Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: 1939 онд халуун цус бүлээн амиараа хамгаалсан Халх голын бүс нутгийг бид 2015 онд хуулийн хүрээнд бас дахин хамгаалж авч үлдэж чадсан

ХХАА-ийн сайд асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Халх голын байлдааны 80 жилийн ой саяхан боллоо. Та салбарын сайдаар ажиллаж байхдаа энэ бүс нутагт нэлээн анхаарч байсан?

-Халх голын байлдаан бол Монголын тусгаар тогтнолд онцгой хамаатай, өнөөдөр ч дэлхий дахинаа түүхэн ач холбогдлоо алдаагүй хэвээрэй байгаа үйл явдал. Энэхүү түүхт ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путин Монгол улсад айлчиллаа. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал олон чухал үйл явдлуудаар дүүрэн байсан.

-Таны хувьд сайдаар ажиллаж байхдаа Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс төслийг санаачилж байсан. Энэ талаар яриагаа эхэлье?

– ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины 2019 оны 9-р сарын 03-04-нд Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын нэгэн томоохон хэсэг бол ОХУ-ын Төрийн Думын эмэгтэй гишүүдийн “Женское собрание парламенского клуба” байгууллага анх удаа Монголд “Стратегийн төсөл”-өө танилцуулж, Олон улсын диалоги явуулсан үйл явдал юм. ОХУ-ын Элчин сайдын яам, РЦНК-Монгол дахь Оросын ШУ соёлын төв, ОХУ-ын Россотрудничества байгууллага, ОХУ-ын Төрийн Думын “Женское собрание парламенского клуба” байгууллагууд хамтран зохион байгуулсан энэхүү Олон улсын диалагид миний бие уригдан, өөрийн санаачлан эхлүүлсэн Халх гол ҮБББ-ийн талаар илтгэл тавьсан. Халх гол-Орос монгол эрэлхэг дайчдын халуун амь бүлээн цусаар хамгаалагдсан нутаг. Үүнээс хойших Халх голын бүтээн байгуулалттай холбоотой түүх зөвхөн өнөөдрийн л ярьж байгаа түүх байсангүй. ЗХУ-ын Коммунист нам 1967-1980 онуудад Халх голд атар газар эзэмших талаар Монгол-Оросын хамтарсан атарын судалгааны экспедици томилон ажлуулсан байдаг. Анхны эрчимжсэн аж ахуйн ТЭЗҮ-г ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд хамтран хийж Халх голын бүс нутгийг хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн эрчимжсэн аж ахуй байгуулахаар хөгжлийн схем төлөвлөгөө гаргаад үүний дүнд анхны аж ахуй байгуулагдаж байсан түүхтэй. Дорнодын мухар улаанд үүлдэрийн 5 мянган үхэр, 2 мянган барга үйлдэрийн хонь бордох цогцолбор барих төлөвлөгөө гаргаад эхний үйл ажиллагаа явагдаж байсан байдаг. Хөдөө аж ахуйн зориулалтаар хадгалж ирсэн энэ газар нутгийн зориулалтыг сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр газрын тос, уул уурхайд ашиглуулахаар өгч байна. 2016 оны байдлаар Халх голын сумын нутаг, дархан цаазат газраас бусад хэсэгт буюу Дорнод аймгийн нутаг дэсгэрийн 44 хувийг газрын тосны хайгуул, олборлолт хийгдэхээр олгосон байдаг. Гэтэл тухайн нутагт газрын тосны олборлолтоос сум орон нутагт хөгжил авчирсан зүйлгүй. Жилээс жилд экспорт нэмэгдэж байгаа ч Монгол улсад тэр тусмаа орон нутагт өгөөж муутай байгаа. Намайг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд байх үед Буйр 22 талбайг Петро Чайна Дачин Тамсаг компани хайгуулын лизензтэй байсныг түр буцааж эргээд олборлолтын лиценз болгохоор тухайн үеийн Уул уурхайн сайд Засгийн газрын хуралдаанаар оруулж байтлуулах гэж байсан. Тодруулж хэлбэл 784 мянган га газрыг уул уурхай, газрын тосны ашиглалтын лизеценз болгож Петро Чайна Дачин Тамсаг компанид ашиглуулахаар бэлдэж байсан гэсэн үг. Энэ сиймхийгээр тухайн үеийн хуулийн гаргалгаар ХАА-ын Чөлөөт бүс болгож улсын тусгай хамгаалалтад авсан. Өөрөөр хэлбэл бид Халх голын бүс нутгийг уул уурхайгаас хамгаалж Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар ногоон тамга дарж, улсын хамгаалалтад авсан гэсэн үг. Тэр үед орон нутгийн иргэд чөлөөт бүс гэдэгт нэлээд эмзэглэсэн учраас дараа нь газрын тухай хуульд өөрчлөлт орсноор Хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгож улсын тусгай хамгаалалтад авсан. Намайг сайдаар ажиллаж байх үед Халх голын бүс нутгийг газрын тос олборлох зорилгоор ашиглах гэж байгааг иргэд эсэргүүцэж байсан. Халх голын бүс нутагтэрчимжсэн ХАА-н зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж аль эртнээс төлөвлөгөө судалгаа нь гараад бэлтгэгдчихсэн газрыг газрын тос, уул уурхайд өгч байгаа юм. Би тухайн үед 500 мянган га газрыг ХАА-н зориулалтаар улсын тусгай хамгаалалтад авч хуулиар хамгаалж чадсан. Халх голын бүтээн байгуулалтын бүсэд юу хийхийг зорьж байна ямар зорилготойгоор бүтээн байгуулалтын бүс гэж нэрлэж байгаа талаараа удаа дараа олон нийтийн сүлжээ, радио телевиз, сонин хэвлэлд ярилцлага өгч байсан. Мөн уржигдар зохион байгуулагдсан олон улсын диалогт уригдан очиж танилцуулга хийлээ. ОХУ-ын эмэгтэй гишүүдийн женское собрание байгууллага нь монголд хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Уг байгууллага нь дэлхийн 40 гаруй улсад хамтын ажиллагаа явуулдаг. Энэхүү хамтын үйл ажиллагаандаа монголыг төлөөлжнамайг төлөөлж ажиллач г гэж урьсан. Миний хувьд УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгэг байгуулагдахад өмнөх парламентад идэвхтэй ажиллаж байсан. Энэ хугацаанд хийсэн үйл ажиллагаа туршлагаасаа танилцуулсан. Сонгуулийн хуулийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд эмэгтэйчүүдийн илүү сонгогдох боломж бололцоог олгох квот мөнгөний хүчин зүйлээс бага байлгах зэрэг нэлээн хуулийн шинэчлэлтүүдийг хийсэн.

-Уг төслийг яагаад Халх голд эхлүүлэх болсон бэ?

-Монголын газрын зургийг харахад Баян-Өлгийн Цагаан нуураас эхлээд Дорнодын халх голын ХАА-н бүтээн байгуулалтын бүс хүртэл хойд хэсгийг харах юм бол мал аж ахуй ХАА зонхилсон бүс нутаг. Үүнийгээ ногоон хөгжлийн коридор гэж нэрлээд энд уламжлалт мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй түүнийгээ дэмжсэн хүнс хөнгөн үйлдвэр хойд бүсдээ байх хэрэгтэй болж байгаа юм. Энэ хэсгийгээ Монгол улс Төрийн бодлогоор ХАА-н ногоон коридор гэж зарлаад энэ бэлчээр нутгаа уул уурхайгаас хамгаалах хэрэгтэй байгаа юм. Монгол улсын хөгжлийн тулгууруудын нэг бол яалт ч үгүй Хариуцлагатай Уул уурхай. Үүнийгээ зөв бодлогоор удирдан зохион байгуулж чадвал улс орон хөгжилгүй яахав. Бүх газартаа нийтлэг лицензийг олгож байгаа нь буруу юм. Тухайлбал Халх гол орчимд 1967 оноос хойш үе үеийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийж ХАА-н зориулалтаар тус бүс нутгийг ашиглах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Тийм ч учраас хөрсний болон бусад шинжилгээнүүдийг иж бүрэн цогцоор нь хийж холбогдох ТЭЗҮ, загвар аж ахуйн загварчлалыг нь бэлэн болгож ирээдүйд ашигдах үүц газар хэмээн хадгалж авч үлдсэн байдаг.Угтаан бол ХАА салбар бол Монгол улсын хөгжлийн гол тулгуур багана юм. Тэгэхээр би бол Уул уурхай ХАА зэрэгцэн хөгжихдөө Ногоон хөгжлийн коридор хэсэг болох хойд нутгаа уул уурхайгаас зааглах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. ХХАЯ дээр ХАА-н эдэлбэр газар нутгийн талаарххийгдсэн судалгаанууд байдаг. Тэдгээрийн нэг нь Эрчимжсэн болон хагас эрчимжсэн МАА, ХАА-н эдэлбэр газар нутгийг тодорхойлсон хөгжлийн судалдаа юм. Уг судалгаагаар хамгийн тохиромжтой байршлуудын нэг нь Халх голын бүс нутаг гэж гарсан байдаг. Бид ХАА-н тэр дундаа газар тариалан МАА-н хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүс нутгийн хүсний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Үүнийг дагаад ХАА-н үйлдвэрлэлийн бүс бий болж тэнд ажлын байр нэмэгдээд зогсохгүй ХАА-н экспорт хөгжих бүрэн боломжтой.


-Ямар зориулалтаар төрөлжүүлж ашиглах боломжтой байсан бэ. Тухайн үед нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан?

– ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн судалгаагаар Хагас эрчимжсан Мал аж ахуй, бэлчээрийн зориулалтаар 51 хувь, Газар тариалангийн зориулалтаар 27 хувь, Аялал жуулчлалд 16 хувь, Үйлдвэр үйлчилгээний бүс нь 5 хувь байхаар төлөвлөж байсан. Хамгийн гол нь тэнд алс хязгаар нутагт энэ бүтээн байгуулалтын бүс бий болсноор ажлын байр ихээр бий болох байсан. Эхний судалгаагаар 1000 гаруй ажлын байр бий болно гэсэн судалгаа гарсан байдаг. Сургалт судалгаа үйлдвэрийн төвүүд болон жишиг загварын бүс болно. Хамгийн гол нь хил орчмын нутгууд эзэнгүй байна. Эзэнгүй байдлыг далимдуулж хууль бусаар орж ирэх газар нутгийг гадныханд эзэмшүүлэх байдал гарч ирж байсан. Тухайлбал халх гол орчимд 30 мянган га газрыг солонгосуудад хууль бусаар өгчихсөн. Мөн хятад иргэний эзэмшилд олон мянган га газрыг өгчихсөн байсан. Тухайн орон нутгийн засаг дарга орон нутгийн удирдлагууд нь хууль бус зүйл хийсэн байсан. Би тэнд очиж судалгаа мэдээллүүд олж авснаар хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоосон. Улс өөрийн тусгай хамгаалалтад 500 мянган га газраа авснаар хууль бус хулгайг таслан зогсоож байгаа юм. Малчдыг яаж орлоготой болгох вэ гэж ярьдаг ч бэлчээрийн даац өсөөд байна. Төв зам дагуу малчид маань малын гаралтай бүтээгдэхүүнээ зарахын тулд төв газраа барааддаг. Ингээд бэлчээрийн доройтол үүсдэг. Нийслэл хотод орж байж зарж борлуулахаас өөр замгүй. Сүүлийн үед мах хятад эзэнтэй ченжүүдийн гарт орлоо гэдэг. Би ХХАА-н сайдаар ажиллаж байхдаа махны экспортын чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Тухайлбал шүлхий өвчин их гээд манайхаас түүхий мах авахгүй хоригтой байсан. Үүнийг бүсчлээд баруун таван аймгаа эрүүл бүс гэж тогтоолгоод БНХАУ-ын түүхий мах гаргах экспортлох эрхийг авч байлаа. Мэдээж үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байх ёстой учраас үйлдвэрүүдээ олон улсын стандартад нийцүүлэх аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хөнгөлөлттэй зээлд хамруулах адестачлалд оруулснаар өмнө нь нэг ч компани эрх аваагүй байсан бол найман компани вьетнам руу хонь ямааны мах, Хятад улсруу 20 гаруй ОХУ-руу 26 компани мах экспортлох эрхтэй болгосон. Төвийн аймгуудаа дараагийн эрүүл бүсэд оруулах бэлтгэл ажлыг хийж байсан. Зүүн бүс нэлээд шүлхий гардаг. Дээр нь зэрлэг амьтдын нүүдэл ихтэй учраас урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажлаа эрчимтэй явуулсан. Харамсалтай нь сонгуулийн дараа эрүүл бүсэд хүртэл хяналтаа алдчихсан. Ахиад Монгол Улс хорио цээрийн дэглэмтэй болчихсон. Малчид болоод бэлчээрийн даацаа бодсон ч тодорхой хэмжээний малаа эргэлтэд оруулж байх ёстой. Ер нь бол Малын гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр олон улсын худалдаанд гаргах боломжтой байгаа юм. Ингэхийн тулд хэсэгчилсэн малын эрүүл бүсүүдийг бий болгох шаардлагатай байгаа юм. Халх голын бүс нутагт Малын өвчингүй хэсэгчилсэн эрүүл бүсүүдийг бий болгож угэрүүлжүүлсэн бүсэд малчид малаа өгөн эрүүлжүүлээд, шахаж бордоод, мах махан бүтээгдэхүүн, арьс бусад бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар боловсруулаад тэр бүс нутгаа хангахаас гадна экспортод гаргах боломжтой байгаа. Энэ бүс нутагт махны эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ байнга буурч байхад махны үнэ байнгын өсөлттэй байгаа. Эдгээр байдлыг харж үзээд хил орчмын хязгаар нутагт эрчимжсэн малын эрүүл бүсийн цогцолборыг бий болгох шаардлагатай. Ийм газруудыг Халх гол гэлтгүй бусад газруудад байгуулая гээд Хятад улсаас өгөх 1 тэрбум төгрөгийн зээлээс 12 мах боловсруулах түүнийг дагалдуулсан малыг эрүүлжүүлэх, шахаж бордох цогцолборыг байгуулахаар шийдвэр гаргаад орон нутагт нь сонгон шалгаруулалт явуулаад Монгол компаниуд аж ахуй эрхлээд явуулахаар зохион байгуулаад дараагийн Засгийн газар үлдээсэн. Харамсалтай нь дараагийн Засгий газар өмнөх үйл ажиллагааг бүгдийг нь зогсоосон. Хил орчимд 12 үйлдвэр байгуулагдаж, махаа эрүүлжүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж байсан бол өдийд малчид маань орлоготой, ажлын байр шинээр бий болж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, хүнсний аюулгүй байдал сайжирч, гадаад худалдаа, ХАА-н экспорт нэмэгдэх байлаа. Нам гэлгүйгээр өмнөх Засгийн газрын хийж байсан чухал үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэх явах нь зүйтэй гэж би үздэг. Мөн аялал жуулчлалын бүс байгуулагдсанаараа түүхэн дурсгалт газрууд болоод суманд ажиллаж байгаа хүмүүст боломжууд гарах байсан. Зүүн бүсэд ХАА-н Аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал Газар тариалан, Мал аж ахуй, Хүнсний үйлдвэрээсээ дутахааргүй ашиг орлоготой байх судалдаа хүртэл хийгдсэн байдаг. Халх гол маань эмзэг хөрстэй учраас хөрсөнд нь тааруулсан газар тариалан эрхлэх, жимс жимсгэнэ, ногооны аж ахуй эрхлэх газар тариалангийн технологийн журам стандартуудыг бий болгосон байсан. Тиймч учраас бид тухайн үед Тариалангийн тухай хуулийг шинээр батлуулж улмаар хөрсний эвдрэл, элэгдэл, цөлжилтөөс хамгаалах тухай заалтуудыг уг хуульд тусгасан.

Ер нь зүүн бүс тэр дундаа Дорнод аймгийн Халх гол суманд орон нутаг дураараа газар олгодог байсныг таслан зогсоосон учраас, ЗГ-ын зөвшөөрөлгүй атар газрыг дур мэдэн хагалж газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсныг нь зогсоосон учраас тухайн үед бидний эсрэг худлаа ташаа мэдээлэл тарааж эсэргүүцэл зохион байгуулж байсан.Үүний ард зарим нэг улстөрийн нам, нэр дэвших сонирхолтой хүмүүс гүтгэлийн шинжтэй мэдээлэл тарааж ард иргэдэд буруу ташаа мэдээлэл түгээх үзэгдэл их байсан. Тийм ч учраас намайг ТЕГ, АТГ, цагдаа, шүүх прокурор гээд бүх л хянуулж болох газарт өгсөн байдаг. Би ч тэдгээр байгуулагуудаар нь шалгуулж үнэн зөвийг шалгуулсан. Хууль хяналтын байгууллагууд шалгаж үзээд гүтгэлэг гэдгийг тогтоогоод хуулийн дагуу холбогдох хүмүүст нь торгууль ноогдуулж арга хэмжээ авсан байдаг.

-Халх гол бүтээн байгуулалтын бүсийн үйл ажиллагаа хэрэгжээд эхэлхэд хэзээнээс үр ашгаа өгөх байв?

-ХАА-н бүтээн байгуулалт бол бидний чадах л ажил. Тариалан эрхлээд 60 жил болж байна. Бусад газартай харьцуулахад Халх голын бүс нутаг нь илүү дулаан бас чийглэг сайхан уур амьсгалтай. Тийм ч учраас дээр үед Халх голын сангийн аж ахуй байгуулна гээд үхэр хонины аж ахуй байгуулж байсан байдаг юм. Тэрний үлдэгдэл ч өнөөдөр байж л байдаг. Нэг жилийн дараа гэхэд хорио цээрийн бүсээ байгуулаад цахилгаан, ус, боловсруулах үйлдвэр, зам эрчим хүчний ТЭЗҮ хийгдээд 2017 оноос дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлээд аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаа явуулж эхэлнэ. 2018 оноос худалдааг нэг цонхны бодлогоор явуулна гэсэн төлөвлөгөө гарсан байсан л даа. Харамсалтай нь Засгийн газар солигдоод зогсонги байдалд орсон. Ганц халх гол гэлтгүй 12 аймагт ХАА-н бүтээн байгуулалтын цогцолборууд, мал боловсруулах үйлдвэрээ түшиглээд хийгдэнэ гэсэн төлөвлөгөө байсан. Төвлөрлийг сааруулаад аль болох орон нутагт ХАА-г бүтээн байгуулалтыг ихээр бий болгоё гэж зорьсон. Ер нь бол төрд тогтвортой бодлого хэрэгтэй байна. Нэг нам солигдоод өмнөх ажлаа үгүйсгэмээргүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *