Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн хуулийг эсэргүүцэж машин импортлогч иргэн, аж ахуй нэгжүүд хамтран хэвлэлийн хурал хийлээ.
Тухайлбал бензинд хэмнэлттэй, хос хөдөлгүүрт автомашин болох приус-д 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор байгаа. Тэд хэлэхдээ, “тээврийн хэрэгслийн татвар ингэж огцом нэмэгдсэн нь маш хохиролтой байна. Бид хуулийг эсэргүүцэн Засгийн газарт 800 гаруй хүний гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Хэрвээ бидний саналыг хүлээж авахгүй, хууль тавдугаар сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлбэл өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээг авна” гэлээ.
Тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан Тээвэр зуучийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Татвар нэмэгдсэнээр приус машины зарагдах үнэд ямар өөрчлөлт ороод байгаа вэ?
-Приус машин 6-7 саяын хооронд орж ирдэг. Гэтэл шинэ хуулиар татвар нэмэгдэж хамгийн бага үнэтэй машин 5 сая-р нэмэгдэж, хамгийн хямд машин 13 сая төгрөгөөр зарагдах болоод байна.
-Одоогийн байдлаар хууль гарахаас өмнө наашаа ачуулсан хэдэн машин байгаа вэ?
-2500 приус орж ирэхээр гэрээ хийгдэж зарим нь наашаа ачигдан, үлдсэн нь ачигдах гэж байгаа. Иргэд 5 сая-н нэмэгдэлтэй машин наашаа импортлох боломжгүй, тиймээс машинаа наашаа битгий тээвэрлээрэй” гэж байна. Гэтэл бид цаад газартайгаа гэрээгээ хийчихсэн учир хохиролтой байна.
-Засгийн газарт ямар хүсэлт тавьж байгаа вэ?
-Татвараа нэмж болно. Гэхдээ бидэнд ямар ч хугацаа өгөөгүй огцом хоёр, гурван хувиар ч биш арав гаруй хувиар нэмсэн. Тэгэхээр Хууль батлагдахаас өмнө 4-р сарын 14-нд японы дуудлага худалдаанаас авсан автомашинаа хуучин хуулиар тооцуулахыг л хүссэн.
О.ӨНӨР