Саяхан Пакистаны PIA (Pakistan International Airlines) компанийн 99 зорчигч, экипажийн найман гишүүнтэй нисэх онгоц Карачи хотын хүн амын суурьшлын бүсэд унаж осолджээ.
Лахор хотоос хөөрсөн онгоц Карачи хотын Жиннах олон улсын нисэх буудалд газардах гэж байсан гэнэ.
Одоо ослын газарт аврах албаны ажилтнууд ирж, хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.
Сошиал сүлжээнд онгоц унасан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэг, зурагнууд тарсан байна.
Пакистан улсын агаарын тээврийн салбарт томоохон осол үе үе гардаг, нислэгийн аюулгүй байдлын үнэлгээ муутайд тооцогддог.
2010 онд тус улсын Airblue компанийн нисэх онгоц Исламабад хотын ойролцоо осолдоход 152 хүн амь үрэгдсэн нь Пакистаны түүхэнд агаарын тээврийн хамгийн том осол болжээ.
2012 онд Bhoja Air компанийн 121 зорчигч, экипажийн зургаан гишүүнтэй Boeing 737-200 нисэх онгоц Равалпинди хотод газардах гэж байгаад осолдоход онгоцонд явсан бүх хүн амь үрэгдэж байв.
Хамгийн сүүлд 2016 онд PIA компанийн нисэх онгоц тус улсын умард бүс нутгаас Исламабадын чиглэлд нисэж явахдаа шатаж, 47 хүн амь үрэгдэж байжээ.