Categories
гадаад мэдээ

Пентагон Дэлхий дээр унах Хятадын пуужинг устгахгүй

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин АНУ-д Дэлхийн тойрог замаас хяналтгүйгээр гарсан Хятадын хүнд даацын “Чанжэн-5Б/Long March-5B” пуужин тээвэрлэгчийг харваж унагах төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгджээ.

Пентагоны тэргүүний хэлснээр, АНУ-ын тал пуужин аюулгүй газар, экваторын бүсэд Номхон далай орчим эсвэл ямар нэгэн аюулгүй газар унана гэж тооцоолж байгаа юм.

Шинжээчдийн тооцоолсноор, пуужин ирэх амралтын өдрүүдэд Дэлхийн хаа нэгтээ унах гэнэ.

2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Хятадын Үндэсний сансрын агентлаг хүнд даацын “Чанжэн-5Б/Long March-5B/ CZ-5B” пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөсөн билээ. “Чанжэн-5Б/Long March-5B” дэлхийн тойрог замд баригдах Хятадын үндэсний сансрын “Тяньхэ буюу Тэнгэрийн заадас” станцын үндсэн хэсгийг тойрог замд амжилттай оруулсан. Гэвч пуужин тээвэрлэгч хяналтаа алдаж, Дэлхийн тойрог замаас гараад байна.

Харин Оросын “Роскосмос”-ын мэдээлснээр, 18 тонн хуурай жинтэй пуужинг Дэлхийн орчмын сансрын орон зай дахь аюултай байдлыг сэрэмжлүүлэх Автомат системийн мэдээллийн санд оруулжээ. Үүнээс ирсэн мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа аж.

Тус системийн мэргэжилтнүүдийн тооцооллоор, “CZ-5B” энэ сарын 8-9-ний өдөр орчим баллистик чадвараа алдах гэнэ. Пуужин тээвэрлэгчийн зарим хэсэг агаар мандлын зузаан давхаргад шатах бол галд тэсвэртэй хэсэг нь Дэлхий дээр буух боломжтой. Оросын эрдэмтдийн тооцоолсноор, энэ сарын 7-8-нд пуужингийн унах газар тодорхой болох гэнэ.

БНХАУ-ын зүгээс “CZ-5B” хэлтэрхий Дэлхий дээр унаж болзошгүй гэсэн мэдээллийг барууны өдөөн хатгалт гэж үзэж байна. Сансар судлалын шинжээч Сүн Жунпиний онцолсноор, пуужингийн хэлтэрхий Дэлхий рүү эргэн ирэх нь хэвийн үзэгдэл. Учир нь объектын ихэнх хэсэг агаар мандалд шатаж дуусдаг байна. Хятадын эрдэмтдийн тооцоолсноор, пуужингийн хэлтэрхийнүүд далайд унах ба хүний амь насанд хохирол учруулахгүй аж. Гэсэн хэдий ч Хятадын тал пуужингийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа гэжээ. Сүн Жунпин “Чанжэн-5Б/Long March-5B/ CZ-5B” экологийн цэвэр түлшээр ажилладаг тулд далайд унасан тохиолдолд усыг бохирдуулахгүй” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *