Categories
гадаад мэдээ

Путины шийдвэрийг оросууд болон олон улс хэрхэн хүлээж авав DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, дэлхий нийтийг атомын бөмбөгөөр заналхийлсэн нь тэрээр суудлаа хамгаалахын тулд өөрийн улсыг тэр чигт нь “золигт гаргаж” байгааг хүн болгонд батлан харуулсан явдал болов. Хамгийн гол нь Путин ОХУ-ын байлдах чадвартай 200 мянган цэргийг Украинд довтлон устгуулж, армиа байлдах чадваргүй болгосноос атомын бөмбөг хэрэглэхээс өөр аргагүй боллоо гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн явдал болсон билээ. Мөн буйдан дээрээ тухлан Украины дайныг харж байсан орос иргэдийн гэрт дайн дайран орж,тэд дайнтай улаан нүүрээрээ шууд тулж байгаа нь тодорхой болсон юм.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эсрэг дайны хэсэгчилсэн дайчилгаа зарласан энэ сарын 21-ний лхагва гаригт ОХУ-аас онгоц нисэх боломжтой хөрш зэргэлдээ Армен, Гүрж, Азербайжан, Казахстан улс руу чиглэсэн бүх шууд нислэгүүдийн тийз хоромхон зуур зарагдаж дууссан гэдгийг нисэх онгоцны тийз захиалах “Aviasales” портал мэдээлэв.

“Путиныг өөрийг нь окопонд!”, “Дайн хэрэггүй!”, “Хүүхдүүддээ амь насыг нь үлдээ!” гэсэн уриатай залуучуудын “Хавар” хөдөлгөөний уриалгаар Москва, Санкт-Петербург болон Оросын бусад хотуудын гудамжинд иргэд Путины шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, өчигдрийн байдлаар Оросын 30 хотод 1400 хүн баривчлагдсаны ихэнх нь буюу 565 нь Санкт-Петербургийн иргэд байсан гэж “OVD-Info” мэдээлэв.

“ОХУ-ын иргэд болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бид бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин манай улсын эрчүүд болох бидний ах дүүс, хөвгүүд, эр нөхөр, аав, өвөө нарыг бие махбодын аюулд учруулах шийдвэр зарлах хууль зүйн болон ёс суртахууны ямар ч эрх байхгүй”гэж “Change.org” вэб сайтад бичсэн ОХУ-ын “Зөөлөн хүч” хөдөлгөөнөөс эхлүүлсэн өргөдөл өчигдрийн байдлаар аль хэдийнэ 230.000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Би Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна. Дэлхий нийт түүнд ийм зэвсэг ашиглахыг зөвшөөрнө гэдэгт би итгэхгүй байна” гэж “Bild” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж Путины сүрдүүлэгт автахгүй байхыг уриалжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байж хөрш зэргэлдээ улс руу халдаж, тусгаар тогтносон улсыг газрын зургаас арилгахыг оролдсон ОХУ НҮБ-ын дүрмийн үндсэн заалтуудыг ичгүүр сонжуургүй зөрчсөн” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр мэдэгдэв. Цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн Москвагийн сүрдүүлгийг тэрбээр “хариуцлагагүй” гэж нэрлэжээ. “Цөмийн дайнд ялж болохгүй учир хэзээ ч хэрэглэж болохгүй” гэж Байден хэлээд Путин “биднийг заналхийлж байна” гэж мэдэгдсэн ч үнэндээ өнөөдөр хэн ч Орос улсыг атомын бөмбөгөөр заналхийлээгүй байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Украин хэрэггүй гэж хэлтэл нь энэ улсад үзүүлэх дэмжлэгээ АНУ-ын зүгээс үргэлжлүүлэх болно гэдгийг батлан илэрхийлэв.

ХБНГУ-ын Сангийн сайд Кристиан Линднер Владимир Путин хэсэгчлэн дайчлах тухай мэдэгдсэнийг “сул дорой байдлын шинж” гэж нэрлэв. “Украиныг энэ алхмаар айлгахгүй. Түүнээс гадна биднийг ч бас айлгаж чадахгүй. Урт удаан энх тайван, эрх чөлөөний төлөө бид Оростой удаан хугацааны зөрчилдөөнтэй байх ёстой нь тодорхой боллоо. Тиймээс бид холбоотон болон түншүүдтэйгээ Украины тэмцэлд хэрхэн тусалж болох талаар яаралтай ярилцах хэрэгтэй” гэж Линднер “DW”-д өгсөн ярилцлагадаа хэлэв.

Английн ерөнхий сайд Лиз Трасс, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар өчигдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр уулзсан гэж ЕХ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тэд ОХУ-ын Украин дахь үйл ажиллагааг эрс буруушааж, Путин хэсэгчлэн дайчилгаа зарласан нь Орос хөрш зэргэлдээх улс руу довтлох ажиллагаа бүтэлгүйтэж байгаагийн шинж гэдэгт тэд санал нэгджээ. Талууд “Украины ард түмний эр зоригийг хүлээн зөвшөөрч, Украины тэмцэлд шаардлагатай хугацаанд нь үргэлжлүүлэн дэмжих хамтын амлалтаа баталгаажуулж байгааг онцлон тэмдэглэв” гэж “CNN” мэдэгдэв.

ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррел Оросын удирдагч Владимир Путиныг Украины дайнтай холбогдуулан цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснээрээ дэлхийн энх тайванд аюул учруулж байна гэж буруутгажээ. “Путин хуурамч санал асуулга явуулах, хэсэгчилсэн цэрэг дайчлах, цөмийн зэвсгээр шантаажилж байгаагаа зарласан нь хурцадмал байдлыг улам сэдрээж буй явдал юм. Хүн бүрт бодит аюул заналхийлэл болж буй цөмийн зэвсгийн заналхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гээд Боррел олон улсын хамтын нийгэмлэгт хандан “Путины үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдэх хэрэгтэй болсныг уриалав” гэж “BBC” мэдэгдэв.

Ерөнхийлөгч Владимир Путин Орост хэсэгчлэн дайчлах тухай зарлиг гаргасан ч Украины дайнд ялахгүй гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдээд, Оросын удирдагч цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснийг “аюултай, бодлогогүй яриа” гэж нэрлэжээ. Столтенберг “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа Путины энэхүү шийдвэр нь “дайн түүний төлөвлөгөөний дагуу явахгүй байгаа”-г баталсан “том дүгнэлт” болсон гэж мэдэгдсэн байна. “Цэргийн тоог нэмэгдүүлснээр мөргөлдөөн хурцадна. Энэ нь украинчууд ч, оросуудын дунд ч илүү их зовлон зүдгүүр, олон хүний амь эрсдэх гол нөхцөл болно” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн аж.

Германы канцлер Олаф Шольц Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгааг “цөхөрсөн үйлдэл” гэж нэрлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Шольц “Орос улс гэмт хэрэг болсон энэ дайнд ялж чадахгүй, Владимир Путины гаргасан шийдвэр нөхцөл байдлыг улам дордуулна” гэж мэдэгджээ. Канцлер,“Путин анхнаасаа украинчуудын эсэргүүцэн тэмцэх эр зориг, Киевийн холбоотнуудын эв нэгдэл, шийдэмгий байдлыг бүрэн дутуу үнэлсэн” гэж мэдэгдсэн байна.

Энэ бүхэн Украинаас эзэлж авсан мужуудад бусад улс огт хүлээн зөвшөөрөхгүй, бүх нийтийн “санал асуулга” гээчийг явуулж, эдгээр нутгийг ОХУ-ын нутаг дэвсгэр хэмээн Думаар шийдвэр гаргуулж, Оросын энэ нутагт халдах аваас атомын бөмбөг хэрэглэнэ хэмээн заналхийлэх гэсэн В.Путины санааг баруунд хэн ч тоохгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ийнхүү В.Путин атомын бөмбөг хэрэглэх гэвэл АНУ, Английн цөмийн цохилтод түрүүлж өртөн ОХУ устаж, Оросын олон арван сая иргэдийн амь нас үрэгдэх нь ойлгомжтой болов. Путины үгээр Оросын иргэд эрчүүдээ Украины дайнд явуулахгүй гэдэг нь ч тодорхой байна. Энэ нь путинчууд барууны улсууд төдийгүй өөрийн иргэдийн жинхэнэ дайсан болж, ганцаардан “буланд шахагдах” нөхцөл бүрэн бүрдэн Оросын авлигажсан, дарангуйллын харгис дэгдэм устана гэдэг нь цаг хугацааны асуудал болсон гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *