Өвлийн паралимпын түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан наадам /2018.03.09/ Өмнөд Солонгосын Пёнчан тосгонд нээлтээ хийлээ. Дэлхийн 48 улс, дээр нь Олон улсын паралимпын хорооны тугийн дор өрсөлдөх Оросын баг гээд нийт 567 тамирчин есөн өдрийн турш спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд12 дахь удаагийн паралимпад эх орноо төлөөлж байгаа. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан, паралимпын цасан замд цанын гурван төрөлд уралдана. Тодруулбал,Гуравдугаар сарын 12-нд цанын 20 км-ын уралдаанд, гуравдугаар сарын 14-нд цанын 10 км-ын уралдаанд, гуравдугаар сарын 17-нд цанын 1 км-ын уралдаанд тус тус хүч, хурд сорино. Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдээд байна.
Паралимпын нээлтийн ёслол 106 сая ам.долларын өртөгтэй, 36 мянган хүний суудалтай Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд болсон. Цэнгэлдэх бүрэн дүүрсэнгүй, нийт суудлын гуравны хоёр орчим хувь нь эзэнтэй байв. Нээлтийн ёслолд солонгос үндэсний бүжиг, орчин цагийн хөгжим, гэрлийн шоу давамгайлжээ. Өнгөрсөн сард хаалтаа хийсэн олимпийн наадмаас ялгаатай нь Өмнөд ба Хойд Солонгосын тамирчид тус тусын улсын далбаан дор жагссан юм. Хойд Солонгосын талаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг жагссан, гэхдээ тэдний хоёр нь л тамирчин ажээ. Тэд хоёул цанын гүйлтийн төрөлд өрсөлдөнө.
Тэмцээний хуваарь ёсоор /2018.03.10/ уулын цана, биатлон, тэргэнцэртэй кёрлинг, пара хоккейн тэмцээнүүд болох юм.