Categories
гадаад мэдээ

Путин өөрөө Москвад халдлага үйлдсэн үү?! DNN.mn

Кремлийн ивээлд байдаг Оросын бүх хэвлэл мэдээлэл, суртал ухуулагчид Москва хотын “Крокус Сити Холл”-д халдлага хийсэн “Исламын Улс” бүлэглэлийн ард Украин, АНУ байгаа хэмээн бүх чадлаараа сурталдаж байгаа ч барууны том хэвлэлүүд энэ том халдлагын ард хэн байгааг илрүүлэх эрэн сурвалжлах том нийтлэлүүд тавьж эхлэв.

Тухайлбал, BBC “Баривчлагдсан хүмүүс, тэд Исламын улс бүлэглэлтэй холбоотой эсэх, саатуулсны дараах эрүүдэн шүүлт, “Крокус”-ын халдлагын талаарх гол асуултууд болон хариултууд” гэсэн том нийтлэл хэвлүүлэв. Мөн Хүний эрхийн байгууллагууд “Оросын тусгай албадыг баривчлагдсан хүмүүсийг зодож нүдэж, цахилгааны тогоор цохиулж, чихийг нь огтлон аманд нь чихэх гэх мэтээр фашист авир гаргаж байна” гэж эрс шүүмжилсэн мэдэгдэл гаргав. Хамгийн гол нь Кремлийн дарангуйллаас зугтаж гадаадад гараад байгаа ОХУ-ын Тусгай албанд алба хааж байсан офицерүүд Тажик цагаачдыг “халхавч” болгон уг халдлагыг Оросын тусгай алба зохион байгуулсан гэдгийг баримт дурдан нотлон ярьж байгаа бичлэгүүд нийтийн сүлжээнд олноороо тавигдаж эхлэв. Мөн Оросын төрийн Думын эрх баригч “Нэгдсэн Орос” намын бүлгийн тэргүүн Владимир Васильев “Цаазын ялыг тойрсон асуултууд хурцаар тавигдаж, олон санал ирж байна. Энэ асуудлыг гүн гүнзгий, мэргэжлийн түвшинд бодитойгоор шийдвэрлэх цаг ирлээ.

Бид манай нийгмийн сэтгэл санаа, хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргах болно” гэж мэдэгдсэнийг Думын бусад намууд ч дэмжив. ОХУ-ын ерөнхийлөгч асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өөрийн Телеграм хуудсандаа “Террористууд зөвхөн адилхан хариу арга хэмжээг л ойлгодог. Үхлийг үхлээр” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, маш олон нэрт улс төр судлаачид энэ халдлагаас өмнө “Путин сурсан зангаараа Москвад халдлага зохион байгуулж, харгислал явуулах эрхтэй болох гэж байна” гэж мэдэгдэж байсан нь ийнхүү батлагдаж эхлэв. Учир нь хоёр долоо хоногийн өмнө АНУ, Их Британийн Элчин сайдууд Москвад болох олон нийтийн арга хэмжээний үеэр халдлага үйлдэгдэх аюултай болсон талаар иргэддээ ил тод анхааруулж байсан.

Харин тухайн үед Владимир Путин энэхүү сэрэмжлүүлгийг “Манай нийгмийг айлган сүрдүүлж, тогтворгүй болгох” зорилготой “барууны шууд явуулга” гэж мэдэгдэж байсан билээ. Ийнхүү Лалын улс бүлэглэлийн албан ёсны хохирогч болж, барууны улсуудын “ОХУ-ыг террорист улс” хэмээн зарлах гэж байсан явдлыг хойшлуулах зорилгоор өөрийн иргэдийн эсрэг явуулсан Путины “тусгай ажиллагаа” илчлэгдэн Кремль бүр ч эвгүй байдалд орж магадгүй нөхцөл, байдал бүрдэв.

 

Г.АМАРСАНАА

One reply on “Путин өөрөө Москвад халдлага үйлдсэн үү?! DNN.mn”

Тун магадгүй.. иймэрхүү ажиллагааг урьд өмнө олон төр улсууд зохион байгуулж байсан. Шинэ юм биш.. Оросуудын хувьд тэгсэн байхад гайхах зүйлгүй. Чечень рүү дайтахын өмнө яалаадаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *