2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө гурван хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд боллоо. D хэсэгт цахиур хагалж яваа Польшийн шигшээ баг энэ тойрогт Гүржийн талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авсанаар 10 дахь оноогоо авч, тэргүүн байраа хадгалж үлдлээ.
Тоглолтын 51 дэх минутад Глик тооны харьцааг нээсэн. Улмаар Крыховяк 71 дэх минутад нэгийг нэмсэн бол 73 дахь минутад Миля тооны харьцааг холдуулжээ. Харин 90 дэх минутад Милик гүйцээснээр өрсөлдөгчөө буулгаж авсан юм.
Тэгвэл хүснэгтийн тэргүүн байрын төлөө идэвхтэй өрсөлдөж байгаа Германы шигшээ баг талбай дээрээ Гибралтарын шигшээг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа.
Ингэснээр 7 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдэв. Тоглолтын 12, 29 дэх минутад Томас Мюллер хоёрыг оруулсан бол 38 дахь минутад Гётце нэгийг нэмжээ. Харин 67 дахь минутад зочдоос Сантос өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Германд тусалсан юм. Германд шүүрдүүлсэн Гибралтар дөрвөн тойргийн дараах байдлаар ганц ч оноо авч чадаагүй байна.
Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Шотланд талбай дээрээ Ирландыг хүлээж авсан тулаан байлаа. Энэ тоглолтод Шотланд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсанаар 7 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. Ирланд хожигдсон ч гэсэн 7 оноотой байгаа учраас боломжоо хараахан алдчихаагүй байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 75 дахь минутад Мэлоуни оруулжээ.