Categories
мэдээ цаг-үе

Р.БАТБААТАР: Бид зүүн хойд Азийн үндэсний хоолны хэв маягийг олон улсын тэмцээнд нутагшуулахыг зорьж байна

Ирэх сарын дөрөвнөөс наймны өдрүүдэд Монголд анх удаа олон улсын тогооч нарын “Чингис хаан” цомын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатартай ярилцлаа.


-Дэлхийн тогооч нарын тэмцээнийг Монголд зохион байгуулах хүсэл, мөрөөдөл тань биелэхэд цөөхөн хоног үлдээд байна. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Би Монгол Улсын 252 дахь мастер тогооч. Намайг бага байхад аав маань чи ямар мэргэжилтэй болох вэ гэхэд яагаад ч юм “Тогооч” болно гэж хариулж байсан. “Чингис хаан” цомын тэмцээн бол төв Азид зохион байгуулагдаж буй анхны олон улсын тогооч нарын тэмцээн болж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар тэмцээнд ОХУ, Хятад, Герман, АНУ, Солонгос, Итали, Румын, Турк, Катар, Польш зэрэг орнууд оролцохоо мэдэгдсэн байгаа. Энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулснаар бид монгол үндэстний хоол, монгол тогооч нарын ур чадварыг олон улсад таниулах боломжтой юм.

-Энэ тэмцээнийг угтаж бүсийн аварга, нийслэлийн аварга, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа шүү дээ. Монгол Улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцох тогооч нарын нэрс гарч эхэлсэн үү?

-“Чингис хаан” цом олон улсын тогооч нарын тэмцээний хүрээнд нийслэлийн аварга тогооч шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард хоолны шоутай хамтатган зохион байгуулсан. Мөн залуучуудын аварга, зүүн, хангай, төвийн бүсийн аварга тогооч, зөөгч нарыг шалгаруулсан байгаа. Ирэх сарын дөрөвнөөс зургааны өдрүүдэд эдгээр тэмцээнээс шалгарсан тогооч нар өрсөлдөж улсын аваргаа шалгаруулах юм. Манай улсаас одоогийн байдлаар 200 гаруй тогооч оролцохоор нэрээ бүртгүүлсэн байгаа.

-Удахгүй Бээжин хотод хятад хоолыг хамгийн сайн хийдэг тогооч шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана гэсэн. Энэ тэмцээнд манай улсаас ямар тогооч оролцох гэж байна?

-Энэ тэмцээн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын нэгний хооронд зохион байгуулагдах юм. “Чингис хаан” цомын тэмцээнтэй цаг хугацааны хувьд тулгуу болж байгаа тул бид оролцож чадахгүйд хүрээд байна.

-Манай тогооч нар олон улсын тэмцээнд чамгүй амжилттай оролцдог шүү дээ. Ер нь монгол тогооч нар ямар төрөлд хамгийн амжилттай оролцдог вэ?

-Манай тогооч нар мэргэжлийн төрөлд их оролцож байгаа. 2009 оноос хойш олон улсын болон дэлхийн чанартай тэмцээнүүдээс 86 медаль хүртсэн амжилттай байна. Манай тогооч нарын хувьд махан хоол болон “Hot cooking” төрөлд сайн оролцох болов уу. Чимэглэл, дессерт гэх мэт төрөлд хөгжиж эхэлж байгаа учраас бусдаасаа туршлага солилцох, тэдний шинэлэг технологийг судлах боломжтой юм.

-Олон улсын тогооч нарын тэмцээнийг Монголд зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид Зүүн хойд азийн үндэсний хоолны хэв маягийг олон улсын тэмцээнд нутагшуулахыг зорьж байна. Монгол хүн Францад очоод тэмцээнд оролцлоо гэхэд итали, англи хоолоор өрсөлддөг. Монгол хоолны стандарт дэлхийд нийцдэггүй учраас монгол хоолоор оролцоно гэж байхгүй. Бид монгол хоолыг олон улс руу гаргаж, зах зээлд нийлүүлэхийн тулд түүнийг эхлээд зөв талаас нь танилцуулах, стандарт бий болгох шаардлагатай. Магадгүй олон улсын тэмцээнд зүүн хойд азийн орнуудын хоол гээд төрөл нэмэгдчих юм бол бид сая монгол хоолоо дэлхийд гаргах тухай яриад суух боломжтой болно.

Нөгөө талаар хөгшин европтой туршлага солилцож, залуучууд маань олон зүйл сурах боломжтой. Тэмцээний үеэр хийгдсэн хоолны зургаар ном гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна. Цэцэрлэг, сургуулийн үдийн цай хөтөлбөрт болсон болоогүй, шарсан, хайрсан, хуурсан пирошки, хуушуур өгдгийг халах хэрэгтэй. Энэ утгаар нь харвал бодит судалгааны ажил юм.

-Монгол хоол гэхээр бууз, хуушуур, цуйванг хэлж байна уу. Эсвэл хорхог, боодгийг хэлдэг юм болов уу?

-Монгол үндэстний зан заншлын нэг хэсэг бол хоол. Бид хорхог, боодог гэх мэт үндэсний хоолоо орчин үед яаж хувьсгаж өөрчлөх вэ гэдэгт шинэ гаргалгаа хайж байна. Жишээ нь, хорхог гээд ярихад эрт үед төмөр сав байгаагүй. Нүүдэлчин хүмүүс юунд хийдэг байсан юм. Тэр нь л бидний онцлог. Амьтны арьсан дотор махыг нь хийгээд боож иддэг байсан шүү дээ. Гүзээн дотор хорхог хийж байх жишээтэй. Энэ хоолнуудыг орчин үед яаж гаргах хэрэгтэй вэ гэх мэт. Дэлхий дээр бүгд мэддэг барбекюг бидний үндэсний хоол гээд шууд хэлж чадахгүй. Ил гал дээр мах шарах гэдэг хүн төрөлхтөн үүссэн цагаас үүдсэн байх. Тэрнээс ганцхан Монголынх гэж хэлж болохгүй. Бууз, хуушуурыг орос, хятад хөршүүд хийдэг байх жишээтэй. Монгол хоол гээд бүх хүмүүс мэддэг болсон учраас монгол хэв маягийг гаргах ёстой. Дугуй хуушуур гэж монголд байдаг. Түүнийг таниулан сурталчлах хэрэгтэй байна.

-Тэмцээн хэдэн төрлөөр, хэрхэн зохион байгуулагдах вэ?

– Залуучуудын, мэргэжлийн гэсэн хоёр үндсэн ангилалд хуваагдаж 18 төрлөөр өрсөлдөнө. Махан төрөл, далайн бүтээгдэхүүний төрөл, салатны төрөл гэх мэтээр ангилагдана. Олон улсын тэмцээний үеэр хоол хүнсний материалаар бүтээл хийж, үзэсгэлэн гаргадаг. Энэ мэт хоолыг урлаг болгох тал руу бид залуусаа бэлтгэх хэрэгтэй байна. Мөн хар хайрцагны багийн тэмцээн зохион байгуулагдана. Цаанаас нь урьдчилан бэлтгэсэн хар хайрцганд хийсэн хүнсийг оролцогчдод өгдөг юм. Түүгээр өгөгдсөн хугацаанд хоол хүнс хийж өрсөлдөнө.

-Олон төрлийн хоол хийхэд янз бүрийн материал шаардагдана шүү дээ. Түүнийг яаж шийдсэн бэ?

-Олон улсын тэмцээн зохион байгуулахад бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал энэ болоод байна. Импортоор орж ирж байгаа хүнс хязгаарлагдмал байдаг. Мах, гурил, будаа, цуу гэх мэт ганц ганцхан нэр төрөл. Гэтэл мах дотроо хэдэн янз байдаг. Салатны навч гэхэд хориод төрөл бий. Бид ганцыг нь л хэрэглэж байгаа. Зөв буруу хэрэглээг нь ч сайн мэдэхгүй шүү дээ.

Бидний тооцоолж буйгаар энэхүү тэмцээнийг зохион байгуулахад 100 гаруй сая төгрөг зарцуулагдахаар байна. Улсаас ямар ч дэмжлэг туслалцаа аваагүй. Гэвч цаг үе биднээс үүнийг шаардаж байна. Бид “Чингис хаан” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулахгүй бол Хятад улс хийх гэж байсан.

-Эрэгтэй хүмүүс энэ салбарт илүү амжилт гаргадаг нь юутай холбоотой вэ?

-Эрэгтэй хүн энэ мэргэжлийг гэр бүлээ, амьдралаа авч явах гол ажил нь гэж хүлээж авдаг учраас илүү анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тогтвортой удаан хугацаанд ажиллаж амжилт гаргадаг болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд эхнэр хүний үүрэг, ар гэртээ анхаарлаа хандуулах шаардлагатай болдог нь бага зэрэг нөлөөлдөг болов уу.

Үүнээс гадна олон улсын тогооч нараас дүгнэсэн дүгнэлт бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэлний тэмтрүүлийн мэдрэмж харилцан өөр байдаг. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд давсыг мэдэрдэг бол эрэгтэйчүүд свийт буюу чихэрлэг амтыг түрүүлж мэдэрдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *