Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурлыг энэ сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Парламентын ассамблейн хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцлоо.
ЕАБХАБ нь дэлхий дээр хамгийн олон орны парламентын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн парламент хоорондын олон улсын байгууллага юм. ЕАБХАБ-ын бүх гишүүн орнуудын парламент энэ байгууллагын гишүүн. Тиймээс энэ парламентын гишүүд нь дэлхий дээр байгаа нэг тэрбум хүмүүсийг төлөөлж парламентдаа сонгогдсон байдаг байна.
Парламентын ассамблей нь тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөмж, шийдвэр гаргах замаар гишүүн орны парламентын оролцоог нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой 1991 онд байгуулагджээ. Жил болгон гишүүн оронд ээлжлэн зохион байгуулагддаг парламентын ээлжит хурлын үеэр цаг үеийн тулгамдсан асуудал болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар тунхаг бичиг гаргадаг билээ.
Манай улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хурлаар улс орнуудын өмнө тулгамдаж байгаа олон бэрхшээлүүдийг авч хэлэлцэхээс гадна евро-азийн бүс нутагт тулгамдаж байгаа байгаль орчны, экологийн, хүнсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудлууд болон хүний эрхийн талаарх асуудлуудыг 47 улсаас 300 гаруй төлөөлөгч гурван өдөр ширээ тойрон сууж, тохой нийлүүлэн хэлэлцлээ.
ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн намрын хурлын гол онцлог нь парламентын гишүүд идэвхтэй оролцож, өөр өөр байр суурьтай байгаа зарчмын асуудлууд болон үзэл бодлоо нэгтгэдэг байна. Цаашдаа хамтарч ажиллах бүрэн боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой хурал байдаг. Хуралд оролцож байгаа бүрэлдэхүүний зүгээс Монгол Улсыг өндөр хэмжээнд хурлыг зохион байгуулж байгаад, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн хугацаанд бий болгосон ардчилал, эдийн засгийн хөгжилд бий болгосон ололтыг олон парламентын гишүүд үнэлж дүгнэж байлаа.
ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва “Монгол Улс ардчиллын замд бат зогссон бөгөөд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө бусад орнуудын туршлагаас харилцан суралцахад бэлэн байгаа гэдэг нь харагдаж байна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг хэзээ ч дуусашгүй үйл явц учраас энэ үйл явцад итгэл төгс байгааг нь олж харсан. Монгол Улсын хувьд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг анх удаа өөрийн орондоо зохион байгуулж байна. Монгол Улс энэ байгууллагад нэгдэж ороод удаагүй гурван жил болж байна. Энэ утгаар нь авч үзвэл маш идэвхтэй ажиллаж байгаа гишүүн орон болжээ гэдгийг харуулж байгаа юм. Энэ бүгд нь цаашдаа Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд манлайлагч үүрэгтэй оролцоход бэлэн бөгөөд энэ нь бололцоотой гэдгийн илрэл юм. Хурал зохион байгуулж буй газар нутаг ЕАБХАБ-ын гишүүн орнуудын газар зүйн талаас нь авч үзвэл хамгийн зөв өнцөгт нь болж байгаа юм. Энэ хурлын боломжийг ашиглаад олон асуудлыг хөндөн ярилцаж байна. Ялангуяа энэ бүс нутагтай холбоотой асуудлыг түлхүү ярьлаа. Бидний ярилцсан сэдэв өргөн хүрээтэй. Улс төрийн чанартай олон зүйлүүдийг ярьж байна. Тухайлбал Орос болон Украйны хямралын асуудлыг хөндөж байна. Мөн терроризмтэй тэмцэх тухай ярилцлаа. Түүнчлэн дүрвэгсдийн хямрал гэдэг асуудал манай бүс нутгийн санаа зовоосон асуудал болж байна. Мөн хурлын явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан. Хүний наймааны асуудал, ардчилал, эрх чөлөө, иргэний нийгмийг дэмжин хөгжүүлэх сэдвүүдээр хэлэлцлээ. Энэ бүх ярилцаж байгаа сэдвүүдтэй холбоотой улс орнуудын зүгээс хүчин чармайлт гаргах, хийх ажил их байгаа учраас энэ талаар ярилцав. Дүгнэж хэлэхэд Монгол Улсад өрнөж байгаа энэ үйл явц, хуралд маш сэтгэл ханамжтай байна. Нэн ялангуяа Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх талаар гаргасан ололт амжилтыг хараад бахархаж байна” хэмээн энэ удаагийн хурлын үйл ажиллагааг болон манай улсыг дүгнэн “Сайн” үнэлгээ өглөө. УИХ-ын дарга З.Энхболд хурлыг дүгнэж “Дэлхийн дахин болон бусад нутагт энх тайвныг сахин хамгаалах, маргаантай талууд хүч хэрэглэх биш, энэ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн талбарт санал солилцож, асуудлыг эв зүйгээр шийдэж байх нь чухал гэдгийг хоорондоо асуудалтай байгаа хэд хэдэн улс, орны төлөөлөгчид ярилцаж, уулзаж байгаа нь энэ арга хэмжээний ач холбогдол, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээг илэрхийлж байна. Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүний хувиар энэ хандлагыг дэмжин, идэвхтэй ажиллах болно” гэдгээ онцолсон юм.
“Монгол Улс 2012 онд энэ байгууллагад гишүүнээр элссэн. Хамгийн залуу гишүүн орны хувьд энэ намрын хурлыг амжилттай зохион байгуулсан нь цаашдаа энэ байгууллагын хүрээнд Монголчууд бид идэвхтэй үйл ажиллагаа явуулах, олон улсын орон зайд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлэх суурь тавигдлаа” хэмээн гишүүн М.Батчимэг дурдсан юм.
Ямартай ч ирэх жил болох АСЕМ-ын хурлын өмнө манай улс бэлтгэлээ базааж, олон улсаас сайн үнэлгээ авсандаа хурлыг зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна лээ.