Categories
гадаад мэдээ

Путины төрсөн өдөр Орос даяар жагсаал болж, 260 гаруй хүн баривчлагдав

Өчигдөр буюу аравдугаар сарын 7 бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр байв. Тэрээр энэ өдөр 65 нас хүрч байгаа юм.

Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр Орос даяар Алексей Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Орос орон даяар нийт 80 гаруй хотод жагсаал болж, иргэд “Путин бол луйварчин!”, “Хааныг огцруул!”, “Тэтгэвэрт гарга!” зэрэг уриа лоозон барьсан байв. 41 настай авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальныйг өнгөрсөн Даваа гарагт 20 хоног хорихоор баривчилсныг мөн жагсагчид эсэргүүцжээ.

Түүнийг хууль бус цуглаан зохион байгуулсанд буруутгасан юм. Навальный энэ он гарсаар гурав дахь удаагаа ийнхүү хоригдож байгаа юм.

Тэрээр 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путинтай өрсөлдөхөө мэдэгдээд байгаа.

Тиймээс жагсагчид Кремлийг улс төрийн шударга өрсөлдөөн явуулах боломж гаргаж өгөхийг шаардсан байна. Нийслэл Москва хотод 1,000 орчим иргэн Пушкиний талбайд цугларч, Кремлийн зүг жагсах гэсэн боловч замыг нь цагдаа нар хаажээ.

Өчигдөр Орос даяар нийтдээ 260 гаруй жагсагчийг баривчилсан тухай хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

ОХУ-ыг 18 жил удирдаж байгаа Владимир Путин ирэх онд болох сонгуульд өрсөлдөж, дахин 6 жил ерөнхийлөгийн албыг хаших төлөвлөгөөтэй байгаа юм.

Өчигдөр Путинд дэлхийн улс орнуудын удирдагч нар утсаар төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн бөгөөд Оросын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг даргалж, төрсөн өдрөө өнгөрүүлснийг Кремлиэс мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *