Зимбабве улсад өнгөрсөн мягмар гаригт “цэргийн эргэлт” болж, Ерөнхийлөгч Р.Мугабег гэрийн хорионд оруулсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Р.Мугабе огцрох бодолгүй төдийгүй өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч хэвээр байгаа гэж үзэж байна. Тиймээс армийн зүгээс түүнд тавиад байгаа нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Учир нь Ерөнхийлөгч 2018 онд болох сонгууль хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэх ёстой гэсэн байна. Хэрэв сонгуульд ялагдвал огцрох болно гэв.
Өдгөө 93 настай Р.Мугабег өргөөнд нь хорьсон гэх. Зимбабвегийн төрийн тэргүүн ба улсыг хяналтдаа авсан армийн генералын бүлгийн хооронд католик сүмийн лам Фиделис Муконори зуучилж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Р.Мугабе ба түүний гэр бүлийн гишүүдээс гадна сангийн сайдыг мөн хорьсон аж. Армийнхан нийслэл Хараре дахь Засгийн газар, парламент, шүүх, үндэсний радио, телевизийн газрын байруудыг хяналтдаа авчээ. Үүнтэй зэрэгцэн Зимбабвегийн Ерөнхий сайд асан Морган Цвангирай нутаг буцсан талаар мэдээлжээ. Тэрээр тус улсын сөрөг хүчний гол удирдагчдын нэг юм.
Түүнчлэн Р.Мугабе гэргийд нь хилийн чанад руу дүрвэх боломж олговол огцроход бэлэн гэсэн мэдээлэл ч бас байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Р.Мугабегийн гэргий Грэйс Мугабе Зимбабвег орхисон. Одоо Намибид байна гэжээ. Гэвч энэ талаархи мэдээлэл батлагдаагүй байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР