Өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотноо Паралимпийн өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Паралимпийн өвлийн наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд оролцов.
Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүслээ. Энэ удаагийн паралимпийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Манай улсыг төлөөлж пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Бөтмөнхийн Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ын зайд уралдах юм. Түүний хувьд Олон Улсын Паралимпийн хорооноос гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23 дугаар байрт эрэмбэлэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм.