болно. Энд Монголын шилдэг дизайнерууд монгол дээлнийхээ загваруудыг үзүүлнэ. Залуу загвар өмсөгчид оролцоно. Монгол дээлний загварын чиг хандлага хаашаа явж байгааг эндээс хараарай. Дээлийг савхиар, ноолуураар хийж байна. Монгол дээлний хэв маяг орсон загваруудыг жинсээр урлаж байна. Тэр болгоныг манай наадмаас хараасай.
-Монгол дээлтэй хүмүүсийн парад болно гэсэн?
-Энэ бол уламжлалт парад. Тайзан дээр дүүрэг, дүүргийн бэлтгэсэн тоглолт болно. Түрүүлсэн дүүрэг нь өндөр шагналтай. “Учиртай гурван толгой” дуурь 10-ны орой тоглогдоно.
-“Дээлтэй Монгол” наадамд ирсэн хүмүүс үзэх, харах юм ихтэй байх нь ээ?
-16:00 цагаас “Дээлтэй Монгол” наадам эхэлнэ. Энэ өдөр бас Төрийн их цагаан сүлд гадаалдаг. Тэр ёслолыг харах боломжтой.
-Энэ наадамд дандаа дээлтэй хүмүүс ирнэ гэсэн үү?
-Ер нь бол дээлгүй хүн оруулахгүй гэж л байгаа. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Гадаадын зочид ч байна. Ер нь бол энэ өдөр дээлээрээ гоёж, дээлээрээ бахархаасай л гэсэн юм.
-Гадаадынхан ч дээл өмссөн харагддаг?
-Гадны жуулчид дээл өмсөөд уралдаанд оролцдог. Жуулчны компаниуд зочдоо монгол ёс заншил, дээл хувцастай танилцуулахаар урьдаг. Монгол дээл ямар ч хүнд зохидог шүү дээ. Европ хүн өмссөн ч сайхан харагддаг.
-Ингэхэд та наадмын ерөнхий найруулагчийн хувьд рок хэв маягаасаа татгалзах байх. Ямар дээлээр гангарах вэ?
-Надад хэд хэдэн гоёо бий. “Торго” салон, “Монгол костюмс”-ын урласан хүрэм бий. “Урбан жинс”-ийн жинсэн хүрэм байгаа. Тэднийхээ аль нэгийг цаг агаартаа тохируулаад өмсөнө дөө.
-Ер нь уламжлалт загвартай дээл хувцас өмсөх юмсан гэж боддог уу?
-Уламжлалт дээл өмсч байсан. Гэхдээ түрийтэй гутал нь ковбой гутал байх жишээтэй. Заримдаа тэгчихдэг л юм. Ер нь тэгээд монгол дээл морь унах үед зохимжтой хувцас шүү.
-Мотоцикль дээр арай зохихгүй юу?
-Савхин дээл бол мотоцикль дээр зохино шүү. Том хормой салхи хаана.
-Урлаг соёлын ямар арга хэмжээ төлөвлөж байгаа вэ?
-Дуучин Ж.Алтанцэцэг Монголын анхны этник дуунуудыг гаргасан. Этник дуунуудаараа оролцоно. “Хар сарнай”-гийн Амараа маань бас хийморь сэргээнэ. Урлагийн гоё тоглолтууд болно оо. Үндэсний бахархал төрүүлсэн урлагийн үзүүлбэрүүд байх юм.
-Ерөнхий найруулагчийн өвөрмөц шийдлүүд бий юу?
-Монгол дээлээ уламжлалт маягаар ном ёсоор нь өмссөн олон хүн “Дээлтэй Монгол” наадамд ирдэг. Энэ жилийн хувьд орчин үеийн загвартай монгол дээлийг харуулна. Би Европт монгол дээлтэй хүүхэн гудамжинд явахыг харсан. Ханцуйгүй дан дээл маягийн хувцас байсан. Хятад дээл бол биш, товч шилбэтэй байна лээ. Монгол уран хүүхэн хийж өгч дээ гэж бодож байсан юм. Гадаад хүүхэнд ч улаан торгоор хийсэн дан дээл гоё зохиж байна лээ. Азиуд даашинз өмсдөг юм чинь Европт монгол дээлний загвар орж ирэхэд амархан юм байна даа гэж бодсон.
-Сайхан монгол дээл хувцастай хүмүүсийг харсан үзэгчид, жуулчид монгол дээл хувцас худалдаж авах боломжтой юу?
-Талбай дээр тийм нөхцөл бүрдүүлнэ. Юуны урьд захиалга л авах байх даа. Ер нь дээл хувцас хийдэг газрууд наадам дөхөхөөр ажлаа дийлэхээ больчихдог шүү дээ. “Дээлтэй Монгол” наадмын үр өгөөж өндөр байгаа юм.
-Хэр олон хүн оролцох шинжтэй байна?
-5000 суудал засч байгаа. Түүнээс олон хүн ирэх байх гэж бодож байна л даа.
-Та бас мотоциклийн хорхойтнуудын нэг. Мотоцикльчид яаж наадах вэ, ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу?
-Мотоцикльчид “Хүй долоон худаг”-аар очдог юм. Өдийд бол Хөвсгөл явчихдаг юм. Наадмаар зарим нь морь малаа уяна гээд хүн болгон ажилтай л байдаг даа.
-“Улаанбаатар” чуулгын хувьд наадмаар онцгой хөтөлбөр санал болгох уу?
-Манайхан наадмын нээлтээс авахуулаад болж байгаа бүх үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Нийслэл маань наадам зохион байгуулахад том үүрэгтэй. Нийслэлийн ганц мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг утгаараа бүх үйл ажиллагаанд оролцдог. Давхар АСЕМ болж байгаа болохоор өдөр бүр л тоглолттой байна даа. Наадмын нээлтэд манай чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ “Улаанбаатарын магтаал” хэлнэ гэв.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулж буй. Уг наадам энэ сарын 10-ны өдөр 16:00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ. Үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах энэ томоохон баярын үеэр загварын шинэ брэндүүдийг танилцуулах агаад залууст зориулсан үндэсний хэв маягтай загварын шоу болох юм байна.
Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдээс оролцогчдын үндэсний хувцастай парад болно. Мөн оролцогчдоос гурван номинациар шилдгүүдийг тодруулах гэнэ. Шилдэг зохион байгуулалттай дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч өндөр шагналтай гэсэн шүү.