Categories
мэдээ нийгэм

Параблойд хэлбэртэй чипс дэх тооцоолол буюу “Үй цай” дахь геометрийн өдөр DNN.mn

“Алтан огтлол” геометрийн анхдугаар олимпиадыг “Үй цай” сургууль, МУБИС-ийн Математикийн тэнхимтэй хамтран зохион байгууллаа.

13-14-ны өдрүүдэд VI-XI ангийн сурагчдын дунд болсон уг олимпиадад нийслэл болон орон нутгаас 130 гаруй сурагч оролцсон юм.

Уг олимпиадыг зорьж ирсэн Орхон аймгийн Билэгт-Өргөө сургуулийн багш Д.Пүрэвсүрэн:

-Зургаагаас есдүгээр ангийн 12 сурагчтай ирсэн. Манайх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас гүнзгий төрөлд нь хүүхдүүдээ оролцууллаа. Хүүхдүүд маань амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын математик боловсролын хувьд геометр нь орхигдоод байна. Геометрийн олимпиадыг сэргээн зохион байгуулж байгаа “Үй цай” сургуулийн хамт олонд талархаж байна хэмээн ярилаа.


Б.Сандагдорж: Геометр компьютер, мэдээллийн технологи судлахад түлхэц үзүүлдэг

МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн математикийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Б.Сандагдорж:

-И.Ф.Шарыгиний нэрэмжит геометрийн олон улсын олимпиад гэж болдог. “Үй цай” сургууль гүнзгийрүүлсэн сургалттай, ердийн сургалттай гэсэн хоёр төрлөөр хүүхдүүд хүч сорих боломж олголоо. Олон улсын математикийн олимпиадын зургаан бодлогын хоёр нь геометрийн бодлого байдаг. Геометр судалсан хүн математикийн бусад салбаруудаа ойлгохоос гадна компьютер, мэдээллийн технологи судлахад түлхэц үзүүлж, хүнийг зөв төлөвшүүлэхэд тус болдог.

Олимпиадын үеэр тухайн цаг мөчид богино хугацаанд хурц, зөв шийдэл гаргах нь чухал байдаг. Олимпиадад оролцох явцдаа багш, сурагчид хөгжиж байдаг гэв.

“Сант” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Ш.Одбаяр “Үй цай сургуулийн геометрийн олимпиадад оролцоод, арваннэгдүгээр ангийн гүнзгий түвшинд алтан медаль авлаа. Нэг бодлого нь нэлээд хүнд байсан ч ер нь боломжийн байсан” хэмээн дүгнэв. “Сант” сургуулийнхан уг олимпиадад олуулаа ирж, амжилттай оролцсон багийн нэг юм.


М.Өсөх-Ирээдүй: Оньсон тоглоом сонирхож цуглуулдаг

Долдугаар ангийн стандарт түвшинд алтан медаль хүртсэн “Үй цай” сургуулийн долдугаар ангийн сурагч М.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.


-Бусад сурагчтай харьцуулахад өөрийгөө ямар түвшинд байна гэж дүгнэв?

-Долдугаар ангийн бусад сурагчтай харьцуулахад миний мэдлэг дажгүй ч “Сант” сургуулийн хүүхдүүд бас их сайн байгаа нь анзаарагдсан.

-Танай сургуулийнхан геометрийн хичээлээр илтгэл тавьдаг гэсэн үү?

-“Геометр ба тооцоолохуй” судалгаат илтгэлд би оролцоод, долдугаар ангийнхнаасаа тав, зургадугаар байранд орсон. “Оньсон тоглоом” сэдвээр илтгэсэн.

-Гол дүгнэлт нь юу байв?

-Оньсон тоглоомуудад ямар геометрийн дүрс агуулагдсан, тэднийг яаж таньж мэдэх вэ гэсэн сэдвээр илтгэсэн юм. Оньсон тоглоом оюун ухаан хөгжүүлдэг. Харин хүүхдүүд бид төдийлөн сайн мэдэхгүй, дэлгэцэд анхаарал хандуулдаг учраас оньсон тоглоомоор оюун ухаанаа тэлцгээе гэж уриалсан юм.

-Бодит байдал дээр гар утсандаа их цаг зарцуулдаг уу, оньсон тоглоом сонирхдог уу?

-Оньсон тоглоом сонирхож цуглуулдаг. Хоёр, гуравдугаар ангиасаа цуглуулж эхэлсэн. Одоогоор 23-24 орчим оньсон тоглоом бий. Гэхдээ гар утсандаа багагүй цаг зарцуулдаг гэв. Тэрбээр “Мэргэжлээ хараахан сонгоогүй ч мэдээлэл технологийн чиглэлээр явна гэж бодож байгаа” гэнэ.


Д.Баяраа: Нэг үйлдлийг нөгөөгөөр солиход оюуны алжаал тайлдаг

“Үй цай” сургуулийн захирал, доктор Д.Баяраа олимпиадад оролцогч хүүхдүүд, тэдний багш, эцэг эхчүүдэд хандан ийнхүү онцолсон.

-И.Ф.Шарыгин гэж том математикч хэлэхдээ “Геометр гэж оюун ухаан. Гурвалжин нь геометрийн эд эс, тойрог буюу хүрээ нь геометрийн оюун бодол юм. Түүнийг таньж мэдсэнээр дээд түвшинд хүрч хөгжнө” гэсэн юм. Геометрийн мэдлэгээ тэлж байгаа та бүхэн гайхалтай хөгжиж байгаа гэж хэлж болох нь ээ гэв.

Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Үй Цай” сургууль яагаад геометрийн сургалтад ач холбогдол өгдөг талаар захирал, доктор Д.Баяраагаас тодрууллаа.


-Манай сургууль хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай учраас хятад хэлний сургалтын цаг бусдаасаа их. Ялангуяа бага ангид ханз түлхүү үздэг. Сургалтын практикт нэг үйлдлийг нөгөөгөөр солиход оюуны алжаалыг тайлах боломжтой гэж үздэг. Энэ үүднээс геометрийг бие даасан хичээл болгосон л доо.

Бид зурах бүтээх, харааны мэдрэхүйд суурилсан дасгал, даалгавруудыг ажиллуулдаг. Энэ нь хүүхдүүдэд суралцахуйн чадвар суулгахад дэмжлэг болдог юм. Бид ОХУ-ын бага боловсролын геометрийн дасгал, даалгаврууд, гарын авлага нэлээд ашигладаг.

Өмнөх нийгэмд геометр бие даасан хичээл байсан. Одоо ч хойд, урд хөршид үндсэн сургалтын төлөвлөгөөнд геометр бие даасан хичээл хэвээр. Геометрийн боловсрол чухал. Дүрслэн төсөөлөх чадвар хөгжүүлэхэд тустай. Дүрслэн төсөөлөх чадвар нь цахим орчин, мэдээлэл техник технологийн хөгжлийн үед энэ чиглэлийн мэргэжил эзэмших хүүхдүүдийн хувьд суурь чадвар болох учиртай. Бид сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даасан байдлыг дэмжих, эх сурвалжтай ажиллах чадварт сургах үүднээс “Би судлаач” хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Геометрийн хичээлээр хүүхдүүд жилдээ нэг судалгаа хийж, илтгэл тавьдаг гэж захирал тайлбарлав.

“Жинчин”-гээс хайсан геометр буюу параблойд хэлбэртэй чипснээс түүсэн дүгнэлт

Хүүхдүүд ийнхүү судалгаа хийх явцдаа шинэ мэдлэг бүтээж, судлаачийн замналаа эхэлдэг ажээ.

Энэ хичээлийн жилд “Геометр ба миний амьдралд” судалгаагаар “Үй цай” сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Э. Агвааннинж “Үхэр тэрэг” сэдэв сонгож авч, эцэг эх, багшийнхаа тусламжтайгаар үхэр тэрэгний дугуйнаас радиус диаметр гэдэг шинэ мэдлэг олж авлаа хэмээн илтгэж байв.

Дөрөвдүгээр ангийн сурагч С.Есүнгэ урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дамдинсүрэнгийн “Жинчин” зураг дахь тэмээн жинг дээрээс нь харж, дүрслэн төсөөлж, оюуны зураглал хийн, тэмээний бөхнөөс параблойд хэлбэрийг олж харжээ. Тэмээний ачаа тээх, усгүй явах чадварыг тооцоолж олсон хүү олон мэдлэг олж авсан юм.

Харин Үй-Цай сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч А.Хандсүрэн зах зээл дээр худалдаалж буй хоёр өөр төрлийн параблойд хэлбэртэй чипс, Сидней хотын дуурийн театрийн хэлбэрийг харьцуулж судласан байлаа. Дохио хүлээн авах, дамжуулахад ашигладаг хиймэл дагуулын антеннууд нь ч ихэвчлэн параблойд хэлбэртэй байдаг гэнэ.

Параблойд хэлбэртэй чипс үйлдвэрлэснээр жижиг зайд илүү олон чипс савлаж, тээвэрлэх, хадгалах зардлыг бууруулахад тусална хэмээн А.Хандсүрэн дүгнэжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ сурагч гадаадын математикийн багш нарын групп рүү өөрийн судалгаа, тооцооллыг илгээж, тусламж хүсэхэд түүнд дифференциал тэгшитгэлийн томъёо илгээсэн гэнэ. Их сургуульд үздэг уг тэгшитгэлийг дунд сургуулийн сурагч эрэл хайгуулынхаа дүнд бодож чаджээ.

Геометрт умбасан хоёр өдрийн дараа олон хүнээс уг олимпиадыг уламжлал болгох хүсэлт хүлээж авсан “Үй цай” сургуулийн удирдлага цаашид ч “Алтан огтлол” үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм.

Б.Ану

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *