Categories
мэдээ спорт

Паралимпийн байт харвааны тэмцээн үргэлжилж байна

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны паралимпийн
XV наадам эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд
159 орны 4430 тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж
байгаа билээ. Тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар хөнгөнатлетик,
дугуй, жүдо, паурлифтинг, буудлага, усанд сэлэлт зэрэг спортын 7
төрөлд медалийн эзэд тодорсон. Манай улсаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын
жинд Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, Хорват, Индонез, Саудын Арабын ард 60-р
байрт бичигдлээ. Одоогоор 61 орон медаль хүртсэнээс БНХАУ, Их Британи, Украйн,
АНУ, Бразил эхний тавд бичигдэж байна.

Өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр байт
харвааны тэмцээн эхэллээ. Манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн
удирдлагад “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар
Д.Баатаржав дөрөв дэх, эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа оролцож
байгаа бол А.Анхбаяр анх удаа өрсөлдөж байна.

Бямба гаригт\2016.09.10\ эрэгтэй, эмэгтэй
ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваа явагдлаа.

70 метрийн Рекурв төрлийн эрэгтэйчүүдийн чансаа
тогтоох харваа болж, 33 тамирчин оролцож байгаагаас Д.Баатаржав 583 оноогоор
20, А.Анхбаяр 572 оноогоор 24 байрт жагслаа. 15 тамирчин 600-с дээш оноог авсан
бөгөөд Ираны тамирчин Р.Эбрихим 637 оноогоор Паралимпийн наадмын рекордыг
шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийд чансаагаараа дөрөвт бичигддэг тамирчин
бөгөөд энэ жил 46 настай.

Манай тамирчид хасагдах шатны эхний харваагаа
БНСУ-ын харваачидтай хийхээр болсон. Эрэгтэйчүүдийн хасагдах шатны харваа
есдүгээр сарын 13-ны өдөр болно.

70 метрийн Рекурв төрлийн эмэгтэйчүүдийн чансаа
тогтоох харваанд 32 тамирчин харваснаас Б.Оюун-Эрдэнэ 563 оноогоор 17 байрт
жагслаа. Энэ төрөлд 10 тамирчин 600-c дээш оноог авсан бөгөөд БНХАУ-ын Юү
Зинжин 637 оноогоор паралимпийн наадмын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Холимог багийн төрөлд Бразил, БНХАУ, Чех, Франц,
Их Британи, Герман, Иран, БНСУ, Польш, Монгол зэрэг 16 орон өрсөлдөнө.
Урьдчилсан харваанаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тухайн орны эрэгтэй,
эмэгтэй нэг харваач баг болон өрсөлдөх юм. Манай улсаас Д.Баатаржав,
Б.Оюун-Эрдэнэ нарын чансааны оноо 1146 болж, 11 байрт бичигдсэн.

Багийн харваанд Иран-Франц, Их Британи-Тайвань,
БНСУ-Бразил, Латви-Итали, Польш-Ирак, Монгол-Герман, Тайланд-Турк, Чех-БНХАУ
оноолт таарчээ.

Холимог багийн харваанд анх удаа өрсөлдөх гэж
байгаа манай багийн хэсэгт БНХАУ, Польш, Тайланд, Турк, Иракийн баг багтсан.
Энэ төрөлд өндөр амжилтыг үзүүлдэг Иран, БНСУ нөгөө хэсэгт багтжээ.

Багийн харваа ням гаригт\09.11\ болж, медалийн
эзэд тодорно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *