Categories
гадаад мэдээ

Польш нэмж дүрвэгч ирвэл хилийн мөргөлдөөн гарах эрсдэлтэйг анхааруулав

Польш, Беларусийн хилд дүрвэгсдийн асуудлаас үүдэж нөхцөл байдал ээдрээтэй болж ирж байна. Польшийн Засгийн газар хэв журмын цагдаа цэргийн хүчээ хилийн бүсэд байрлуулж, Беларусийн талаас хууль бусаар хил зөрчих оролдлого хийсэн олон мянган дүрвэгчийг хязгаарласан байна. Польшийн тал хүч хэрэглэж хилээр нэвтрэх оролдлого хийсэн дүрвэгсдийн урсгалыг хаах үүднээс зүүн хилдээ 12 мянга гаруй цэрэг байрлуулжээ.

Польш улс хил рүү нь олон мянган дүрвэгчийн урсгалыг чиглүүллээ гэж Беларусийг буруутгаж, үүнийг дайсагнасан үйл ажиллагаа гэж үзэж байна. Польш, Литв, Латви улс сүүлийн саруудад Беларусиас хууль бусаар хил давах гэсэн дүрвэгсдийн урсгал нэмэгдсэн тухай мэдээлж байсан. Тэдгээр дүрвэгсдийн дийлэнх нь Ойрхи Дорнод, Азийн дүрвэгч юм байна. Европын холбоо Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког хууль бус дүрвэгсдийн урсгалыг хаахын оронд тэднийг дэмжиж байна гэж буруутгаж, Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Дана Спинант: “Европын комисс дүрвэгсдийг улс төрийн зорилгоор ашиглаж, амь насыг нь эрсдэлд оруулахаа зогсоохыг Беларусиас шаардаад байна. Европын комиссын ерөнхийлөгч өчигдөр (уржигдар) Латви, Литв, Польшийн Ерөнхий сайдтай утсаар ярьж, дүрвэгсдэд туслах боломжит хувилбаруудыг хэлэлцлээ. Европын холбооны гишүүн орнуудыг Беларусийн эрх баригчдын эсрэг хоригоо нэмэгдүүлж, дүрвэгсдийг зөөвөрлөхөд оролцож байгаа гуравдагч орны агаарын тээврийн компаниудын эсрэг арга хэмжээ авах асуудлыг судлахыг уриалсан. Мөн Европын комисс хил дээр гацсан олон мянган дүрвэгчдийг эх нутагт нь хэрхэн аюулгүй буцаах вэ гэдгийг НҮБ болон түүний системийн байгууллагуудтай хэлэлцэж судлахаар төлөвлөж байна” гэжээ.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко: “Польш манайтай залгаа хилийн зурваст дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэх гэж танкийн цувааг ойртуулж байгаа нь ямар утгатай болохыг бид ойлгож байна. Энэ бол ямар нэгэн зүйлд бэлтгэж байгаа сургуулилт эсвэл “шантааж” гэдэг нь тодорхой. Хэрвээ бид алдаа гаргавал цөмийн зэвсэгтэй том гүрэн Оросыг энэ хямрал руу татан оруулах эрсдэлтэй юм шүү” гэв.

Даваа гарагаас хойш Польш Беларусийн хил дээр 2 мянга гаруй дүрвэгч цугларчээ. Польшийн тал “Дахиад олон мянган дүрвэгч нэмэгдэж ирж байна, хэрвээ олон мянгаар нэмэгдвэл хилийн бүсэд мөргөлдөөн гарах эрсдэл үүснэ” гэж анхааруулж байна. Беларусийн олон тооны цэрэг дүрвэгсдийн байрлаж байгаа хилийн бүс рүү дөхөж байгаа талаар Польшийн Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Польш, Беларусийн хилд үүссэн дүрвэгсдийн энэ хямралыг арилгахад НҮБ оролцох төлөвтэй байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик: “Дүрвэгсдийн агентлаг, олон улсын цагаачлалын байгууллага Беларусь, Польшийн хилд үүссэн байдалд маш их санаа зовниж байна. Хил дээр цугласан дүрвэгсдийн дунд олон тооны хүүхэд, эмэгтэйчүүд байгаагийн зэрэгцээ өвлийн хүйтэн эхэлж байгаа үед тэдний байдал маш хүнд байна. Одоогоор түр орогнох байранд оруулсан. Варшав, Минскийн аль алинтай нь бид холбоо барьж, энэ хямралыг нэн даруй зохих түвшинд шийдвэрлэхийг уриалахын зэрэгцээ дахиж хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, дүрвэгсэдтэй хүнлэг үүднээс харьцах нь тэдний нэн тэргүүний зорилт болохыг ч холбогдох улс орнуудад санууллаа” гэсэн юм.

Даваа гарагт Беларусь, Польшийн хил дээр хүүхэд, эмэгтэйчүүд тэргүүтэй олон тооны дүрвэгч хилийн төмөр сараалжин хашлагыг сэтлэн хил давах оролдлого хийж байгаа дүр зураг олон улсын хэвлэлүүдээр гарснаар хилийн бүс дэх дүрвэгсдийн энэ нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд орж ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *