Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүний бэлтгэлийн явцтай танилцлаа. Тэрээр парад оролцогчдод “Дэлхийн орнуудын цэргүүдэд Монголын цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул. Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж та нарын гарт байна” гээд захиасаа хэлж, амжилт хүссэн юм. Тэрээр бэлтгэл сайн базаагдсан байгааг ч энэ үеэр онцолсон юм. ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 09-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан. Харин Монголын цэрэг анх удаа оролцохоор бэлтгэлээ хангаад дуусч байна. Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана. Парад алхах бүрэлдэхүүн маргааш өглөө ОХУ-ыг зорино.