Categories
мэдээ цаг-үе

Р.Даваадорж: Угаарын хийд хордож нас барсан нэг тохиолдол эрүүл мэндийн байгууллагын албан бүртгэлд байна

НЭМҮТ-ийн тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржоос тодрууллаа.


-Угаарын хийд хордож, эмнэлгийн яаралтай тусламж авсан дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт ажиглагдаж байна уу. Эсвэл эсрэгээрээ өссөн үү?

-Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ төрлийн дуудлага өсөөгүй. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр хоёр өрхийн нийт дөрвөн том хүн, дөрвөн хүүхэд угаарын хийд өртсөн анхны дуудлага иржээ. Мөн оны аравдугаар сарын 11-нд 25 хүн өртөж эмнэлгийн тусламж авснаас таван хүн нас барсан байсан. Өртөлт нь цааш өсч өнгөрсөн оны хавар гэхэд 2500 хүрсэн. Хамгийн гол нь нас баралтын түвшин өндөр байсан нь ажиглагдаж байгаа юм.

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд угаарын хийд хордож улмаар амь насаа алдсан тохиолдол хэд бүртгэгдэв?

-Эрүүл мэндийн байгууллагад нас баралт нэг гэсэн албан бүртгэлтэй байна.Бид өглөө болгон Нийслэлийн Онцгой Коммисын шуурхай штаб болон 103, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламж, ЭХЭМҮТ-өөс ирсэн мэдээллийг нэгтгэн ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтэст илгээдэг. Одоогийн байдлаар угаарын хийд өртөж хордсон иргэд 103-аар дамжуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламж дээр очиж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл аваад буцаж байгаа.Энэ оны өртөлтийн дуудлага есдүгээр сарын 13-наас эхэлж бүртгэгдсэн. Өчигдөр /10 дугаар сарын 11/-ний өдрийн 08 цагийн байдлаар эмнэлэгт хандсан хүний тоо нийт 149, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авч буцсан 148, эмнэлгээс эмчлэгдэж гарсан нэг хүн, нас барсан нэг хүн байна. Харин одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Мөн нас баралтын тоо өсөөгүй.

-Саяхан /энэ сарын 6-7 нд шилжих шөнө/ эмээ нь зээ хүүтэйгээ хамт угаартаж улмаар нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Дөнгөж хасах градуст шилжиж эхэлж байхад л угаарын хийд олон хүн хордож амь насаа алдаж байна. Тэгвэл өвлийн ид тачигнасан үед яана гэсэн үг вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид үзэж нас барсныг тогтоосон. Эмнэлэгт ирээд нас барсан, эмчлүүлж байгаад нас барсан нь задлан шинжилгээнд батлагдсан тоог авах ёстой.Өөрөөр хэлбэл, тэнд хүн нас барлаа гэсэн цахим мэдээллийн тоог эмнэлгийн байгууллага бүртгэх боломжгүй. Эмнэлгийн тусламж аваагүй гэртээ нас барсан тохиолдлыг цагдаагийн байгуллага бүртгэн шалгах ажиллагаа явуулдаг. 103 очоод нас барсан, эсвэл эмнэлэгт ирэх замд, ирсэн хойноо нас барсан бол эмнэлгийн мэдээнд ордог.

-Тухайн осолд өртсөн айлд угаарын хийн мэдрэгч суурилуулсан байсан уу?

-Үүнийг мэдэхгүй

-Өмнөх жилд угаарын хийнээс үүдэн хэдэн хүн амь насаа алдаж байсан бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 10-ны хооронд нийт 2568 хүн угаарын хийд өртөж эмнэлгийн тусламж авснаас 15 хүн нас барсан байна.

-Мэдээж ард иргэд зуух яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, урьдчилсан бэлтгэл ажлаа базаах /яндангаа хөөлөх, угаарын хийн мэдрэгч тавих/ ажлууд хийх хэрэгтэй. Энэ хүрээнд ч тодорхой аян эхэлсэн?

-Зөвлөгөө мэдээлэл хангалттай сайн явж байгаа. Нийслэл, дүүрэг, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ, ОБГ харилцан уялдаатай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Сайжруулсан түлшинд сайн зуух яндан л тохирно. Иргэд өөрсдөө урагшаа нэг алхмаар байна. Нийслэлийн 200 мянган гэр хороолол бүгд өртөхгүй байгаа биз дээ. Аминдаа арчаатай бай гэж зөвлөмөөр байна.

-Энэ хэвээр хүний амь нас эрсдээд байвал өвлийн ид тачингнасан өдрүүдэд цөмөөрөө хиарах хэрэг үү?

-Өнөөдрийн байдлаар дуудлага өгч,эмнэлгийн хүлээн авах дээр зөвлөгөө аваад буцах хүний тоо өмнөх жилийн мөн үеийнхээс харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс дүгнэвэл хүмүүс тодорхой ойлголттой болсон гэж үзэхээр байна. Энэ нь яндан зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хөөлөх гэх мэт кампанит ажлуудтай ч холбоотой болов уу.

-Угаарын хийн мэдрэгч 100 хувь баталгаатай байж чадах уу?

-Чадна гэж үзэж байгаа. Зөв байрлуулах, унтраахгүй байх, зайг нь сайтар шалгах, болж өгвөл орныхоо дээр байрлуулах нь чухал.Утаа мэдрэгч суурилуулах нь энэ төрлийн эрсдэлээс сэргийлэх эхний алхам юм.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *