Санкт-Петербург хотод Петербургийн олон улсын эдийн засгийн XXIV чуулга уулзалт ирэх сарын 2-5-ны өдрүүдэд болно.
Уг чуулга уулзалт нь олон жилийн турш бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа холбоо тогтоох, ОХУ, шинээр хөгжиж буй зах зээлүүд болон дэлхийн нийтийн өмнө тулгарч буй эдийн засгийн гол асуудлуудыг хэлэлцэх олон улсын тэргүүлэгч платформ байсаар ирсэн билээ.
ОХУ-ын хувьд жилийн өмнөөс коронавирусийн цар тахлын улмаас Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах боломжгүй байдалд хүрсэн юм. 2019 онд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд 19 мянга гаруй хүн оролцож, чуулга уулзалтын хүрээнд 44.3 тэрбум орчим долларын өртөгтэй 745 гэрээ хэлцэл байгуулсныг эргэн сануулъя.Ийм том үр дүн гардаг учраас чуулга уулзалтын үйл ажиллагааг сэргээх нь КОВИД-19 цар тахлын дараах дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сэргээхэд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй хэмээн чуулга уулзалтыг зохион байгуулагчид үзэж байна.
Петербургийн олон улсын эдийн засгийн XXIV чуулга уулзалтын хөтөлбөрийг нилээд өргөн агуулгатайгаар батлаад байгаа юм.Бизнесийн гол хөтөлбөрөөс гадна Оросын жижиг, дунд үйлдвэрлэлийн чуулга уулзалт, Залуучуудын чуулга уулзалт, ШХАБ, БРИКС, АСЕАН-ны хүрээний харилцан яриа хэлэлцээ, Бүтээлч бизнесийн чуулга уулзалт, Эмийн аюулгүй байдлын чуулга уулзалт, Арктик, Африкийн хөтөлбөр ба хоёр талын уулзалтуудыг товлоод байна.
Олон улсын харилцааны хурцадмал байдал, өрнөдийн зарим орны ОХУ-тай харилцах найрсаг бус, тэр ч байтугай дайсагнасан байр суурийг үл харгалзан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох сонирхол өндөр хэвээр байгаа билээ. Бүр тодруулж хэлбэл бизнесийнхэн сөргөлдөөнөөс залхаж байна. АНУ, Европ болон бусад улс орны бизнес эрхлэгчдийн дургүйцэл нэмэгдэж байгаа нь сая дурдсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй юм. Жил ирэх тусам хориг арга хэмжээнүүд ОХУ-д улс төрийн шахалт үзүүлэх хэрэгсэл болон хувирч, эдийн засаг, санхүүгийн салбарт алдагдлаас өөр юу ч авчрахгүй болсон нь илт харагдаж байна. Тиймээс ч чуулга уулзалтын үеэр Москва, Бээжингийн санаачилгаар дэлхийн худалдааг долларгүй болгох, үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан санхүүгийн тооцоонд шилжих асуудлыг идэвхтэй хэлэлцэхээр болоод байгаа юм.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум бол сонирхогч бүх улс орон, түүний дотор Монгол Улсын ашиглах ёстой боломжуудын нэг гэдгийг онцолъё. Монголын өндөр дээд түвшний төлөөлөгчид Оросын талтай өөрийн улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хил дамнасан хийн хоолой барих ажлын явц, төмөр замын дотоод сүлжээг шинэчлэх, худалдан авах ажиллагаа зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэх боломжтой билээ. Мөн гадаад улс орнуудад өндөр үр дүнтэй гэдгээ баталсан Оросын Спутник-V вакцины үйлдвэрлэлийг ярилцах боломж ч уг чуулга уулзалтын үеэр гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Энэ жил Петербургийн олон улсын эдийн засгийн XXIV чуулга уулзалтын зохион байгуулагчид цар тахлын тархалтын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс арга хэмжээнүүдэд оролцогчдын логистик, байрлах зочид буудал гэх мэт бүх л асуудлыг харгалзан үзэхийг хичээн ажилласныг тодотгоё.Энэхүү чуулга уулзалт нь “Ковид-19”-ийн дараах улс орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэгч, аюулгүй олон улсын индэр болно гэдэг нь дамжиггүй. Санкт-Петербург нь Монголын болон гадаад түншүүддээ урьж, тэсэн ядан хүлээж байгааг зохион байгуулагчдын зүгээс уламжилж байна.