Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Жигжид: Гацууртаас тусгай төлбөр авна

УИХ-ын чуулган өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай чухал шийдвэр гаргалаа.

Энэхүү тогтоолоор Монголын төр тус ордын 34 хувийг эзэмших, энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар, борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөж, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн мэдээлэв.
Мөн “Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна, эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа ч энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохирсон байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл, дээр нь ААНХОТ-ыг авна. Үйл ажиллагааг Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, орд ашиглах гэрээ байгуулсны дараагаар явуулах юм” гэлээ.
Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж одоогоор алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Алтыг Монголбанкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлж, энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай ба хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ тэр үед орох орлогоос нь төлбөрөө авах юм байна.
Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй мөн тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг авснаар улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна гэж Уул уурхайн сайд мэдээллийн үеэр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *