Categories
мэдээ нийгэм

“Playtime 2015” амьд хөгжмийн наадам болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох “Playtime 2015”
амьд хөгжмийн наадам энэ сарын 27, 28-нд буюу өнөөдөр маргааш хоёр өдөр
Гачуурт дахь “Монгол шилтгээн”-ийг хөгжмийн хэмнэл, залуусын эрч хүчээр
доргиох гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах
бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн
соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль
орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг
амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн
боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

“Playtime 2015” наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at
Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ” зэрэг дэлхийн алдарт
амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Никитон”, “Нисванис”,
“The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан
ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн
уран бүтээлээ толилуулна. Энэ удаа тус наадам нь “Playtime”, “Шинэ
Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон
Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах болно.

“Playtime 2015” наадам хоёр дахь жилдээ “VIP zone”-ийг оролцогчиддоо
санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус
дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж,
тэдэнтэй хамт ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой юм. “VIP Zone” нэг
өдрийн тасалбар 100 мянган төгрөг бол хоёр өдрийн тасалбар 160 мянган
төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон
төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг
авахуулах үйлчилгээ багтжээ.

Үүнээс гадна “Replay” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа
хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. “Replay” яармаг нь
“PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус
яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын
залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын
өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг
нэмэгдүүлэх зорилготой.

Мөн энэ удаагийн наадмын үеэр Монголын шилдэг арт хаус богино хэмжээний
бүтээлүүдийг танилцуулах бөгөөд кино хөтөлбөрийг “Алтан Хальс”
Холбоотой хамтран хүргэх болно.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл наадмын талаар
“Наадмыг олон улсын томоохон наадам болгоход нийслэлийн Засаг дарга
ихээхэн дэмжсэн. Энэ наадамд гадаадын алдартай хамтлаг дуучдыг урьж
оролцуулна. Цаашид Улаанбаатар хот бүс нутагтаа Ази тивдээ амьд хөгжмийн
соёлоор тэргүүлэхийг хичээж байна” хэмээн онцолсон юм.

Наадмын тасалбарыг “Монгол Шилтгээн” дээр худалдаалах бөгөөд нэг өдрийн 40, хоёр өдрийнх нийлээд 50 мянган төгрөг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *