Categories
гадаад мэдээ

Р. Дутерте-г шалгахыг НҮБ уриалав

Р. Дутерте зурган илэрцүүд

НҮБ./Kyodo/. Би гэмт хэрэгтнүүдийг өөрийн гараар хөнөөж байсан гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгдсэнтэй холбоотойгоор түүнийг шалгахыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан газрын тэргүүн уриаллаа.

Р.Дутерте өнгөрсөн долоо хоногт үг хэлэхдээ “би Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр жишээ үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хайж олоод, өөрийн гараар устгаж байсан” гэсэн юм. Тэрбээр 1988 оноос хойш тус хотын даргаар гурван удаа дараалан сонгогдон ажиллажээ.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад аль-Хусейн мягмар гарагт хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

Түүний мэдэгдэлд “хэн нэгэн өөрийгөө алуурчин гэдгийг ид тод мэдэгдэж байхад түүнийг мөрдөн шалгахгүй байна гэдэг бол байж боломгүй хэрэг” гэжээ.

Хэрвээ Р.Дутерте үлгэр дууриалал үзүүлэхийн тулд ийм хэрэг үйлдсэн бол энэ нь бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирсан үйлдэл мөн гэж комиссар Зейд хэлээд “Хууль шүүхийнхэн Р.Дутерте-г тусгайлан шалгаж, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдгийг нотлон харуулах хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэжээ.

Р.Дутерте энэ оны зургадугаар сард ерөнхийлөгч болсноос хойш явуулж буй мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын хүрээнд Филиппиний цагдаа нар шүүхийн шийдвэргүйгээр 6000 гаруй хүний аминд хүрээд байгаа юм. Хүний эрхийг хүндэтгэхийг Р.Дутерте-д хүний эрхийн төлөө тэмцэгчид болон улс орнуудын удирдагчид уриалсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *