Categories
мэдээ цаг-үе

Парисаас Киев хүртэлх дипломат аяллын эзэн Элчин сайд Я.Дашнямынх

Гэрэл зургийг Б.НАМСРАЙ

Өдгөөгөөс 30 жилийн өмнө болсон Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт хүн төрөлхтний дунд гарсан аймшигт осол гэдэг ойлголт, үүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг холоос сонсч өссөн залуус бидний хувьд энэ тухай өөрийн үзсэн харсанаа нэмэр, хачиргүйгээр ярих эрхэмтэй уулзана гэдэг олзуурхууштай явдал аж. Дээр нь одоо бараг мартагдах шахсан сахарын үйлдвэрийг барихаар Монголыг зорьж ирсэн украинчууд, гурван монгол хуцыг нутагшуулсан лаосчууд, Төв Ази, тэр дундаа Монгол судлалын эхлэлийг ЮНЕСКОд тавьсан гээд дипломат албаны түүхэн явдлын гэрч болсон Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ядмаагийн Дашням гуайнд өнжлөө.

“Найрамдал” дахь зуслангийн гэрээ замчилж хотоос хөдөлсөн бидний яриа эхэлж, Я.Дашням гуай “Дипломат хүн эх орныхоо талаар маш сайн мэдлэгтэй байхыг шаарддаг. Гадаадын нэг иргэн “Танай улсын тэр аймгийн ийм сумтай манайх шеф харилцаатай” гэхэд л тэр хүнээс илүү давж ярих хэрэг гарна. Хэдийгээр 21 аймаг 300 гаруй сумандаа очиж үзээгүй ч үзсэн юм шиг мэдлэгийг хураасан байх нь дипломат хүний үүрэг байдаг” гэх нь дипломат хүний тухай ойлголт толгойд буух аж.

Ю.Цэдэнбал даргаас Алтан гадас одон гардаж буй нь. 1980-аад он

Өдгөө 83 насыг зооглож байгаа Я.Дашням гуай алхаа гишгээ хөнгөн шингэн. Үеийн настнуудын “уламжлалт” өвчнийг барагтаа хэлдэггүй. Урин дулааны улирал болохоор зуслангийн байшиндаа байхыг чухалчилдаг гэнэ. Гэр бүлийнх нь хүн бурхан болоод олон жилийг үдсэн болохоор ганц бие хүний амьдралд нэгэнт дассан бололтой. Өрөөндөө цомхон тавилгатай, орос хэл дээрх сэтгүүл, календарь бичгийн ширээн дээр тавиастай. Цонхны тавцан дээрх хуучны жижиг магнитофон анхаарал татна. Орны толгой дээрх шкафан дэр Монгол орны газар зүйн байрлалын өнгөт зургийг жаазлан нямбайлан тавьжээ. Өмнө нь хөөрөг чулуу мэт зүйлс тавиастай байгаа нь энэ айлын хоймор, бурхан тахилын хэмжээнд шүтдэг эд зүйлс болох нь түвэггүй ойлгогдоно.

Я.Дашням гуай Сүхбаатар аймгийн уугуул. Сүхбаатар аймаг байгуулагдаагүй, Дарьгангын зургаан сум Дорнод аймгийн харьяанд байх үед Онгон таван булаг орчимд 1936 онд залуу малчин Ц.Жамьян-Осорын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг Ц.Жамьян-Осор нь түүнийг эхийн хэвлийд байхад цэрэгт мордож 1939 оны Халхголын байлдаантай золгож, 26 насандаа дайны фронтод амь үрэгдсэн юмсанж. Тэрээр аавтайгаа нэг ч удаа уулзаж үзээгүй ч эх орныхоо төлөө амиа өргөсөн түүхэн гавьяаг Халхголын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа энэ үед бахархан ярина лээ. Харин түүнийг өсгөж хүмүүжүүлсэн аав нь Ядмаа гэж хүн байж. Сүхбаатар аймгийн уугуул. Нутагтаа төрийн албанд нэг насаар зүтгэсэн эгэл даруу нэгэн байсныг хүү нь ярьж байна. Ижий Г.Алтанцэцэг нь ч нутгийн уугуул, малчин ард байж. Эднийх ах дүү дөрвүүл.

Анх Жавхлантшарга нэртэйгээр байгуулагдаж сүүлд Сүхбаатар жанжны 50 насны ойгоор нэрээ сольсон Сүхбаатар аймагт тэрээр бүрэн дунд боловсрол эзэмшин 1955 онд МУИС-д орос хэл, утга зохиолын ангид оюутан болж иржээ. Сургуулиа төгсөөд тэндээ багшаар үлдсэн гэнэ. “Хүмүүсийн ярьдгаар “крулый отличник” байгаагүй. Даруу, гэмгүй хүн болохоор их сургуульдаа багшаар авч үлдсэн юм байлгүй” хэмээн өөрийгөө дарж хариулна лээ. Муухан оюутныг сургуульд багшлуулаагүй нь гарцаагүй гэсэн бодол энэ үед төрж байсныг нуух юун.

Их сургуулийн багш шал өөр салбар луу, эх орноо гадаадад төлөөлөх дипломат алба руу “урвах” хувь тохиол 1967 онд тохиосон юм байна. Тэр үед төр засгийн бодлого сэхээтэн ангиас дипломат албыг сэлбэх чиглэл барьж байж. Орос хэлний залуу багш ЗХУ-ын олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн хүмүүсээ удирдах диломатч болгохоор оруулдаг Дипломатын дээд сургууль, одоогийн Дипломатын академийг 1967 оны намар зорьжээ. Москвад хоёр жил суралцсаны эцэст төгсч ирээд Гадаад хэргийн яаманд Ази, Африк хариуцсан хэлтсийн орлогч даргаар ажлын гараагаа эхэлж. Залуухан дипломатч нэг жилийн дараа гэхэд Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайдын хоёрдугаар нарийн бичгийн даргын томилолт өвөртлөн хөрөнгөтөн оронд хөл тавьжээ.

ЮНЕСКО-гийн XX бага хуралд оролцож буй нь

Монгол Улс социалист нийгмийн үед хөрөнгөтөн орнуудаас хамгийн анх Францад Элчин сайдын яамаа байгуулсан түүхтэй гэнэ. Тэр бол 1969 он. Зочноосоо “Ард түмэн, улс орны хөгжилд нэн тустай бодит ажлууд юу байв” гэхэд “Монгол, Франц хоёр улсын эдийн засгийн харилцааны эхлэл тавигдсан. Түүнчлэн соёлын салбарт илүү өргөн харилцаатай байлаа. Манайх дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-г давхар хариуцдаг, байнгын төлөөлөгчийн газартай байсан. Байнгын төлөөлөгчөөр Элчин сайд, орлогч төлөөлөгч нь нарийн бичгийн дарга. Тэр үед ЮНЕСКО-гоор дамжуулж Төв Азийн судлал, Хархорин, Занабазар судлал эхэлж, Политехникийн дээд сургуулийг байгуулах тоног төхөөрөмжийг ЮНЕСКО-ийн шугамаар авах, мэргэжилтнүүд бэлтгэх зэрэг олон үр дүнтэй ажлын эхлэл тавигдсан даа” гэж байв. Я.Дашням гуай Францад Элчин сайдын хоёрдугаар болон нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус, тус томилогдон нийтдээ зургаан жил ажиллажээ.

Лаос улсын ерөнхийлөгч Суфанувонг болон өөрийн гэргийн хамт

Ингээд дахин 1984 онд холын орныг зорьсон нь Лаос хэмээх улс. Энэ удаа тэрээр Лаос улсад Элчин сайдаар томилогдов. Лоас бол Монгол Улсын хувьд их сонин содон харилцаатай орон гэгддэг. Хоёр улс хоорондоо хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллажээ. Хамтарч гэхээс илүү Монголын талаас тусламж үзүүлж байсан гэвэл зохих бололтой. Лаост Монгол Улсын тусламжаар эмнэлэг барьж, тэнд анхны 20 монгол эмч ажиллаж байжээ. Харин хөдөө аж ахуйн хувьд Монголын талаас гурван хуцыг Лоаст хүргэхийн тулд дөрөв таван улс дамжин, онгоцны тусгай заалаар туухдаа хүрч байж хүргэсэн хөгтэй түүхийг эдүгээ хүмүүс ярьдаг. Я.Дашням гуай ч түүнийг баталж, Лаост монгол хонины аж ахуй байгуулж байсан түүхийг хүүрнэсэн юм. Манай талаас үзүүлсэн тусламжийн хувьд эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч, эдүгээ сайн ажилладаг ч хонины аж ахуй тийм ч бүтэлтэй байгаагүй гэнэ. Хэдийгээр ядуу буурай орон ч лаос хүмүүс хонины махыг хүнсэнд хэрэглэдэггүй. Энэ явдал нь хонины аж ахуйг хөгжүүлэхэд ахиц өгч чадаагүй бололтой. Тэртээ 30 гаруй жилийн өмнө манай улсаас тусламж авч байсан Лаос харин өнөөдөр хурдтай хөгжиж байгаа орны тоонд зүй ёсоор багтаж байгааг хүндэт дипломатч онцлон ярьж байлаа. Дипломат хүний нэг онцлог, тархинд шингэсэн зүйл нь аливаа гадны улс орны тухай сонсч, унших бүрт эх оронтойгоо харьцуулдаг явдал гэнэ. Үүний тод жишээ яах аргагүй өнөөгийн Лаос мөн аж.

Өсч төрсөн нутаг ус, ижий аавын тухай эхэлсэн бидний яриа ийнхүү хашир дипломатчийн гадаад оронд Монголоо төлөөлөн ажиллаж байх үеийн явдалд төвлөрсөн байв. Өөрийн нэгэн амьдралаа зориулсан албаныхаа тухай дурсахдаа зочин маань ихэд урамшиж байгаа нь ярианаас илт харагдана. Дуулиант Чернобылийн атомын цахилгаан станцын ослыг асуухаас өмнө хойморт байгаа хүрэн жаазтай Монгол орны газар зүйн зургийн тухай лавлалаа. Гэрт нь анх орох үед л тус зураг анхаарал татсан билээ. Тэр нь ч учиртай байж таарсан юм. Энэ тухай тэрээр “Би зуслан дээр зүгээр нэг том даргын, эсвэл бөхийн, морины зураг тавьж болох л доо. Харин надад Монгол орны байгалийн газрын зураг их утга учиртай. Түрүүн чамд хэлж байсан. Дипломат хүн эх орныхоо тухай нарийн сайн мэдлэгтэй байх ёстой гэж. Газрын зургаас Увс нуур энэ байна, Алтайн нуруу энэ. Манай аймгуудын аль нь уулархаг газрууд байна вэ гэх мэтээр энэ зургийг байнга хардаг. Өдөртөө нэг харна шүү. Боломж гарвал хөдөө явж ганц нэг аймаг үзэх санаатай. Би одоо хэдэн настай билээ, хэдэн аймаг үзээд яах ч билээ. Гэхдээ хүн тэгж болдоггүй юм байна” гэх нь нэгийг бодогдуулна. Бас тэрээр дипломат хүнд нутагрхах үзэл гэж байдаггүй. Харин эх орноо томоор, бүтнээр нь хайрлаж гадаад улс оронд ярьж явдаг нь бахархалтай гэдгийг энэ ярианы төгсгөлд хэлсэн юм.

Украинд Я.Дашням гуай 1990 онд Ерөнхий консулаар суухаар очжээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны орой болсон осол таван жилийн дараа ч халуун сэдэв хэвээр. Мөн улс төрийн нөхцөл байдал ч хурцадмал болж эхэлсэн үе байсныг тэрээр ярьж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 улсын хамгийн том нь Украин. Эх орны дайны хүнд үеүд Украиныг дайрсан. Тэнд очоод нэг жилийн дараа ЗХУ-д улс төрийн эргэлт гарч, бүрэлдэхүүн улсууд задарсан түүхтэй гэнэ. Украин ч хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо зарласнаар Монгол Улсын Ерөнхий консулын газар Элчин сайдын яам болж, Я.Дашням гуай Монгол Улсын хэргийг хамаарагч болсон байна. Социализмаас ардчилалд шилжих түүхэн үйл явц Монголд төдийгүй Украинд бүр эрчтэй эхэлж байсныг тэрээр онцолж байна.

Харин Монгол, Украин улсын хамтын ажиллагааны явцад хийсэн нэг том ажлыг Я.Дашням гуай хэлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Украин бол элсэн чихрийн орон гэгддэг. ЗХУ-ын хүн амын элсэн чихрийн хэрэглээний 60 хувийг дангаар нийлүүлдэг тийм их хүчин чадалтай орны дэмжлэгтэйгээр Монголд элсэн чихрийн үйлдвэр барихаар болжээ. Мэдээж хоёр талын удаан хугацааны яриа хэлэлцээний явцад 1992 онд туршилтын ажлыг эхлүүлсэн юм байна. Зүүнхараад элсэн чихрийн түүхий эд болох чихрийн манжинг украинчууд тариалж эхэлжээ. Тэд ихээхэн хүчин чадал гарган, техник тоног төхөөрөмжөөс эхлээд ажиллах хүчнээ Монгол руу илгээж ажлын явц ч үр дүнтэй байжээ. Элсэн чихрээр зогсохгүй чихрийн манжинг Зүүн хараагийн спирт заводод спирт болгож хүртэл үзсэн гэнэ лээ. Энэ бүхэн тухайн улс дахь Элчин сайдын яамны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энэ үед Украины ерөнхийлөгч Кравчук өөрийн биеэр Монгол Улсад айлчлан ирж байж. Түүнийг Элчин сайд Я.Дашням гуай ч дагалдан ирж, нэг онгоцоор буцаж байсан түүхтэй гэнэ. Уг үйлдвэр ашиглалтад орсонсон бол манай улсын элсэн чихрийн нийт хэрэглээний 30 хувийг хангах хүчин чадалтай үйлдвэр босох байж. Гэвч 1996 оны үед Монголын талаас зогсоожээ.

Түүнээс Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн талаар сонирхлоо. Я.Дашням гуайг Элчин сайдаар очоод байхад Чернобылийн атомын цахилгаан станцыг Украинд суугаа олон орны дипломат албаныхныг танилцуулсан удаатай гэнэ. Цахилгаан станцыг түшиглэн Перипять хэмээх том хот үүссэн байсан бөгөөд дэлбэрэлтийн дараа бүх оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ тухай тэрээр “Перипять хотыг гаднаас нь харахад яг л манай III, IV хороолол шиг есөн давхар цагаан байшингуудтай. Нэг ч хүн байхгүй. Цонх нь онгорхой, хөшиг нь дэрвэх байшингууд харагддаг байсан. Тухайн үед оршин суугчдыг нэг ч юм авахгүйгээр нүүлгэсэн гэдэг” хэмээн ярьсан. Дэлбэрэлт болсны дараа Киевт асфальтан зам, байшингийн довжоо, гаднах талбайг усалсаар байсныг дуулгаж байв. Түүнээс гадна цацраг идэвхт бодисын хорыг гадагшлуулдаг хэмээн улаан дарсны хэрэглээ ч тухайн үед ихээхэн дэлгэрсэн түүхтэй аж. Дэлбэрэлт гарсан цахилгаан станцаас 30 км радиуст дөрөв, таван метрийн өндөр хэрэм барьсан тухай тэрээр бас хүүрнэсэн. Атомын станцын удирдлагууд дэлбэрэлт болсон станцыг гадаадын дипломатуудад танилцуулсны дараахь цайллагыг тэрээр дүрслэхдээ “Бидэнд станцын дарга “Та нар радио идэвхт бодистой газар ирлээ. Үүнийг эмчлэх ганц арга үүнийг л уух” гээд орос маягийн том хундаганд архи дүүрэн хийж өгөв. Европын Элчин сайд нар хатуу архийг оросууд шиг уудаггүй. Тэр үед тэд бүгдийг ууж байхыг анх удаа харсан” хэмээн хуучилж байна. Цахилгаан станцыг тойруулж 30 км-ийн радиуст хэрэм босгосон нь япончуудын зөвлөгөө байсан төдийгүй, станц дахиж дэлбэрэхээс сэрэмжилсэн учиртай аж. Үргэлжлүүлэн тэрээр “Атомын цахилгаан станцын хор хохирлыг яаж арилгахыг тухайн үед мэддэг хүн Зөвлөлтөд байгаагүй гэсэн. Тэр битгий хэл ЗХУ-ын Улс төрийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, улсын гурван удаагийн баатар, атомын мэргэжилтэй Александоров “Ерөөсөө элсээр булаад бай” гэсэн байгаа юм. Түүний дагуу агаараас нисдэг тэрэгнээс шуудайтай элс шидээд байсан гэдэг. Гэвч дор нь химийн урвалын процесс өнөөг хүртэл явдаг. Зогсоож болдоггүй эд юм гэсэн” хэмээж байлаа. Хотын бүх хүн амыг нүүлгэхэд нэг өвгөн бууриа сахиж хоцорсон түүхийг Я.Дашням гуай бас сонирхуулсан. Дэлбэрэлт гарсны дараа төр засгийн зүгээс, мэргэжилтнүүд ч учрыг сайн ойлгоогүй, хор хохирлыг төсөөлөөгүй байснаас хэдхэн хоногийн дараа тавдугаар сарын 1-нд Майн баярын жагсаал болж Киевт олон мянган хүн уламжлал ёсоор жагсчээ. Үүнээс үүдэн цацраг идэвхт бодисын тархалт улам нэмэгдсэн гэж судлаачид үздэг. Энэ тухай Я.Дашням гуай Элчин сайд байхдаа дэлбэрэлтийн үед Украины дээд зөвлөлийн даргатай нэгэн ёслолын үеэр таарч энэ тухай асуухад “Тийм ээ. Удирдлагуудыг буруутгадаг. Тэр үед хэн мэдэж байсан юм. Хэн ч мэдэхгүй байсан шүү дээ” хэмээж байж. Бас ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, цөмийн эрчим хүч хариуцсан дэд ерөнхийлөгч нь нас барахынхаа өмнө ард түмэндээ хандаж цөмийн хор хөнөөлийг арилгах талаар тууштай юм хэлж хийж чадаагүйдаа харамсаж байгаа тухайгаа хэлсэн байдаг аж.

Тэрээр ийнхүү гадаад улсад Элчин сайд, Элчин сайдын нарийн бичгийн даргаар ажиллаад зогсохгүй эх орондоо ирж, Гадаад хэргийн яаманд Хэвлэл мэдээллийн хэлтэс, Баруун Европ, Балкан, Хойд Африкийн дөрөвдүгээр хэлтэс, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэрээр мэдлэг туршлагатай ахмад дипломатуудаар Элчин сайд Л.Тойв, Б.Жаргалсайхан, М.Дүгэрсүрэн, Л.Ринчин, Ц.Гомбосүрэн, Ж.Банзар нарыг нэрлэнэ лээ.

Хашир дипломатч ажил албаныхаа тухай ярихдаа “Дипломат хүн алсын хараатай байх ёстой гэдэг. Гадны нэг улс тийм салбарт хамтарч ажиллая гэхэд “За тэгье сайн байна” гэхгүй. Ашиг нь юу болох вэ, сөрөг тал байна уу. Цаад улсын зорилго юу вэ” гэж байнга боддог. Мэдлэгээс гадна хар ухаан бас хэрэгтэй. Мэдээж үндэсний эрх ашиг гэдэг нэг номерын зүйл” хэмээн Ю.Цэдэнбал гуай дипломат ёсоор асуудлыг шийдэж байсан сонирхолтой түүхийг ярьж өгөв.

Гэр бүлийн хамт

Я.Дашням гуайн талийгаач эхнэрийг Д.Цэрэгмаа гэдэг байж. Төв аймгийн Мөнгөнморьт сумын хүн, биологич мэргэжилтэй. Эднийх гурван хүүхэдтэй. Я.Дашням гуайгаар овоглодог бас нэг зээтэй гэж байна. Хүүхдүүд нь бүгд гадаадад сургууль төгссөн, мэргэжлээрээ гадаад дотоодын томоохон байгууллагад ажилладаг сэхээтнүүд юм байна. Зочин маань зээ Хонконгд ажиллаж амьдардаг зээ охиныхоо урилгаар байсхийгээд хил давдаг ажилтай гэнэ. Тэтгэвэрт гараад Шихихутаг дээд сургуульд хэдэн жил багшлаад гэртээ суужээ. Өөрийгөө залхуу нэгэн гэж тодорхойлж байна. Ном зохиол бичээгүй, харин сайн уншигч хэмээв. Харин тэрээр мод тарих, шатар тоглох хоббитой юм байна. Нэг үе моринд хорхойсч хэд хэдэн азарга адуутай байжээ. Одоо бол орос, франц хэл дээр ном зохиол уншиж, телевиз, сонины мэдээ харж, хааяа орчуулга хийн тайван амьдрахыг эрхэмлэх болсноо ярьсан билээ. Ярилцлагын төгсгөлд хүндэт дипломатч “Дипломат алба хүний нүдийг тайлдаг юм байна. Сайхан газруудаар явж өндөр хөгжил үзээд би мэдлэгтэй болж нүд тайлах өөр хэрэг. Харин манай улс хэдийд ийм болох бол, манайх ийм ч юм хиймээр юм байна, тийм ч юм хиймээр юм байна гэдэг бодол ер салдаггүй” хэмээн яриагаа өндөрлөсөн юм.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *