ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
…Наймдугаар сарын 24-ний үдийн үед уулын дээр асар том үүл бий болжээ. Тэр үүл томрон улам өндөрт хөөрч аварга том мөчир салаагаа өргөн тэлж буй моддыг санагдуулж байв. Зарим хэсгээр цагаан, өөр хэсгээр үнс мэт саарал толботой байлаа. Салхины хүчтэй урсгалд хөөгдөн улам дээшилж байснаа салхины хүч буурсан хэсэгт өргөжин том болж тас хар үүлс тэнгэрийг бүрхлээ. Тэрхүү аварга том хар үүлэн дундуур аянга цахилж, өмнө нь хэзээ үзэгдэж харагдаж байгаагүй нэн аймшигт сүртэй үзэгдэл бий болов. Эхэндээ багахан үнс нурам бууж эхлэв. Намайг эргэн харах үед өтгөн манан мэт зүйл биднийг чиглэн айсуй. Хааж битүүлсэн өрөөн доторх шиг харанхуй бүрхэг боллоо. Хүүхэд эмэгтэйчүүдийн орилох, эрчүүдийн чангаар ярилцах сонстож байв. Хүүхдүүд эцэг эхээ дуудаж байхад өөр газар нь эхнэр хашгиралдаж байхад бас хэсэг нь бурханд хандан гараа дээш өргөн гуйж, мөргөж залбирцгааж байлаа. Гэтэл бас маш олон хүн тэнгэр бурхан гэж үгүй ажээ, ингээд ертөнцийн мөхөл, үүрдийн харанхуй ирлээ гэцгээж байв…
Бага Плинигийн үлдээсэн тэмдэглэлд ийн бичжээ. Хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн их судлагдсан, бас тэр хэрээр домог болсон галт уул бол Везуви хэмээх алдарт уул юм. 2000 орчим жилийн турш судлагдаж байгаа гэж эх сурвалжуудад өгүүлсэн нь бий. Харин Везуви уул идэвхжин дэлбэрсэн тухай анхны бичээс нь эхэнд өгүүлсэн Ромын их эрдэмтэн зохиолч Бага Плинийн 79 оны тэмдэглэл юм. Италийн хамгийн үзэсгэлэн төгс газруудын нэг бол Неополитаны булан бөгөөд яг эрэг дээр нь мөнөөх алдартай галт уул болох Везуви оршин байх ажээ. Европын эх газар дээр оршин байх галт уулсын цор ганц нэн идэвхтэй бүс энд байдаг. Үе үеийн өндөр соёл иргэншлүүд энд байсаар иржээ. Анир чимээгүй, нам гүмхэн, амгалан тайван байдал, бас хосгүй үзэсгэлэнт байгаль нь ямар ч хүнийг эрхгүй татна.
Гэвч мөнөөх галт уулын доод гүнд ямархан их хүч хуримтлагдан хэзээ мөдгүй тэсрэн оргилох мөчөө хүлээн байгааг хэн ч үл мэдэж байлаа. Өдөр тутмын энгийн амьдрал үргэлжилж, ард иргэд нь хийдэг хийдэг ажлаа хийн, нам гүмхэн байж. Уг нь Везуви уулын бэлээр, тэнгисийн эрэг дээр Помпей, Оплонтис гэх мэт тухайн үеийн хөгжил цэцэглэлийн оргил болсон гоо үзэмж төгс хотууд оршин байсан юм. Харин тэнгисээр цэргийн хөлөг онгоцууд эргүүл хамгаалалт хийн дээрэмчдээс худалдааны хөлгүүдийг хамгаалдаг байсан бөгөөд тэдгээрийг байгаль судлалын томоохон эрдэмтэн бол Том Плини захиран удирдана. Плинитэй хамт түүний ач хүү болох бага Плини байнга явах ба гагцхүү түүний бичин үлдээсэн тэмдэглэлээс өнөөгийн бид тухайн үед болсон эмгэнэлт, харуусалт үйл явдлын талаар мэдсэн билээ.
1979 оны наймдугаар сарын 24-ны өдрөөс маш хүчтэй газар хөдлөлт болж ойр орчинд байх хүмүүсийг сандралд оруулав. Газар хөдлөлттэй зэрэгцэн галт уул үнс нурам, халуун хайлмагаар оргилж эхэлжээ. Галт уул оргилж эхэлсэн нь аймшигтай халуун тамын эхлэл болж төд удалгүй хар бараан үнсэн үүл тэнгэрт бүрхжээ. Хүмүүс яахаа үл мэдэн орилолдож эхнээсээ байшин барилгууд үнсэнд дарагдаж, байшингийн дээврүүд тэр хүнд үнс нурам, халуун чулууг үл даан цөмөрч байсан гэдэг. Гудамжаар нь эмх замбараагүй байдал газар авч хаана хэнд хандаж яахаа үл мэдэх энгийн иргэдээр дүүрчээ. Яг ийм үйл явдлын талаар “Помпейн сүүлчийн өдрүүд” гэх кино бий. Энэ киног олж үзвэл тухайн үед юу болсон талаар боломжийн зүйл олоод мэдчихнэ. Хэдхэн өдрийн өмнө хөгжил цэцэглэлт нь ид бадарч байсан Помпей, Стабия зэрэг хотууд газрын хөрснөөс нэгэнт арчигдсан байлаа. Ийм аймшигтай үйл явдал болж байхад усан флотын захирагч хөлөг онгоцуудаа эргийн зүг залж ганц ч болов хүнийг аврахаар зүтгэсэн тухай бага Плинийн тэмдэглэлд бий.
Бага Плини
“… Хөлөг онгоцууд ойртох тусам үнс нурман аадар улам л ширүүсч, аймшигтай халуун болж, чулуу, халуунд халж бутарсан уушгин чулуунууд дээрээс унаж, бараг л чулуун бороо болж, тэнгис хүчтэйгээр татарч галт уулын дэлбэрэлтээс болж эрэгт ойртох аргагүй байв. Энэ хооронд Везуви уулын оройгоос улаан гал хилэнтэйеэ цухалзаж төд удалгүй тэнгэр өөд асар өндөр галан багана бий болж үнс утаанд дарагдан харанхуй нөмөрсөн газарт асар хурцаар харагдаж байлаа” хэмээн өгүүлжээ. Зөвхөн энэ хэсгийг уншиж үзэхэд л тэнд болсон аймшиг төсөөлөхөд ч нэн бэрх. Хэдий тийм хүнд бэрх байсан хэдий ч тэнгисийн флотынхон Том Плинээр удирдуулан ямар ч гэсэн эрэг дээр газардан хот руу очсон гэдэг. Энэ тухай мөн л бага Плинийн тэмдэглэлд буй.
…Байшингуудын хаалга цонх, эзэмшлийн хашаа гээд бүгд үнс нурам, уушгин чулуугаар дарагдан онгойх зүйл байхгүй болжээ. Хаалга үүд нь ч хаа байгааг мэдэхийн эцэсгүй болж, зөвхөн л баримжаа авах төдий болж. Тэнд амьд байгсад байшинд үлдэх үү эсвэл ямар нэгэн аргаар гарцгаах уу гэж ярилцана.
Ер бусын аймшигтай доргилт, чичиргээнээс болж байшин юу юугүй нурж унах гэж байлаа. Байшингаас гарлаа гэхэд ч гадаа ч мөн найдвартай биш, амьд үлдэх эсэхэд туйлын эргэлзээтэй байв. Тэнгэрээс бөөн бөөн уушгин чулуу унаж байх нь чулуун бороо гэхээр болж үнэхээр аюултай, бас аймшигтай байлаа. Дээрээс унах чулуун аадраас тархи толгойгоо хамгаалахын тулд толгой дээрээ дэр болон бас бус зүйл тавин алчуураар дарж боосон хүмүүс хаа сайгүй гүйлдэж харагдана. Дэлхийн өөр хаа нэгтэй газар цэлмэг сайхан, гайхалтайгаар амьдрал өрнөсөн өдөр байгаа бол яг энэ үед энд аймшигт түнэр харанхуй шөнө мэт болж Везуви галт уулын аварга том галан оргилуур, бас бус жижиг цучилууд тийм түнэр харанхуйг гэрэлтүүлж эс дийлэн, аргагүй хүч үл хүрэн байв. Тэнгисийн эрэгт яаж ийгээд хүрцгээх шийд гарган явсан хэдий боловч тэнд улам аюултай байжээ. Хэзээ мөдгүй дөхөн ирэх гал, хүхрийн аймшигт үнэрээс дайжин зугтаах хүмүүс үй олноороо хошууран дайрч авга ахыг минь дайран унагаав. Хоёр зарцаараа түшүүлэн өндийсөн боловч тэрээр дахин үхэтхийн уналаа. Галт уулын хорт бохир утаанд амьсгал боогдон унав гэж би бодлоо… гэжээ.
Ер нь л уг галт уулын дэлбэрэлтийн цар хүрээ нь маш их, байсан бөгөөд бараг л 40-50 км-ын зайнд орших нөгөө эрэг дээр унах үнс нурам, шороо хүн дарж алахаар байжээ. Уг аймшигт явдал бараг бүтэн гурван өдөр үргэлжилсэн агаад үр дүнд нь зөвхөн аймшиг, сөнөж сүйдсэн хот, дарагдаж, дайрагдаж үхэгсэдийн цогцос л аймшигтай их үнс нурамнаас харагдаж байсан гэдэг. 1979 онд болсон гурван өдөр үргэлжилсэн аймшигт явдлын дараа Везуви галт уул үе үе идэвхжиж, дэлбэрч байсан юм. 1631 оны сүүлчээр дахин хүчтэй дэлбэрчээ. Яг 1551 жилийн дараа. Бас л ойр орчмынх нь хот тосгод сүйрч, арваад мянган хүний амийг авсан тухай бичээсүүдэд бий. Ойр хавийн газрууд мөн л үнс нурманд дарагдан, галт уулаас урсан гарах халуун хайлмаг тун богинохон хугацаанд урссаар тэнгисийн усанд хүрсэн гэдэг. 1906 оны дөрөвдүгээр сард бас дахин асар хүчтэй дэлбэрчээ. Харьцангуй орчин цагт болсон дэлбэрэлтийн дараах дүр зураг бас л аймшигтай байсан тухай дурдагддаг. Везуви дэлбэрэхээс бараг хоёр жилийн өмнөөс эхлэн галт уулын тогоо нь халуун хайлмагаар дүүрч, байсгээд жижгэвтэр дэлбэрэлт үүсч байж. 1906 оны дөрөвдүгээр сарын 4-нд галт уулын тогооны амсраас хэдэн зууны өмнө яг л ингэж байсан болов уу гэмээр хар утаа асар хүчтэйгээр дээш хөөрч, асар халуун хайлмаг урсаж эхэлжээ. Саарал үүлс тэнгэрийг бүрхэн авч үнс тортог ойр хавийг бүрхэн авч, нүргэлсэн дуу тэр хавьд цуурайтан их хэмжээний хайлмаг хотын зүг урсжээ. Энэ удаад галт уул бүтэн дөрвөн өдөр хилэнгээ бадруулж, байгалийн сүр хүчийг хүн төрөлхтөнд дахин нэг мэдрүүллээ. Ойролцоогоор хоёр метр хавьцаа зузаан үнс нурам дарсан гэдэг. Агаарт цацагдсан асар их үнс нурам олон хоног хотуудыг бүрхэж, айдаст автсан хүмүүс орон гэрээ орхин дүрвэцгээсэн авч орон гэртээ үхсэн хүмүүс маш их байжээ.
Помпей хотын гудамж
1944 онд Везуви дахин нэг дэлбэрсэн бөгөөд уулын хажууд байх Сан Себестиан хот багагүй өртөж хохирчээ. Түүхэнд хамгийн анх тэмдэглэгдсэн 79 оны дэлбэрэлтээс хойш бараг 2000 жил өнгөрчээ. Хэдийгээр тийм аймшигтай явдал болсон тухай яригдах авч ерөнхийдөө л хүмүүс мартжээ. Харин 79 оноос хойш буюу бүхэл бүтэн 1700 орчим жилийн дараа Везуви уулын хажууд газар ухаж байсан хүмүүс эртний нэгэн шүтээний баримал олсноос улбаалан археологийн малталт хийж үнс нурманд мөнхөд дарагдан хоцорсон Помпей хотын туурийг олж илрүүлсэн юм. 7-12 метрийн зузаан нурман дороос тухайн үеийн хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болсон, уран барилгын гайхамшигт хийцтэй сүм дуган, соёлын газар, зураг, дарханы урлан, байшин барилга, үй олон урлагийн бүтээл сэлтийг малтан гаргасан билээ. Дагтаршсан үнс нурман дунд үе үе таарах хоосон хөндий газруудаас амиа алдагсдыг ч олж байна. Эцсийн амьсгалаа хураахын өмнө ямархуу байдалтай байсныг өнөө цагт технологийн тусламжтайгаар тооцоолон гаргадаг. Үр хүүхдээ энгэртээ наан аюулаас хамгаалахыг хичээсэн эх, эхнэрээ тэврээд гүйж яваад унасан болов уу гэж таамаглахуйц тэврэлдсэн хоёр хүний гээд эндээс тэр цаг үед болсон зүрх шимшрэм үйл явдлын багахаан төсөөллийг харж болно. Везуви галт уул дэлбэрэх бүртээ өндөр нам болж байдаг учир яг таг нарийн хэмжээ байхгүй. 1000 метрээс бол хол илүү гарахгүй. Тогооных нь гүн 200 орчим метр, тойргийн хэмжээ нь 500 гаран метр бөгөөд дотогш их л хүнхэр тул орж болохгүй. Бас л хэзээ ч дахин сэрж, байгалийн сүр хүчний өмнө хүнийг сөхрөөж магадгүй галт уул бол Везуви юм. Оросын алдартай зураач Карл Брюлловын “Помпейн сүүлчийн өдөр” гэх бүтээлд тэр үеийн эмгэнэлт аймшигт явдлыг тод томруунаар дүрслэн үлдээсэн нь бий. Везуви галт уулын дэлбэрэлтэнд сүйрсэн Помпей хот нь судлаачдын хувьд тун үнэтэй судлагдахуун бөгөөд өдгөө малтаж гаргасан гудамжуудаар жуулчид хөлхөж, тэр үеийн аймшгийг сэтгэлдээ төсөөлөн алхдаг билээ.