Оросын зэвсэгт хүчний Украинд үйлдсэн дайны гэмт хэрэг болон бусад харгис хэрцгий үйлдлүүд, тухайлбал, энгийн иргэдийг хөнөөх, эрүүдэн шүүх, цаазаар авах, бэлгийн хүчирхийлэл, Орос руу албадан гаргах зэрэг гэмт хэргийг шийтгэлгүй орхиж болохгүй. Иймээс энэ дайныг эхлүүлсэн Путинд хариуцлага тооцох болно гэдгийг цахим уулзалт хийсэн “Их 7” улсын тэргүүнүүд онцлон тэмдэглэв. Мөн тэд энэ өвлийг давахад Украины ард түмэнд туслах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх болсныг онцлов.
Украины цэргийн болон батлан хамгаалахын техник хэрэгсэл, ялангуяа агаараас эсэргүүцэн хамгаалах системийг сайжруулахад хамтын ажиллагаа, хүчин чармайлтаа нягт уялдуулан зохицуулах үүрэг хүлээсэн гэдгийг “Их-7” бүлэг мэдэгджээ. Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд санхүүгийн, материаллаг, хүмүүнлэг, батлан хамгаалах, улс төр, техник, хууль эрх зүйн туслалцааг үргэлжлүүлэн зохицуулахаар “Их-7” шийдвэрлэсэн байна.
Тэдний гаргасан хамтарсан мэдэгдэлд “ОХУ нь Украины эсрэг довтолгоогоо зогсоож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн шугамыг баримтлан цэргийн хүч, техникээ Украины бүх нутаг дэвсгэрээс бүрэн, ямар нэгэн болзолгүйгээр татан гаргаснаар энэ дайныг нэн даруй зогсоож чадна” гэж дурьджээ.
Г.АМАРСАНАА