Categories
мэдээ спорт

Пёнчаны паралимпэд оролцох тамирчдыг гаргаж өгөх ёслол болов

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам энэ сарын 9-нөөс 18-ны өдрүүдэд болно. Тус наадмын спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Манай улсаас гүйлтийн цанын нэг, 10, 20 км гэсэн гурван зайд эх орноо төлөөлөн Батмөнхийн Ганболд уралдах билээ. Б.Ганболд нь “Сочи-2014” паралимпийн наадмын 20 км-ын зайд 14, 10 км-т 31, нэг км-т 25 дугаар байрт хурдалж байв. Тэрээр Германы Финстрау хотод болсон ДАШТ-д есдүгээр байрт орсноор “Пёнчан-2018”-д оролцох эрхээ авсан.

“Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, урлан бүтээжээ. Манай Б.Ганболд энэ сарын 12-нд 20 км-т, 14-нд 10 км-т, 17-нд нэг км-ын зайд уралдах хуваарьтай байна. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *