Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд 12-20 жилийн хорих ялаас айж, эмээхгүй байна

Хуульч Р.Булгамаатай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд, өсвөр насныхан гэмт хэргийн хохирогч болох, өөрөө гэм хэрэгтэн болдог харамсалтай тохиолдол гарсаар байна. Үүний шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байгаа, гэмт хэрэгт татагдан, гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж байгаа нь хуульч хүний хувьд, эмэгтэй хүний хувьд, эх хүний хувьд сэтгэл зовинож байдаг асуудлын нэг. Хүүхдүүд яагаад гэмт хэрэгт өртөөд байгаа шалтгаан нөхцлийг нь аваад үзэхээр гол төлөв эцэг эхийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдалтай шууд холбоотой байдаг. Жил бүр цагдаагийн байгууллагаас гаргадаг тоон мэдээллийг харахад хүүхэд өртөж байгаа гэмт хэргийн тоо багассан хэдий ч энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажилд дэвшилттэй зүйл харагдахгүй байгаа нь хүүхэд өртсөн гэмт хэргийн тооноос илэрхий харагдаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд удаа дараа хөл хорио тогтоосон нь хүүхдүүд олон нийтийн газарт гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өөрөө гэмт хэрэгтэн болох асуудал буурсан хандлага харагдаж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 480 орчим бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол хөл хориотой холбоотой. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сүүлийн таван жилийн статистик мэдээллийг харахад жилд 50-55 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барж, 800-1000 орчим хүүхэд зам тээврийн улмаас бэртэж, гэмтсэн байна. Энэ бол автомашин жолоодож байгаа томчуудын хариуцлагагүй байдал, буруутай үйлдэл эс үйлдэхүй тэй холбоотой. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хурд хэтрүүлсэн зэрэг томчуудын хариуцлагагүй байдлын улмаас бидний ирээдүй хойч болсон хүүхэд багачууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

-Уг нь бид хүүхдийн эрхийг хамгаалах талаар хууль дүрэм журмандаа хангалттай зааж өгсөн. Даанч хэрэгжилт хангалтгүй байх шиг байна?

-Тийм шүү. Хүүхдийн эрх хамгааллын хууль, дүрэм журам манай улсад хангалттай байгаа. Тиймээс хэрэгжилтэд илүү анхаарах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын асуудалд анхаарч байна гээд хамгаалах байрыг олноор нь байгуулж, хүүхдийг эцэг эхээс нь салгаж, төр хүүдийн аюулгүй байдалд анхаарах ёстой гэдэг дээр төвлөрөхөөс илүү гэр бүлийнхэнтэйгээ хүүхэд хэрхэн эрүүл аюулгүй орчинд өсөж торних, зөв хүмүүжил төлөвшил олох вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Хүүхэд хаана аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг вэ гэхээр аав, ээж, ах, дүү нартайгаа элэг бүтэн байхдаа аз жаргалтай байдаг. Тиймээс гэр бүлийг дэмжсэн төрийн бодлого маш чухал байна. Ер нь хайраар дутсан, халамж анхаарлаас ангид байсан хүүхэд гэмт хэрэгт өртөх, зөрчил дутагдалтай ойрхон байх, хохирогч болох, гэмт хэрэгт татагдах орох хадлага түгээмэл харагдаж байдаг. Тиймээс Гэр бүлийн шинэчилсэн найруулгын хуулийн хэлэлцүүлэг явж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэх, хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Энэ нь гэрлэлт цуцлуулсан гэр бүлд ч хамааралтай. Гэрлэлтээ цуцлуулсан ч долоо хоног, сард тогтмол цагийн хуваарийн дагуу хүүхэддээ цаг зарцуулдаг хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Зарим оронд гэрлэлт цуцлуулсан ч гэсэн хүүхэддээ долоо хоногт 10-аас доошгүй цаг зарцуулна хэмээн заадаг. Хэрэв эцэг, эх хүүхдийнхээ сурч боловсрох, чөлөөт цагийг өнгөрүүлэхэд дээрх хэмжээний цаг зарцуулаагүй бол Зөрчлийн хуулийн дагуу хүүхэддээ тавих анхаарал халамж, үүргээ биелүүлээгүй гэж гомдол мэдүүлдэг зохицуулалт бий.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өсөж торних, эсвэл эцэг эх нь салсан гэх мэт ямар ч тохиолдолд хүүхэд хамгийн том хохирогч болж байна шүү дээ. Тэдний сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж болохгүй нь харамсалтай юм даа?

-Хүчирхийллийн хохирогч болсон иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тал дээр гол төлөв анхаарал хандуулж ажилладаг хуульчийн хувьд энэ төрлийн хохирогч болсон эмэгтэйчүүд, хүүхдүүд маш их ханддаг болсон. Ялангуяа хүчирхийлэл үүссэн орчинд хамгийн ихээр хохирдог хүмүүс бол хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Коронавируст халдвар тархаж хөл хорио тогтоосон үед цагдаагийн байгууллагад хоногт 240-250 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан. Эдгээрээс зөрчил болон гэмт хэргийн шинжээр нь ангилж зохих хариуцлага хүлээлгэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд хүүхэд бие мах бодиороо хохирохоос гадна юугаар ч үнэлж барахгүй сэтгэлзүйн гэмтэл авч байдаг. Тэд айдастай орчинд өссөнөөр ирээдүйд итгэх итгэлээ алдах, томчуудаас айж өсөх, хэн нэгнийг үзэн ядах, гомдох, сэтгэлийн гэмтэлтэй болдог. Тиймээс цаашид бид гэр бүлд хүчирхийлэл, маргаан юунаас болж үүсээд байна вэ гэдэг учир шалтгаан, нийгмийн хүчин зүйлтэй нь уялдуулан авч үзэх шаардлагатай байна. Хүүхдүүдтэй ярилцаад үзэхээр эцэг эх нь ихэвчлэн санхүүгийн бэрхшээл, үргэлжилсэн хэрүүл маргаан, аав ээжийх нь ажилгүй байгаа зэрэг нь голлон нөлөөлдөг гэж хариулдаг. Иргэд ажилгүй, орлогогүй байгаагаас үүдэн гэр бүлд хэрүүл маргаан, асуудал дэгдэхээр сүүлдээ архины хамааралтай болох явдал ч байна. Томчууд бид өөрсдийн хандлага, зан үйлд өөрчлөлт оруулж, ажилгүй орлогогүй хэмээн архи согтууруулах ундаагаар стрессээ тайлдаг хэв маягаас татгалзах хэрэгтэй. Хөдөлмөрийн орчин бий болгох тал дээр төрөөс анхаарч ажиллаж, ажилгүй, орлогогүй иргэдийг хөдөлмөрийн таатай орчинд ажиллуулах хэрэгтэй.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд хүлээлгэх хариуцлага нэг үеэ бодвол нэмэгдсэн. Гэхдээ хуулийн дагуу хүлээлгэж байгаа хариуцлага энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох хөшүүрэг болж чадаж байна уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд Зөрчлийн тухай хуулийн 5.4 болон Эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл гэсэн зүйл заалтын дагуу хариуцлага хүлээлгэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг удаа дараа давтан үйлдэж, гэр бүлийн гишүүддээ хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан, гэмтлийн зэргээс хамаарч Эрүүгийн гэмт хэрэг болдог. Харин Зөрчлийн хуульд заасан зохицуулалтын хүрээнд хүчирхийлэл үйлдсэн бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Миний хувьд энэ заалтад дээр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, төрийн хамгаалалтад авахаас илүү тухайн иргэдийг албадан хөдөлмөр хийлгүүлэх хэрэгтэй гэж боддог. Нэг хоригдолд хоногт 6000-8000 төгрөгийн хоол хүнс зарцуулдаг. Тэгэхээр төрөөс нэг хүнд ийм хэмжээний мөнгө хоногт зарцуулаад хүчирхийлэгчийг төрийн хамгаалалтын байранд тодорхой хугацаагаар толгойг нь илж байлгахаас илүү, ажил хөдөлмөр хийлгэж, буруу зан үйлээ засах, эерэг зөв хандлагатай байж, хань ижил, үр хүүхдийнхээ өмнө үүргээ ухамсарлах ёс суртахуунтай, соён гэгээрүүлэх сургалтад хамруулахад илүү анхаарал хандуулах шаардлагатай. Мөн гэр бүлийн маргаан бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзээд нэгийг нь баривчлах байранд оруулахаас илүүтэй өөр хариуцлагын арга хэлбэрийг хэвшүүлбэл дээр гэж боддог. Баривчлах байрнаас гарч ирээд “Намайг баривчлуулдаг хэн бэ” хэмээн дахин асуудал үүсгэх нь түгээмэл. Асуудал гарсан тухайн гэр бүлд зөвлөдөг зөвлөгч хэрэгтэй байна. Мөн баривчлах шийтгэл оногдуулахаас өмнө сануулдаг, торгодог, алдаагаа ухамсарлах боломж олгодог механизм бодит амьдралд дээр үгүйлэгдэж байна. “Би дахин ийм алдаа гаргахгүй, гэр бүлдээ танхайрч, хүчирхийллийн хэв шинжтэй үйлдэл гаргахгүй, гэр бүл үр хүүхдүүдээсээ уучлал гуйж байна” гээд байхад хуулиндаа заавал баривчлах шийтгэлтэй гээд байдаг тохиолдол байгаа талаар иргэд гомдоллож байсан.

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо төдийлөн буурахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна л даа?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол төдийлөн буурахгүй байна. Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санаа болон гэм хорын хохирлыг бид хэрхэн яаж шийдэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд давтан үйлдэх шинжтэй байна уу, анх удаа үйлдэж байна уу, энэ гэмт хэргийн кримонологи шинж чанар юу юм бэ гэдэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар 125 хүүхэд бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогч болсон. Тэгэхээр жилд 200-250 орчим хүүхэд бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа нийтлэг дүр төрхтэй болоод удаж байна. Тиймээс энэ асуудалд нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Миний хувьд энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа шалтгаан нөхцлийг авч үзэх шаардлагатай гэж боддог. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд хүлээлгэдэг хариуцлагын асуудлыг илүү хөндөх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Түүнээс гадна гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, эмэгтэйчүүдэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг тооцож, нөхөн олговор олгуулахыг эрмэлздэг.

-Ер нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн тогтоодог юм бэ. Нөхөн төлбөр тооцуулах боломж хэр байдаг вэ?

-Хохирогчдын сэтгэл санааны хохирлыг тогтоох боломж алга. Хохирогчдод сэтгэлзүйн эмчилгээ үзүүлэхэд ийм хугацаа зарцуулна, түүнд нь тэдэн төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад түүнийг нь шүүхээс тооцож тухайн гэм буруутай этгээдээс гаргуулж байгаа туршлага цөөхөн байна. Гэхдээ шүүхийн байгууллага энэ бодит байдлыг хагалзан үзэж шийдвэр гаргадаг болсныг онцлон тэмдэглэмээр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээр энэ төрлийн хэд хэдэн хэрэг дээр гэм хорын, сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан. Мөн ирээдүйд гарах сэтгэл санааны эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг шүүгдэгч этгээд төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгасан ололтой зүйлүүд бий. Ер нь сэтгэл санааны гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гээд л орхичихдог. Гэтэл түүнийг нэхэмжлээд явах тохиолдол амьдрал дээр цөөхөн байдаг.

Иргэд нэгдүгээрт энэ зохицуулалтын талаар мэдэхгүй байна. Хоёрдугаарт, хэдэн төгрөгийн араас яваад яах вэ, шоронд орчихсон хүн төлөхгүй байх гэсэн итгэл үнэмшилээ алддаг хандлага нийтлэг анзаарагддаг. Гэмт хэргийг хохирогчдын эрхийг хамгаалах, сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцож эргээд нийгэмших, гэмт хэргийн улмаас тархинд бий болсон хор хөнөөл, сэтгэлийн гэмтэл, айдсыг даван туулахад дэмжлэг үзүүлдэг бодлого хэрэгтэй байна. Манай улсад гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн улмаас аль нэг эд эрхтэн гэмтсэн тохиолдолд түүнийг үнэлэж байгаа зүйл дэндүү учир дутагдалтай явж ирсэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож байгаа байдал, аргачлал, гэмт хэргийн улмаас эд эрхтэн хохирсон тохиолдолд ямар нөхөн олговор олгох вэ гэдэг асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага, ялын хэмжээ бага байна уу?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт бэлгийн эрх чөлөөний халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг хамаардаг. Бага насны хүүхэд буюу 14 наснаас доош насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 12-20 жилийн хорих ял оногдуулдаг. Эсвэл энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон бол бүх насаар нь хорих ял оногдуулж байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа иргэд 12-20 жилийн хорих ялаас төдийлөн айж, эмээхгүй байна. Тэгэхээр хүлээлгэж байгаа хариуцлагын тухайд өөр бодлого хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Польш, БНСУ зэрэг дэлхийн улс орнуудын жишгээс харахад химийн тариа тарих, хөнгөлөх зэрэг арга хэрэглэж байна. Гэтэл манай улсад хүний эрхийн асуудал хөнгөлөх шийтгэл оногдуулж болохгүй гэх хандлагаас болоод энэ талаар эрх бүхий этгээдүүд хайхарч хүлээж авдаггүй эсрэгээр нь хохирогчдод хүний эрх гэдэг ойлголт тэгээд хамаарахгүй юм уу гэж хэлэхэд хүрэх юм.

Энэ төрлийн гэмт хэрэгт анхаарах ёстой нэг асуудал бол тус хуулийн 12.5 буюу 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэсэн заалт бий. Энэ заалттай холбоотой шүүмжлэл маргаан олонтоо өрнөдөг. Арван найман нас хүрсэн хүн буюу насанд хүрсэн хүн хохирогчийг насанд хүрээгүй болохыг нь мэдэх боломжтой байсан, эсвэл мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон бол торгуулийн хариуцлага хүлээх заалттай байгаа юм. Өөрөөр хэлбэл, 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг. Миний хувьд энэ заалтаас торгох зохицуулалтыг авч хаях саналыг олон жил хэлж байгаа. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орно гэсэн ойлголт байж болохгүй юм аа. Учир нь Хүүхдийн эрхийн тухай хуулинд 18 хүртлэх насны хүнийг хүүхэд гэнэ хэмээн заасан. Гэтэл 14-16 нас гэдэг бол эрхзүйн бүрэн чадамжгүй, тухайн хийж байгаа үйлдлийнхээ буруу, зөвийг ялгах ухамсар төлөвшөөгүй байхад түүнийг нь далимдуулж гэмт хэргийн хохирогч болгодог байж болохгүй. Тиймээс дээрх зүйл заалтаасаа 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгодог зохицуулалтаа авч хаях хэрэгтэй гэдгийг удаа дараа илэрхийлсээр ирсэн. Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ асуудал нэг өдөр, нэг мөр болох байхаа гэдэгт судлаач хүний хувьд найдлага тавьж байгаа.

-Бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүсийн ихэнх нь тэдний хамгийн ойр дотны хүмүүс байдаг гэсэн харамсалтай судалгаа уншиж байсан юм байна?

-Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол онцлог нь нуугдмал далд хэлбэрээр үйлдэгдэж, оршин байдгаараа онцлог. Дээрээс нь хохирогчдыг айлган сүрдүүлж, гэр бүлийнхээ эдийн засгийг авч явдаг хүн гэж эдийн засгийн байдлаар нь эрхшээлдээ оруулдаг, энэ асуудлыг хэн нэгэнд хэлэх юм бол амь нас эрүүл мэндэд чинь аюул заналхийлэл учруулна хэмээн хүүхдийн ертөнцөд айдас төрүүлэх замаар амыг нь таглаж, гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлднэ гэдэг зан үйл, хэв маяг илүү агуулагдаж байгаа нь амьдрал дээр харагддаг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 80 гаруй хувь нь ураг төрлийн чанартай гэдгийг холбогдох хуулийн байгууллагуудаас гаргасан судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, одоогийн байдлаар надаас хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээ авч байгаа 10 гаруй хүүхдүүдийн 70 орчим хувь нь ураг төрлийн холбоотой, хамаатаны ах, хойд аав, өвөө гэх зэрэг хүмүүс бэлгийн зүй бус үйлдэл гаргасан гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна.Хамгийн сүүлд шийдэгдсэн хэргээс иш татахад 13 настайгаасаа 17 нас хүртлээ дөрвөн жилийн хугацаанд хойд аавынхаа дарамтад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчын асуудлыг шүүхээр шийдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэсэн. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд мөрдөн байцаалтын шатанд “хэн нэгэн хараагүй юм чинь” гэдэг байдлаар ийм гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэлзэж байсан.

Гэсэн хэдий ч түүний буруутай үйлдэл хохирогчийн мэдүүлэгээр нотлогдохоос гадна олон баримтаар нотлогдож үнэнд гүйцэгдсэн. Эндээс юу гэж хэлэх гэж байна гэхээр гэмт хэрэг үйлдсэн этгээд төрийн хуулиас ангид, мултарч үлдэнэ гэх ойлголт байхгүй. Хэзээ нэгэн цагт илэрч зохих хариуцлагаа хүлээдэг. Нууц зүйл гэж ерөөсөө байхгүй. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд итгэл алдарч болохгүй ээ. Таныг хамгаалдаг, таны эрх ашгийг хамгаалж, өмгөөлдөг төрийн хууль гэж бий. Тиймээс ямар нэгэн төрлийн заналхийллээс айж болохгүй шүү. Ер бол ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх, ямар үйлдлийг зөрчил гэж үзэх вэ, таны эрх юу юм, эрхээ хамгаалуулахын тулд хаана хандах ёстой вэ гэх мэт ойлголтыг өсвөр насныханд түлхүү олгох хэрэгтэй санагддаг. Хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг боловсролыг бодит амьдралтай нь уяж, боловсролын тогтолцоонд нь суулгах шаардлагатай байна.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *