Categories
мэдээ улс-төр

Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурал өндөрлөв

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон талаарх багц мэдээллийг толилуулж байна.

2015 оны 8 дугаар сарын 31. Даваа гараг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзав.

Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ, Нью-Йорк хотноо Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг тохиолдуулан тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна.

Таны өнгөрсөн хоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Хоёр орны парламентын бүлгүүд хоёр улсын харилцааны гүүр болон ажиллаж ирснийг мөн дурдах хэрэгтэй. Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг өнгөрсөн долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх үеэр манай улсыг төлөөлөн төлөөлөгч оролцсон. Хоёр орны хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд бид өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Япон Улстай найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов

Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж, Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури үг хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүллээ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Сэм К.Кутеса болон ЮНЕСКО-ийн энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Форест Вайтекер төлөөлөгчдөд хандан үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтийн дараа Бүгд хуралдаан-1 боллоо. Энэ үеэр “Парламентын спикерүүдийн дэлхийн III хурлын зөвлөмжийн хэрэгжилт” болон Уганда Улсын парламентын спикер Ребека Кадага “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай” илтгэл тавилаа. Мөн ХБНГУ-ын Бундестагийн спикер Н.Ламмерт, БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян нар илтгэл тавив.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламерттэй уулзалт хийв

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийв. Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргыг ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ хийснээс хойш дахин уулзах завшаан гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм.

2015 оны 9 дүгээр сарын 01. Мягмар гараг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав

БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек, Монгол Улсад зохион байгуулагдах ЕАБХАБ болон АСЕМ-ын хуралд бид оролцох болно. Хоёр улс эдийн засгийн болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцааг дэмжих нь чухал бөгөөд боловсролын солилцоо оюутан солилцоонд БНЧУ-ын зүгээс анхаарч ирсэн. Цаашид ч БНЧУ-ын Засгийн газраас Монголын оюутан залууст тэтгэлэг олгон хамтран ажиллах болно. Манай улсын хувьд Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой анхаардаг гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын яриа хэлэлцээний гол механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж ирсэн бөгөөд ээлжит 6 дугаар хурал энэ оны 9 дүгээр сарын 21-23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Монгол Улсад ирэх есдүгээр сард болох ЕАБХАБ-ын намрын чуулган болон 2016 онд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас дээд, өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунгтай уулзав

Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунг уулзалтын эхэнд, Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна.

Вьетнам Монгол улсууд урт удаан хугацааны уламжлалт найрсаг харилцааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засгийн болон бусад салбарт хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Манай хоёр орон хөдөө аж ахуй, худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо байгаа бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Вьетнам улсын туршлага бидэнд чухал. Зүүн Өмнөд Азийн уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээрийг бүхий л түвшинд идэвхжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгаа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал дээр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө Дэлхийн парламентын спикерүүдийн 4 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Олон улсын парламентын холбоонд гүн талархал илэрхийлье. Энэхүү бага хурал хүн төрөлхтөн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, батлах түүхэн цаг мөчид болж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд та бидний идэвхтэй оролцоо, хувь нэмэр нэн чухал юм.

Мянганы хөгжлийн зорилтууд нь сүүлийн 15 жилд биднийг нэгтгэн чиглүүлж, дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид дийлэнх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч удаашралтай, цаашид анхаарах асуудал олон бий. Тийм ч учраас энэ 9 дүгээр сард болох НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодотгон дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр батална гэдэгт эргэлзэхгүй байна…” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцов

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцсон бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцов.

2015 оны 9 дүгээр сарын 02. Лхагва гараг

Энх тайван, эв нэгдлийн модны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслол болов

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Энх тайван, эв нэгдлийн мод”-ны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслолын арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээг нээж НҮБ-д Белорусь Улсаас суугаа элчин сайд Андрей Дапкиунас, Олон Улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чоудхури нар үг хэллээ.

Энэхүү “Энх тайван, эв нэгдлийн мод”-ыг НҮБ-ын хашаан дотор 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тарьж ургуулсан байна. Өнөөдрөөс 70 жилийн өмнө дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүн төрөлхтөнд хүйтэн дайныг дахин гаргахгүйн тулд НҮБ байгуулагдаж байсан түүхтэй.

Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэв

Бага хурлын гурав дахь өдөр Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж, Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэв.

Мөн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал:Бидний хүсч буй ирээдүй сэдвийн дор Тунхаглалаа батална.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал Тунхаглалаа баталлаа

Гурван өдөр үргэлжилсэн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор Тунхаглалаа батлав.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *